Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн, Баян-Улаан тосгоны ойролцоо өнгөрсөн 5 сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхсэн тухай мэдээлэл хүлээн авчээ.
Уг мэдээллийн дагуу судлаачид очиж, тосгоны төлөөллийн хамтаар судалгаа хийх явцад нийт 15 өвөгт тогоруу, 1 хондон ангир үхсэн байсан аж. Мөн тэднийг ажилласнаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийжээ.
Үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад бромадиолин хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрсэн байна.
Энэ талаар тус төвийн зүгээс:
"Үхсэн амьтдаас 4 тогорууны хошуу хэсэгт хоол боловсруулалтын замын цус алдалтын улмаас цус хуралдсан байсан . Мөн зарим тогорууны дээжийг авч Улсын мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд шувууны томуугийн вирус биш нь батлагдсан. Гэвч шинжилгээний бусад дүнгээс үзэхэд тогорууны элэг, дэлүү болон бөөрний эдүүдээс мэрэгч амьтдыг устгахад ашиглагддаг бромадиолин гэх химийн бодис илэрсэн. Бромадиолин гэдэг нь ургац, бэлчээр, агуулахуудыг мэрэгч амьтдаас хамгаалах зорилготойгоор монголд их хэмжээгээр ашиглагддаг цус бүлэгнүүлэгч химийн бодисыг хэлдэг." гэсэн юм.
Энэ жил улсын төсөвт ихээхэн хэмжээний төгрөг бэлчээр хамгаалах нэрийн дор мэрэгч амьтдыг устгах хоронд төсөвлөсөн байна. Бромадиолин нь буруу хэрэглэсэн тохиолдолд ямарч бүлээн цуст амьтдыг үхэлд хүргэх эрсдэлтэй аж.
Тиймээс энэ бол байгаль экологийн маш том аюул тул БОАЖЯ болон ХХААХҮЯ энэ асуудлыг анхааралдаа аван зохих шугамаар асуудлыг шийдвэрлэхийг Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид анхаарууллаа.