Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогту: Монгол бичгийг хориглосон нь Монгол улс 2025 оноос эхэлж төрийн бичгээ босоо бичиг болгох шийдвэр гаргасантай холбоотой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 12 секунд

Өнгөрсөн сард БНХАУ-ын Засгийн газар энэ намрын хичээлийн жилээс эхлэн хамгийн олон монголчууд амьдардаг ӨМӨЗО-ны Тунляао хотын сургуулиудад монгол хэлээр ордог хичээлүүдийг багасгаж, хятад хэл голлосон сурган хүмүүжүүлэх системийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл уг бодлогыг эсэргүүцсэн жагсаал Тунляао хотод болж, мөн цахимаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнөж байгаа юм. Уг гарын үсэг цуглуулах уриалгыг гаргасан Япон улсын Шизүока Их Сургуулийн Угсаатан Зүй, Нийгмийн Ухааны Тэнхимийн багш, профессор, зохиолч Огнуус овогтой Цогтутай хөдөлгөөний үйл явцын талаар ярилцлаа. 


Хамгийн олон монголчууд амьдардаг ӨМӨЗО-ы Тунляао хотын газрын зураг.

-Хятадад монголоор хичээл заахыг хориглосон нь 2025 онд Монголын төрийн бичиг босоо монгол болохтой холбоотой-

-Одоогоор Өвөрмонголд нөхцөл байдал хэр байгаа вэ? БНХАУ-ын Засгийн газраас явуулж буй “Хос хэлний сурган хүмүүжил” бодлогын эсрэг хөдөлгөөнүүд хэр хүчтэй өрнөж байна? 

-Тэмцлийн хөдөлгөөн дотооддоо нэлээн хэсгийг хамран үргэлжилж байна. Би цахимаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг эхлүүлээд явж байна. Ордос, Шилийн гол зэрэг хэд хэдэн аймгаас иргэд гарын үсгээ цуглуулж засгийн газарт хүргүүлсэн олон хөдөлгөөнүүд өрнөж байгаа. Энэ жилийн 9-р сараас эхэлж нэрэн дээрээ бол хос хэлээр сурган хүмүүжил хийнэ гэсэн ийм нэгэн төрийн бодлого байгаа боловч үнэндээ хятад хэлээ гол болгож бага багаар монгол хэлийг хэрэглэхийг зогсооно гэсэн төрийн бодлого юм.

Яагаад ийм бодлого хэрэгжих болсон нь Монгол улсын (ар Монгол) байдалтай их холбоотой. Манай Монгол улс 2025 оноос эхэлж төрийн бичгээ хуучин босоо монгол бичиг болгох шийдвэр гаргасан.  Энэ нь ар, өвөр монголчууд хоорондоо үсэг бичиг, хэл ярихуйгаараа сайн нэвтрэлцэх боломжийг бүрдүүлж байна гэдгийг хятад хүн сайн мэднэ. Тэдний хувьд хоёр монгол хүн хэл нэвтрэхгүй байх нь сэтгэлгээний хувьд нэгдэж чадахгүй  байх сайн талтай. 

-Цахимаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөн хэр түвшинд явж байна. Зорилгын биелэлт хэдэн хувьтай байна вэ?

-Цахимаар гарын үсэг зурах хөдөлгөөнд 3,400 гаруй хүн нэгдсэн байна. Үүнээс нэгэн сонирхол татсан зүйл нь манай ар монголчуудаас маш олон хүн гарын үсэг зурсан байна. Тэд нийт гарын үсэг зурсан хүмүүсийн гуравны нэгийг эзэлж байгаад маш их баярлаж байна. Өвөрмонголд байгаа монголчуудаас 10,000 хэртэй хүн гарын үсгээ зуржээ. Мөн Япон, АНУ, Герман, ОХУ-аас дэмжиж буй маш олон хүн байна.

-Цахимаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөн санаачилсны дараа миний Ордост байгаа хамаатан садныг судалж олоод дарамталсан-

- Таны санаачилсан хөдөлгөөнд манай засгийн газрын зүгээс хэр дэмжлэг үзүүлж байна вэ? Уриалгыг нааштай хүлээж авч дэмжихээ илэрхийлсэн үү?

-Одоохондоо хэл өгөөгүй байна. Би хөдөлгөөнийхөө талаар танай Соёлын яамны шинэ сайд С.Чулуун гуай болон хэдэн сайд руу бичиг явуулсан боловч шууд дэмжье гэсэн мэдэгдэл ирээгүй л байна. 

-Саяхан цахимаар гарын үсэг цуглуулах уриалгыг дэмжиж, Facebook дээр шейр хийсэн хүмүүсийн пост автоматаар устсан гэсэн мэдээлэл тарсан. Үүнийг зарим хүмүүс БНХАУ-ын явуулж байгаа арга хэмжээ гэж хардаж байсан. Үүнийг та юу гэж харж байна?

