Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу шалтгаан тодорхойгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод буй. Тодруулбал,
ЗХЖШ-аас “Талийгаач нь орой унтах командаар хэвийн унтсан ч өглөө 06:20 цагийн үед босох командаар босоогүй. Улмаар жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, эхний байдлаар шалгахад нас барсан нь тогтоогдсон” гэх тайлбарыг өгсөн.
Энэ явдал мэдээж анхных биш. Сүүлийн жилүүдэд цэргүүд алба хаах явцдаа амиа алдсан тохиолдол нь “статистик”-ийн хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Жишээлбэл, өнгөрсөн 2022 онд гэхэд зургаан цэрэг амиа алджээ. Тухайлбал,
2022 оны зургаадугаар сар: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай “Н” нь зургадугаар сарын 16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай тусламж авахаар ухаангүй хүргэгдэж, улмаар ходоодны мэс засалд орсон ч нас барсан.
Долоодугаар сар: "Зэвсэгт хүчний 167 дугаар ангид цэргийн алба хаагч нь Өмнөговь аймагт барилгаас унаж амиа алдсан.
Наймдугаар сарын 1: Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд тогонд цохиулж нас барав.
Наймдугаар сарын 6: Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч 21 настай Х усанд живж амиа алдав.
Наймдугаар сарын 7: Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид Увс аймгаас татагдсан 19 настай, байлдагч “Б” мод бэлтгэж байхдаа модонд цохиулан гэмтэл авч ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн.
Есдүгээр сарын 29: Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж, малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч өөрийгөө боомилж амиа алдав.
ХЭҮК-оос Сүүлийн 10 жилд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар “Хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн” гэж хариулсан талаар мэдээлж байжээ.
Тэгвэл энэ онд ч мөн гурван цэрэг амиа алдсан тохиолдол гарчээ. Тухайлбал,
Хоёрдугаар сарын 27: Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан.
Тавдугаар сарын 5: Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэрэгт татагдаад, дөнгөж долоо хонож байсан 19 настай хүү учир битүүлгээр амиа алдав.
Зургадугаар сарын 23: Төв аймгийн Алтанбулаг сум дахь 0119 дүгээр ангид алба хааж байсан 19 настай “Б” нь кросс гүйлтэд гүйх явцдаа ухаан алдаж, улмаар эмчлүүлж байхдаа амь эрсэдсэн гээд олон харамсалтай явдал гараад байна. Гэвч дээрх хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй, “Шалгаж байна” гэхээс өөр хариуг цагдаагийн байгууллагаас өгсөнгүй.
Энх цагт эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд мордуулчхаад, цогцсыг нь авдаг байдал хэзээ зогсох вэ.