Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Нийслэл хотод тулгамдсан хамгийн том асуудал нь замын түгжрэл, агаарын бохирдол биш НҮХЭН ЖОРЛОН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 58 секунд

"Нүхэн жорлон аюулын харанга дэлдэж байна" гэх утгатай үгсийг холбогдох албаныхан амны уншлага болгож, олон янзын гарц шийдэл ярьдаг ч амьдрал дээр биелэлийг эс олсоор олон жилийг үдсэн. Энэ хугацаанд нийслэл хотын гэр хороолол өдөр хоногоор өргөжин тэлж, нүхэн жорлонгийн тоо өсөн нэмэгдсээр байна.

/Доорх зураг дээр зөвхөн нэг дүүргийн модон жорлонгын байршлыг ногоон өнгөөр тэмдэглэсэн байна/

Өнөөдрийн байдлаар, нийслэл Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон байна гэх тооцоо судалгааг холбогдох албаныхан гаргасан. Үүнтэй зэрэгцээд, нүхэн жорлонгууд бидний ундны усыг бохирдуулж байгаа гэх мэдээлэл ч цацагдаж эхлэв.

SOS: "УУДАГ УС ЧИНЬ ӨТГӨН, ШИНГЭНТЭЙ ХОЛИЛДООД ХОДООД РУУ ТАНЬ ОРЖ БАЙНА"

Тодруулж хэлбэл, Усны газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, нэг худгийг тойроод 40 нүхэн жорлон байгаа нь бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг ундны ус бохирдох эх үүсвэр болж байгааг онцлов.

Товчхондоо бол уудаг ус чинь өтгөн, шингэнтэй холилдоод ходоод руу тань орж байна шүү гээд хэлчихсэн гэсэн үг. Харамсалтай нь энэ үгэнд эмзэглэж, цочирдож хүлээж авсан хүн байсангүй. Хэвлэлийн хуудаснаа цагаан дээр хараар бичигдээд л үлдэв.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: Нийслэлчүүд нүхэн жорлондоо БАЯРТАЙ гэж хэлэх бодит шийдэл байна уу?

Мэдээлэл хийсэн Усны газрын дарга З.Батбаяраас гарц шийдэл бий эсэхийг тодруулахад, "Нийслэл хотод тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь замын түгжрэл, агаарын бохирдол биш. Нүхэн жорлон. Өөрөөр хэлбэл, зам тавихаас илүү цэвэр, бохир усны шугамаар хангах тал дээр онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Хамгийн энгийн ганцхан жишээг дурьдахад, нийслэл хот 600 мянган автомашинтай, 680 мянган нүхэн жорлонтой. Машинаасаа олон нүхэн жорлонтой хотод хүн эрүүл байх боломж байхгүй. Тиймээс нүхэн жорлонтой бидитоор тэмцэх хэрэгтэй. Эхний ээлжид зуслангын бүсэд байдаг зөвхөн зуны цагт ашигладаг жорлонгуудыг нэгдсэн байдлаар нурааж, яаралтай шийдэх ёстой. Хоёрдугаарт ААН, байгууллагуудын мэдэлд байдаг нүхэн жорлонгуудыг өөрсдөөр нь буулгуулж, стандартын шаардлагад нийцсэн жорлон барихыг шаардах ёстой. Гуравдугаарт, 10 айл дундаа стандартын шаардлагад нийцсэн нэг жорлонтой байхаар шийдэж, бохирыг нь соруулдаг байхаар зохицуулах шийдэл байж болно. Засгийн газар болон иргэд нүхэн жорлонг шийдэх чиглэлд хамтран ажиллах шаардлагатай" хэмээлээ.

Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонд өдөрт 90 тн, сард 2700 тн, жилд 32871 тн өтгөн хуримлагддаг

"Машинаасаа олон нүхэн жорлонтой хотод хүн эрүүл байх боломж байхгүй"

Нүхэн жорлон бидний эрүүл мэндэд ямар хор хохирол учруулдаг талаар Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэхдээ, "Айл өрхийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байгаа нь хөрсний бохирдол үүсгэж, гэдэсний өвчлөлийг нэмэгдүүлдэг" гэжээ.

Гэдэсний өвчлөл гэхээр манайхан өнгөц бодоод өнгөрдөг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 1.7 сая хүн усны бохирдол, ариун цэвэр эрүүл ахуйн асуудалтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. Үүний арван хүн тутмын ес нь хүүхэд байгааг анхааруулсаар байгаа.

Нийслэлийн гэр хорооллын 680 мянган энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчдэг байна. Тодруулж хэлбэл, Монгол Улсад өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаль орчин, хөрсөнд ил задгай хаягдаж байна. Агаарын бохирдлоос илүү ус, хөрсний бохирдол үндэсний хэмжээний гамшиг болсныг дээрх тоо баримт харуулж байгааг БОАЖ-ын сайд мэдэгдсэн. Улаанбаатарын хөрсний 90 орчим хувь нь нянгийн бохирдолтой. Энэ нь олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог байна.

Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонд нийт өдөрт 90 тн, сард 2700 тн, жилд 32871 тн өтгөн хуримлагддаг байна. Хүний өтгөн ялгадсанд 10 сая вирус, 1 сая бактер, 1000 паразит, 100 паразитын өндөг, агуулагдаж байдаг. Хүний шээсний 75-90 хувь азотын нэгдэл байдаг Шээс хөрсөнд шингэснээр аммони болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч орчныг бохирдуулдаг байна. Энэ их бохирдол агаарт дэгдэж бид түүгээр амьсгалсаар байгаа нь маргах аргагүй үнэн юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Монгол Улсын 2030 оны тогвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд ямар ч нүхэн жорлонгүй байна гэж тусгасан. Нүхэн жорлонгийн асуудлыг бүрэн шийдэхэд 3.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ын тэргүүн Д.Басандорж танилцуулжээ.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Хүмүүс ажлыг минь хүндэтгээд БАЯРЛАЛАА гэж хэлэхээр илүү их урам авдаг
ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Хүмүүс ажлыг минь хүндэтгээд БАЯРЛАЛАА гэж хэлэхээр илүү их урам авдаг
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.