Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 23-р зүйл: Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй
Ubn.mn сайт энэ удаагийн эерэг сурвалжилгаараа ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, ажилдаа хайртай, өөрийн мэргэжилдээ эзэн болсон СХДЭМТ-ийн үйлчилгээний ажилтан С.Саранцэцэгийг онцоллоо. Хүн бүр л ажил хөдөлмөр эрхэлж, ажлаа чөлөөтэй сонгох эрхтэй. Тиймдээ ч энэ эрхээ эдэлж буй түүний хувьд үйлчилгээний ажлыг хэцүү хэмээн хойш суухгүй харин ч урагш тэмүүлж буй олон мянган хүний нэгээхэн төлөөлөл аж. Түүний хувьд хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд өнгөрсөн жил ипотекийн зээлээр байр авч, энэ жил цалингийн зээл аван байраа тохижуулсан хэмээн инээд алдан ярина.
СХД-ийн ЭМТ,
С.Саранцэцэг гэх энэ бүсгүй СХД-ийн ЭМТ-д хоёр дахь жилдээ ажиллаж буй. Тэр дундаа үүдний хэсэгт үйлчлэгчээр ажилладаг байна. Орсон гарсан хүн бүрд аядуу зөөлнөөр "Улавчаа өмсөөрэй, хальтирваа" хэмээн санаа тавина. Гэвч зарим хүмүүс түүний угаасан шалан дээр хөлөө арчихгүй хэнэг ч үгүй, уучлалт ч гуйлгүй алхах нь их.
Энэ болгон нь түүнийг гомдоодог, гэхдээ хүмүүст уурлаж, аашлаад байдаггүй юм гэж бидэн ярьсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн,
Гар тасрах шахам болоод гэртээ очиход хүү минь гарыг маань тосолж өгдөг
"Эгч нь урьд нь “Ирээдүй цогцолбор” сургуульд 10 гаруй жил үйлчилгээний ажилтан хийсэн. Олон түмэндээ хүндлэгдсэн сайхан ажил гэж боддог. Хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Хүү минь намайг их хүндэлнэ. Орой очихоор миний 2 гар тасрангаа алдаад л очдог. Тэгэхээр хүү маань "Миний ээж хүнд ажил хийж байгаа" гээд гарыг минь тосолж, гар барьж өгдөг. Тиймээс би хүүдээ маш их баярладаг. Миний хүү чинь ээжийнхээ сайн тогооч, ээжийнхээ сайн бариач. Би хүүдээ ёстой их хайртай.
Би бол яг л амьдралын төлөө л тэмцээд явж байгаа. Олон хүний жишгээр л явж байна. Цалин багатай ч гэсэн би өнөөдөр ипотекийн зээлтэй, цалингийн зээлтэй. Шалаа угаагаад давгүй л явж байна. "Хүн ажлыг голдоггүй. Ажил хүнийг голдог" гэж яг үнэн үг шүү дээ. Тийм болохоор бусад хүмүүс ч гэсэн ажлаа сайн хийцгээгээрэй. Ер нь хүн өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ л сайн байвал сайхан л амьдарна. Ямар ч ажил хийсэн сайхан л амьдарна гэж боддог шүү дээ би" гэсэн юм.
Үнэхээр хүн ажлыг голдоггүй харин ажилдаа гологдоно л гэж байдаг. Тиймдээ ч ажилдаа хайртай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнийг амьдрал шагнадаг байж ч болох. С.Саранцэцэг бүсгүйн хувьд хэцүү ажил хийсэн гээд муудсан зүйлгүй явна гэдэг үгийг ч бидэнд ярьсан юм. Үүнээс нь харахад түүнийг ажилдаа ямар их сэтгэл гаргаж, үнэнчээр ажилладаг вэ гэдгийг нь харж болохоор.
