МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн гишүүд танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, байгаль орчин, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга О.Номинчимэг “Нийслэлийн удирдлага шинэ бүтцээрээ ажиллаад сар гаруй хугацаа болж байна. Бид Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц бодлогыг боловсруулахаар ажиллаж байна. Нэн түрүүнд дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Нэн түрүүнд гэр хорооллыг орон сууцжуулах шаардлагатай гэж үзлээ. Энэ хүрээнд бид хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хуулийг батлавал хоёр асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Нэгдүгээрт, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлснээр хөрс, агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх юм. Эхний ээлжид 20 мянган айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хоёрдугаарт, тоосонцрын ихэнх нь буюу азотын давхар исэл, PM 10 нь авто машины утаанаас ялгарснаар агаарын бохирдлын багагүй хувийг эзэлж байна. Үүнд, насжилт ихтэй автомашин шүүлтүүр бага, евро стандартын түлш хэрэглэхгүй байгаатай холбоотой. Тиймээс явах хурдыг нэмснээр автомашинаас гарч буй агаарын бохирдлыг 17 хувиар бууруулна гэсэн тооцоо, дүгнэлтийг гаргасан. Иймд нийтийн тээврийг сайжруулах, автозамын хурдыг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох талаар хуулийн төсөлд тусгасан” гэв.