-Тийм. Сүүлийн хоёр, гурван хоног яг ийм асуудал үүсээд байна. Үүний талаар бид судлаад үзтэл Хятадын талаас маш олон хүн бидний явуулж байгаа цахим гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг хууль бус зүйл хийж байна хэмээн Facebook-рүү гомдол гаргасан байсан. Улмаар Facebook-ийн удирдлагуудаас ийм арга хэмжээ авсан юм билээ. Тэгээд манайх шинээр бүртгэл үүсгэж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. 

Мөн гарын үсэг цуглуулах хөдөлгөөн гарсны дараа Хятадын цагдаагийн газар, тагнуулын газраас миний Ордост амьдарч байгаа хамаатан садныг судалж олоод дарамталсан хэрэг гарсан. Бас Японд амьдарч байгаа хөдөлгөөнд нэгдсэн өвөрмонголчуудын ар гэрийнхэн рүү нь цагдаа нар очиж шалгаж дарамталсан асуудал үүсээд байна. Биднийг ийм зүйл хийж болохгүй гэсэн дарамт их ирж байна. 

-ЗХУ, Хятад хоёрын шахалтаар хоёр Монголын бичиг, үсэг өөр болж, бодол сэтгэхүйд зөрөө гарсан-

- Тунляао хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүсийг цагдаа нар барьж хорьсон гэсэн энэ үнэн үү?

-Миний мэдэхээр Тунляаод 3000 орчим хүн жагсаалд оролцсон байсан. Тэдний 300 орчмыг барьсан мэдээ байсан.

- “Хос хэлний сурган хүмүүжил” бодлого хэзээнээс эхлэв. Энэ бодлогын эсрэг хөдөлгөөн өрнөлүүхээс аргагүй болтол эрчээ авахад юу нөлөөлөв?  

-Хос хэлний сурган хүмүүжил гэдэг үг бол XX зууны эхний үеэс гарсан. Харин төрийн бодлого, систем болсон нь 10 жилийн өмнөөс эхэлсэн. Сүүлийн гурван жилээс буюу Ши Жин Пиний удирдлагын үеэс болон ар монголчуудын аж ахуй сайжраад, хоёр монголчуудын хамтын харилцаа батжаад  ирэхийн хэрээр энэ бодлого чангарч эхлээд байна.

- Өвөр монголын хувьд 1940-1952 онд крилл үсгээр, 1960,70-аад оноос эхлээд босоо монгол бичгээр бичих болсон. Одоо хятад үсгээр бичдэг болоход тулж ирээд байна. Энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямар зорилготой бодлого явж байгаа гэж та харж байна вэ?

-Түүхэн дээрээ ийм байсан. 1945 онд Х.Чойбалсан тэргүүтэй Зөвлөлт, Монголын цэргүүд өвөр монголчуудыг Хятадын дарлалаас чөлөөлсний дараа хоёр Монгол нэг улс болохыг зорьсон боловч бүтээгүй. Үүний дараагаар 1957 он хүртэл ар Монголоос Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, өвөр Монголоос н.Улаанхүү нар “Монголчууд хоёр улс болсон ч хэл, соёл, түүх, шашны талаар нэгдэнэ” гэсэн бодлоготой байсан. Ингээд өвөр Монголд крилл үсгийг хэрэглэж эхэлсэн юм.  Жишээлбэл миний ээж, аав крилл үсгээр уншиж, бичиж байсан. 

Улмаар тэр оноос эхлээд Хятад улс болон ЗХУ-ын хооронд зөрчил гарахад Хятадын талаас Өвөрмонголд крилл үсгээр зааж болохгүй гэсэн шийдвэр гарч, ЗХУ талаас ар Монголд хуучин монгол бичгийг хэрэглэхийг зогсоож, крилл үсгээр төрийн бичгийг хөтлүүлэх болсон. Ингээд хоёр Монголын үсэг, бичиг өөр болсон түүхтэй. Үүний уршгаар монголчуудын бодол сэтгэхгүйд зөрөө гарсан.

Энэ бол манай монголчуудын нэгдлийг эсэргүүцэж явуулсан хоёр том гүрний бодлого юм. Яагаад Хятад, Орос хүмүүс манай хоёр Монголын нэгдэлд дургүй байдаг нь миний бодлоор манай түүхтэй их холбоотой. Манай монгол хэл бол Евроазийн түүхэнд өндөр цуутай хэл. Эзэн Чингисийн сүр хүчин дор монгол хэлний хэрэглээ маш өндөр болсон.  Монгол хүн хаа ч явсан харийн хүмүүс хүндэтгэж, биширнэ, хаана ч явсан эх хэлээрээ хүнтэй хэл нэвтэрдэг байсан.