Угаасан шалан дээр маань гутлаа арчихгүй гишгэхээр НУРУУН ДЭЭР ГИШГЭЖ БАЙГААТАЙ Л АДИЛ санагддаг
Тэрбээр, "Зарим нэг нь намайг ааш муутай л гэдэг. Би хүн загнадаггүй шүү дээ. Угаасан шалан дээр хүн гутлаа арчихгүй гишгэхээр "НУРУУН ДЭЭР ГИШГЭЖ БАЙГААТАЙ Л АДИЛ" санагддаг. Уг нь улавчаа өмсөөд бие биедээ хүндэтгэлтэй хандвал бас гоё л ажил. Бас би ажлаараа бахархдаг шүү дээ. Хүмүүсийн төлөө, олон түмний төлөө цэвэрхэн орчин бүрдүүлээд ажиллаж байхдаа ямагт сэтгэл өндөр байдаг. Би бас нэг оффист давхар ажил хийдэг. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шиг цэвэрлэгээний ажил, үйлчилгээний ажил хийгээд муу явсангүй.
Өнгөрсөн жил би ипотекийн зээлээр байранд орсон. Энэ жил цалингийн зээл аваад бас гэрээ тохижуулсан. Шал угаагаад хүн муу амьдардаг гэвэл үгүй. Энэ бол худлаа. Би бол сайн сайхан л явж байна гэж өөрийгөө боддог. Ажилдаа дуртай" гэв.
Энэ өдөр түүний хувьд маш гэнэтийн сайхан зүйл тохиолджээ. Учир нь түүнд “БАЯРЛАЛАА. НИЙТИЙН 00-Г МАШ САЙХАН ЦЭВЭРЛЭДЭГТ БАЯРЛАЛАА. ҮЙЛЧЛЭГЧ САРАНЦЭЦЭГ ТАНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ” хэмээн бичсэн талархал ирсэн аж. Тиймдээ ч С.Саранцэцэг эгч өнөөдөр хамгаас их баяр баясалтай байсан байх. Энэхүү талархлыг хэн бичсэнийг үл мэдэх ч хамгаас их баяр жаргалыг түүнд өгсөн гэлтэй. Учир нь тэрбээр энэхүү талархлын хариуг биднээр дамжуулан уламжилсан юм.
"Миний ажлыг олон түмэн үнэлдэг юм байна. Бас их баярлаж байна. Хүмүүсийг намайг хүндлээд сайхан харьцаасай гэж боддог. Зарим нэг хүмүүс маш их загнадаг. Тэгэхээр нь гомдоод байдаг юм.
Зарим нэг хүмүүс баярлалаа, хэцүү ажил шүү гэхээр нь баярлаад тэрүүхэндээ урам аваад байдаг шүү дээ. Өвлийн шавхай маш хэцүү. Хүмүүсийг өвөл улавчаа сайн өмсөөрэй гэж гуймаар байна. Миний ажлыг жаахан ч гэсэн хүндлээрэй л гэж гуймаар байна. Би хүмүүст уурладаггүй юм. Эгч нь энд шал угааж байна. Улавчаа өмсөнө үү яана уу өөрсдөө л мэд гээд явуулчихдаг.
Мөн эгчийнх нь бодож явдаг зүйл бол Монгол Улсын хөгжил хогноос л эхэлнэ гэж боддог. Хогоо битгий хая, гудамжинд нус цэрээ битгий хая, цаасаа кармаандаа хийчих. Ер нь л хогоо цүнхлээд л аваад явж бай гэж хэлмээр байна. Хүн болгон дор бүрнээ соёлтой, хүнтэй эелдэг харьцдаг, ер нь л их эелдэг л байвал бүх зүйл эерэг сайхан байна гэсэн үг. Бүх юм сөрөг л байвал сөрөг л байна гэсэн үг. Тийм болохоор эелдэг л харьцаад эерэг сайхан амьдраад явбал хэн ч амжилтад хүрнэ. Хүн ер нь ажлыг ерөөсөө голохгүй, ажил л хүнийг голно гэж боддог" хэмээлээ.
Ийнхүү бид хэсэг хором ярилцаж, түүний ажлын нэг өдөртэй танилцсан нь энэ. Үнэхээр л тэрбээр ажлаа хүнд хэцүү гэж голдоггүй, өөрийнхөө сонгосон замаа гэрэлтүүлж яваа нь энэ аж. Бас бахархал ч төрж байв. Ийм ч учраас хүн бүхэн ажил хөдөлмөрөө зөв сонгож, тууштай ажиллаж бас түүнийхээ үр шимийг хүртэх нь та бидэнд олгогдсон хамгийн чухал эрх юм.