Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Турах хүсэл даамжрахаараа сэтгэл гутралд хүргэж, АМИА ХОРЛОХ СЭДЭЛ төрүүлэх эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 38 секунд

Арванхоёрдугаар сар хаяанд ирж, догдлол дүүрэн шинэ жил айсуй. Яг энэ л үед шинэ жилийн үдэшлэгийнхээ үеэр хүссэн даашинзаа өмсөж, өөртөө итгэлтэй, бардам алхах хүсэлтэй бүсгүйчүүд хамгийн хурдан хугацаанд, их жин хаях ид шидтэй аргын эрэлд гарч эхэлдэг. Хэрэв та анзаарсан бол сүүлийн өдрүүдэд цахим орчинд байдаг "Турах зальжин аргууд", "Турж байвал үхсэн ч яахав", "Турмаар байвал надаас асуу", "Турах амархан" гэх мэт сүржин нэртэй фэйсбүүк хуудсууд идэвхижиж "Долоо хоногт 10 кг турах, 20 хоногт 20 кг тураах" гэх мэтийн янз бүрийн өлсгөлөн дэглэмийг өөр хоорондоо санал болгож, зарим нь өндөр үнэтэй тураах бүтээгдэхүүнүүдийн талаар "Энэ хэр үр дүнтэй вэ. Хэрэглэж үзсэн хүн байна уу" хэмээн ихэд сонирхон асууж байна. Үүнийг дагаад элдвийн эмийн бүтээгдэхүүн, кофе цай, наалт мэтийн гарал үүсэл болоод чанарын баталгаагүй бүтээгдэхүүний бизнес цэцэглэнэ хөгждөг нь нууц биш.

-ТУРААХ ЭМ УУЖ, ХООЛ СОЙХ НЬ ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ-

Тиймээс бид Хүний их эмч, АУ-ы магистр Ч.Дэлгэрмаагаас тураах бүтээгдэхүүний хор хөнөөл болон турахын тулд юуг анхаарах ёстой талаар тодрууллаа.

-Шинэ жилийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд турах хүсэлтэй бүсгүйчүүдийн тоо нэмэгддэг. Та тэдэнд хандаж турахын тулд юунаас эхлэх ёстой талаар зөвлөгөө өгөөч?

-Сүүлийн үед хүн бүр л турах хүсэлтэй болсон. Тарган байх нь муу, туранхай байх нь сайн гэсэн ойлголт тэднийг турах хүсэлд автуулж байна. Зарим хүний турах хүсэл нь даамжирсаар “Анорексия” буюу эцэс төгсгөлгүй турах хүсэлд донтох сэтгэцийн эмгэг болж байгаа нь хамгийн аюултай. Таргалалттай хүмүүс юун түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Эмчид хандаж таргалалт нь ямар шалтгаан нөхцөлтэй байгааг хамгийн түрүүнд оношлуулах нь чухал. Та үнэхээр турах шаардлагатай юу, танд илүүдэл жин байгаа юу, ямар шалтгааны улмаас таргалаад байна, таргалалтанд чинь юу нөлөөлөөд байна гэдгийг юун түрүүнд ойлгож мэдэх хэрэгтэй. Наад зах нь та өглөө босох цагтаа босож, унтах ёстой цагтаа унтаж амарч чадаж байна уу, дасгал хөдөлгөөн хийж байна уу, амьдралын хэвшил чинь эрүүл, зөв байж чадаж байна уу гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Түүний дараа эмчийн заавар зөвлөгөөгөөр ямар нэгэн алхам хийж, арга хэмжээ авах нь чухал. Тэгэхгүйгээр шууд хэн нэгэн мэргэжлийн бус хүний зөвлөгөөгөөр эсвэл өөрөө дур мэдэн их хэмжээгээр ус уух, эм хэрэглэх, хүнд ачаалал өгөх дасгал хийх зэрэг нь эргээд эрсдэл дагуулах уршигтай юм. Турах хүсэлтэй хүмүүс ер нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй, санаа зовомтгой, яаж турах вэ гэсэн дарамттай байдаг. Сэтгэл эрүүл байж бие эрүүл байна шүү дээ. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч, шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрэв тухайн таргалалттай хүн өвчлөлийн улмаас хоёрдогчоор таргалж байгаа бол дэглэм бариад, ус, эм уугаад ямар ч нэмэргүй, харин ч өвчлөлийг улам хүндрүүлэх аюултай. Тиймээс таргалалттай хүмүүс эмчид хандах нь маш чухал.