Энэ түүх үргэлжилсээр XIX зууны сүүлч хүртэл манай монгол хэл Евроазийн ордны хэл, төр гүрний хэл, дипломат хэл болж сүр хүчээ авсан юм. Жишээлбэл, Манж хүн Иран, Туркд явж байлаа гэж бодоход тэдний ойлголцдог хэлний нэг нь  монгол хэл байсан. Тухайн үеийн дипломат хүн заавал монгол хэл мэддэг байх ёстой байв. Харин одоо үед хятад хэл, англи хэл, франц хэл хүчирхэгжиж, бидний түүхэн хүндэтгэлтэй хэл устах аюул нүүрлээд байна. Ийм түүхийн эргэлтээс ийм төрийн бодлого үүсэж байна гэж би ойлгож байна.

-1980-аад онд босоо монгол бичгээр компьютерийн софт программ зохиож байсан-

-Ар Монголд 2025 оноос төрийн бичгээ босоо бичиг болгоно гэсэн шийдвэр гарсны дараа босоо бичгээр математик, хими зэрэг томьёо хэрэглэдэг шинжлэх ухааны ном сурах бичгийг бүтээхэд их хүндрэлтэй гэсэн шалтгаанаар эсэргүүцсэн хүмүүс байсан. Энэ хүмүүст хандаж та юу  хэлэх вэ?

-Энэ бол буруу бодол гэж манай монголчуудад дамжуулж хэлээрэй. Өвөр Монголын сургуулийн багш нар 1980-аад оны эхэн үеэс эхлээд босоо монголоор компьютерийн софт программ зохиож байсан. Энэ нь тухайн үеийн Хятадын компьютерийн мэргэжлээс түрүүнд явсан түүхтэй. Тэгэхээр эрдэм шинжилгээний ажлыг хийхэд үсэг, бичиг холбоо байхгүй. Жүүд, Араб хүний хийсэн толь бичигт Жүүд, Араб үсгийг л ашиглаж байна. Арабууд эрдэм шинжилгээний ажилдаа араб хэлээ ашигласнаар дэлхий нийтээс энэ салбараараа хоцорч байна гэсэн асуудал байхгүй. Өвөр монголчууд босоо монголоор сурган хүмүүжүүлэх ажлаа хийгээд ирсэн тэглээ гээд тэнэг болсон хүн нэг ч байхгүй шүү дээ (инээв). 

-Ар монголчууд цахимаар гарын үсэг цуглуулах хөдөлгөөнд оролцохоос өөрөөр яаж дэмжих вэ?

 -Би маш их хэмжээний тусламж хүлээж байна, гуйж байна. Монгол хэл бол зөвхөн өвөрмонголчуудын хэл биш. Дэлхий дээрх монголчуудын маш арвин түүх соёлын дурсгалууд босоо монгол бичгээр бичигдэж ирсэн. Хэрвээ босоо монгол бичгээ алдвал манай бүх монголчууд маш их сүр хүчээ алдана. Тийм учраас манай Монголчууд биднийг боловсрол, соёл, түүх, бодлогын зэрэг бүх талаас дэмжихийг би хүсэж байна.

-Энэ тэмцлийн үр дүнг та ямар байна гэж таамаглаж байна вэ? Зорьсон үр дүнд хүрч чадах болов уу?

-Болох байх аа(инээв). Цахимаар гарын үсэг зуруулах хөдөлгөөнийг 8 дугаар сарын 10-ны өдөр дууссаны дараа гарын үсгээ зурсан бүх хүмүүсийн нэр, хаяг, утасны дугаарыг нууцлан дэлхийн хэдэн орны, ямар үндэстнүүд нэгдэж дэмжсэн болохыг тодорхой дүн шинжилгээ хийн гаргаад Хятадын Соёлын яам, ЮНЕСКО, Япон дахь Хятадын элчин сайдын яамруу илгээх бичигтээ хавсарган мэдээллэх бодолтой байгаа. Би энэ хөдөлгөөн эхлэхийн өмнө зориггүй байсан. Харин эхэлчихээд явж байхад  гурван сая монголчуудынхаа дэмжлэгийг аваад маш их баярласан. Хүмүүс ингэж хэлдэг байхгүй юу “Танай тэр хоёр Монгол салаад олон жил болчихсон нэг нэгнийгээ ойлгохгүй, муу хэлдэг байхаа” гэдэг. Би хариуд нь “Монгол хүн хэчнээн салсан ч нүүдлийн амьдралтай учир энгийн үед ч биесээсээ хол удаан суудаг. Тийм болохоор хэчнээн уулзахгүй удсан ч уулзахаараа сэтгэл нэг байдаг. Нэг нь нэгийгээ муулж байх нь бий ч чухал цагт нэгдэж чаддаг гэдгийг та нар мэдэхгүй байна” гэж хэлдэг. Ийм болохоор энэ ажил дорвитой үргэлжлэн хийсээр байвал сайхнаар шийдэгдэнэ гэж итгэж байна. 

Цахим гарын үсэг цуглуулж эх хэлээ хамгаалах үйлсэд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Та бүхэн О.Цогтын гарын үсэг цуглуулах хөдөлгөөнд энд дарж нэгдээрэй.

Л.Дэлгэрмаа

 

 

"Урт цагаан" төв 7 давхар цогцолбор болно
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.