Нүүрсний хэргээр байгуулагдсан хянан шалгах түр хороо өнөөдрөөс гэрчүүдээ дуудаж, сонсголын бэлтгэл ажилдаа орж байна. Ирэх сарын эхний долоо хоногт сонсголоо эхлүүлэхээр бэлтгэж буй Б.Энхбаяр даргатай нүүрсний түр хорооны үйл ажиллагаа олон нийтийн зүгээс хүлээлт үүсгээд удлаа.
Өнгөрсөн хугацаанд шинжээч томилохоос эхлээд нүүрсний түр хорооны улс төрийн өнцгөөр гацаах, удаашруулах гэсэн нөлөө багагүй явсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлыг түр хорооны зүгээс хэр хэмжээнд нийтэд ил болгож илчлэхтэй холбогдож, уг хэргийн цаашдын хувь заяа шийдэгдэх юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний сонсгол эхлэхтэй зэрэгцэж гишүүдийг эргүүлж татах асуудал яригдах хугацаа ойртож буй аж. Бид өмнө нь гишүүдийг эргүүлж татах асуудал чуулган дээр яригдахаар улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн талаар мэдээлж байсан талаар мэдээлж байсан. Тэгвэл улс төр талаасаа уг асуудлыг нүүрсний сонсголтой уялдуулж оруулж ирэхээр ярилцаж буй бололтой. Хэрэв нүүрстэй холбоотой гишүүдээсээ салахгүй болохгүй бол МАН-ын парламент дараагийн сонгуулиар улам л муухай харагдана. Нөгөөтээгүүр нүүрстэй холбогдож нэрс нь дурдагдсан 1970-аад онынхон эргүүлж татагдах хэмжээнд хүрэх нь дараагийн сонгуулиар нэр дэвшүүлэх үйл явцтай ч уялдах учиртай билээ. Сануулахад, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэх хуулийн заалттай. Прокурорын зүгээс өнгөрсөн зунаас хойш л Засгийн газрын тэргүүнтэй бодлоготой үйл ажиллагаа нь уялдах болсон нь ажиглагдаж буй.
Харин хэн хэн бүрэн эрхээ яриулах нь одоогоор тодорхойгүй байгаа ч Ц.Анандбазар тэргүүтэй нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан зарим гишүүд болон сүүлд хэрэг нь шүүхэд шилжсэн Б.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд байх бололтой. Учир нь өнгөрсөн жил нүүрсний жагсаал болсноос хойш УИХ-ын гишүүд тэргүүтэй улс төрд хамаарал бүхий 17 хүний нэрсийг зарласан. Үүнээс ердөө хоёрхон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл уг асуудал шийдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн бухимдал болон жагсаалын үеэр тавигдсан шаардлага бүтэн жилийн дараа гэхэд дорвитой урагшилж чадсангүй. Харин ч асуудал нь шүүх дээр очиж, удааширсан байдалтайгаар олон нийтийн хүлээлтийг талаар болгосон нөхцөл байдал үргэлжилсээр байна.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурорын байгууллагаас хэрвээ гишүүдийг эргүүлж татах асуудлыг оруулж ирвэл гишүүдийн нэрсийг нэг дор оруулж ирнэ. Учир нь ирэх жилийн сонгуулиас өмнө эргүүлэн татах асуудлыг олон удаа ярих боломжгүй. Гишүүдийг эргүүлж татах асуудлыг олон удаа хэлэлцвэл нэгдүгээрт, парламент дотроос Засгийн газарт хандах хандлага илтэд өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, сонгууль болох гэж байхад олон удаа парламент дээр хулгай, хээл хахууль яривал эрх баригчдад л муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс ирэх сардаа багтаж нүүрсний хулгай тэргүүтэй, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг эргүүлж татах асуудал саарал ордонд өрнөх хүлээлт үүслээ.