-Ус уугаад л байвал турчих юм шиг боддог хүмүүс байна шүү дээ. Олон нийтийн сүлжээнд үүнийг зөвлөх нь ч их байна. Их хэмжээгээр ус уух, өглөө өлөн дээрээ хоносон ус уух зэрэг нь тураах эмчилгээ болж чадах уу?

-Турах дэглэм, арга олон нийтийн сүлжээнд маш их байна. Тухайн хүний бие организмд нийцэж үр дүнтэй байсан дэглэм бусад хүмүүст ижилхэн үйлчилнэ гэсэн үг биш. Хүн бүр харилцан адилгүй шүү дээ. Турмаар байвал усыг их хэмжээгээр уу, өлөн элгэн дээрээ ус уу гэх зэргээр маш их зөвлөсөн байгаа харагддаг. Гэтэл энэ нь нэг талаараа маш буруу ойлголт. Гэхдээ ус ууж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Биеийн шингэний хэмжээг зохистой байлгахад ус чухал боловч хэтрүүлэн хэрэглэх, буруу хэрэглэх нь олон сөрөг үр дагавартай. Ус их уух нь бөөрний үйл ажиллагааг гэмтээх, зүрхний ачааллыг ихэсгэх, ходоодны галын илчийг дарах, хямраах, шээс ихээр ялгарах, тархи хавдах зэрэг олон эрсэдлийг үүсгэдэг. Таргалалтыг бадган хүйтэн өвчин гэж үзэж болно. Бадганыг тэнцвэржүүлэхийн тулд буцалсан халуун ус уух хэрэгтэй. Хүйтэн ус бадганыг дарах чадалгүй учраас хүйтэн ус уух нь тохиромжгүй. Хүмүүс буцалсан ус аягандаа хөргөж тавьчихаад хонуулаад уудаг, бүр өлөн элгэн дээрээ уудаг. Гэтэл хоносон ус нь уламжлалт анагаах ухааны онол ёсоор хорын мөн чанартай бөгөөд өлөн элгэн дээрээ ууснаар ходоодны галын илчийг дарангуйлдаг. Тиймээс турах сонирхолтой хүмүүс хүйтэн ус уух биш буцалсан халуун бүлээн усыг уух хэрэгтэй. Ширгээсэн ус уувал бүр сайн. Зөгийн бал нь бадганыг тэгшитгэдэг учраас зөгийн балтай ус ууж болно. Мөн усныхаа хэмжээг тохируулах нь чухал. Ус уух сайн гээд өдөрт 2, 3 литр ус уух нь буруу. Хүн бүрийн ходоодны хэмжээ, биеийн байдал харилцан адилгүй учраас өөрт тохирсон хэмжээгээр уух хэрэгтэй. Мөн турахыг хүсэж буй хүмүүс хоол идэхийнхээ өмнө шингэн зүйл ууж байвал жин хасагдах давуу талтай байдаг.

-Янз бүрийн тураах эм, бэлдмэл, хоолны дуршил бууруулах эм хэрэглэж байгаа нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Таргалалт бол нэг төрлийн эмгэг. Тиймээс таргалалттай хүний ходоодны шингээлт муу байх нь тодорхой. Тийм байхад хичнээн тураах эм, бэлдмэл уугаад шингээж чадахгүй. Ходоодны галын илч сайн байж хоол хүнс, эмийг шингээнэ. Тиймээс хамгийн түрүүнд ходоодны шингээлтийг сайжруулах хэрэгтэй. Бид эмчилгээндээ энэ зарчмыг баримталдаг. Ходоодны шингээлт муутай хүн мянган сайн эм уугаад ч нэмэр болохгүй. Үе мөчний өвчтэй хүн ходоодны шингээлт муутай байвал эхлээд ходоодны шингээлтийг сайжруулах эм-чилгээ хийгээд, дараа нь үе мөчний эм өгвөл үр дүн гарна. Тураах эм, бэлдмэл ходоод, бөөрөнд нь сөргөөр нөлөөлж хавагнасан, нойргүйдэлд орсон хүмүүс манай эмнэлэгт хандаж байна. Тураах эм уухынхаа хажуугаар давхар хоол сойдог, хоолны дуршил бууруулах эм ууж байгаа нь бие организмд сөргөөр нөлөөлж, биеийн тамир тэнхээг муутгаж, олон төрлийн өвчлөлийг давхар үүсгэж байна. Тураах эм, хоолны дуршил бууруулах эм уугаад зүрх нь дэлсэх, даралт унах, ихсэх, толгой эргэх шинж тэмдэг илрээд, таталт өгсөн хүмүүс хүртэл байдаг. Тиймээс дур мэдэн тураах эм, бэлдмэл уухаасаа өмнө мэргэжлийн эмчид хандаж, эмчлүүлэх нь хамгийн зөв алхам шүү гэдгийг хэлж анхааруулмаар байна.

Ч.Дэлгэрмаа эмчтэй ярилцаж байхад "Анорексия” буюу эцэс төгсгөлгүй турах хүсэлд донтох сэтгэцийн эмгэг бүсгүйчүүдийн дунд түгээмэл ажиглагдаж байна" гэх өгүүлбэр хамгийн ихээр анхаарал татаж, айдас төрүүлсэн учраас бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулгаас турах хүслээсээ болж сэтгэлзүйн эмгэгтэй болсон бүсгүйчүүд хэр олон байдаг талаар тодруулсан юм.

Ж.ГАНТУЛГА: БАЯР ДӨХӨНГҮҮТ БОГИНО ХУГАЦААНД ИХ ЖИН ХАСАХ ОРОЛДЛОГО ХИЙХ НЬ ӨӨРТӨӨ БИЕ МАХБОДЫН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Тэрбээр, “Хооллох дурын эмгэг сүүлийн үеийн охид бүсгүйчүүд болон өсвөр насныхны дунд түгээмэл ажиглагдах болсон. Энэ нь өөрийн харагдах байдал биеийн жиндээ сэтгэл ханамжгүй байдагтай холбоотойгоор үүсдэг асуудал гэж ойлгож болно. Ийм тохиолдолд бүсгүйчүүд турах зорилгоор хоолоо сойдог. Тэсвэр алдаад иддэг. Үүндээ эмзэглэж өөрийгөө буруутгаад янз бүрийн тураах бүтээгдэхүүн, туулгах эм хэрэглэдэг. Энэ байдал даамжирсаар сэтгэл гутрал, түгшилт, айдас амиа хорлох тухай бодол төрөх гэх мэт эрсдлүүдийг араасаа дагуулах аюултай байдаг. Хүний уураг тархинд байдаг цадах төв өсөлтийн төв гэдгээр хамаагүй оролдох маш аюултай байдаг. Яагаад гэхээр хооллох дурын эмгэгтэй болсон хүн буцаад хэвийн байдалдаа очиход их хэцүү болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн таргалалттай холбоотой асуудал биш. Цаагуураа сэтгэцийн эмгэгийн тулгамдсан асуудал үүссэн байна гэсэн үг. Манай бүсгүйчүүд яаж богино хугацаанд их жин хаях вэ гээд толгойгоо гашилгаад байдаг. Энэ нь боломжгүй биш боломжтой. Гэхдээ богино хугацаанд их жин хасах оролдлого хийх нь өөртөө бие махбодын хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн юмыг хязгаарлаж турна гэдэг нь найдвартай арга биш гэж үздэг. Өнөөдөр 1-2 кг хасаж байгаа нь сайхан юм шиг боловч цаана нь эрүүл мэндээ асар ихээр хохироож байдаг гэдгээ мартаж болохгүй. Тиймээс ганцхан шинэ жилд орохын тулд энэ их эрсдлийг үүрэх бус ирэх жил гэхэд яаж эрүүл аргаар хүссэн жиндээ хүрэх вэ гэдэгтээ л төвлөрөх хэрэгтэй” гэдгийг онцлов.

Нүүрсний сонсголтой зэрэгцэж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах уу
Нүүрсний сонсголтой зэрэгцэж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.