Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрсайхан: 18-30 насны залуусыг эрт илрүүлэгт хамруулахын тулд байгууллагууд болон их сургуулиуд анхаарах шаардлагатай

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 51 секунд

Улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн аян өрнөж буй. Гэвч иргэдийн тэр дундаа 18-30 насны залуус эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа аж. Иймд залуусын эрт илрүүлэгт хамрагдалт яагаад бага байгаа шалтгаан нөхцөл хийгээд зонхилон тохиолдож буй өвлөлийн талаар СХД-ийн ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхантай ярилцлаа.

-СХД-ийн хэмжээнд хичнээн хүн эрт илрүүлэгт хамрагдах вэ. Одоогоор ямар хувьтай явж байна?

-СХД-т 345 мянган хүн эрт илрүүлэгт хамрагдах ёстой. Үүнээс өнөөдрийн байдлаар 67 мянган хүн ам эрт илрүүлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт хүн амын 20 хувь нь л эрт илрүүлэгт орсон гэсэн үг.

Эдгээр эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийг насны хувь авч үзвэл 18-30-ны залуучуудын идэвх хамгийн бага хувьтай буюу 10 хүрэхгүй хувьтай, 50-60 насныхан 40 гаруй хувьтай явж байна. Тэгэхээр 18-30 насны залуусыг эрт илрүүлэгт хамруулах зайлшгүй шаардлагатай байна.

2019 оноос хойших ЭМД-аа төлж, эрт илрүүлэгт хамрагдах хүн байхгүй байна

-Хөдөлмөрийн насны залуус эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа юм байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна?

-Хамрагдалт бага байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж харж байгаа.

  • Нэгдүгээрт, Хувь хүний хариуцлагын асуудал байна.
  • Хоёрдугаарт, ЭМДШ-ийг 2019 оноос хойш төлсөн байх ёстой гэсэн асуудал байгаа. Гэтэл 2019 оноос хойш ЭМД-аа төлөөгүй иргэд ойролцоогоор 200 мянга гаруй төгрөг төлж байж эрт илрүүлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм. Гэтэл яг ЭМД-аа бүрэн төлөөд эрт илрүүлэгт хамрагдах боломжтой хүн цөөхөн болж байгаа юм.Хэрэв үнэхээр эрт илрүүлэгт хамруулъя гэж бодож байгаа бол сүүлийн хоёр жил ЭМД-аа заавал төлсөн байх ёстой ч гэдэг юм уу ийм зохицуулалт хийх шаардлагатай байна. Хэрэв ямар нэг зохицуулалт хийхгүй бол эрт илрүүлэгт хамрагдах хүн байхгүйгээс гадна эмнэлэгт хэвтэх хүн ч байхгүй болчихоод байгаа юм.
  • Гуравдугаарт, Хөдөлмөрийн насны хүмүүс буюу ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс эрт илрүүлэгт хамрагдах нь бага байна. Энэ ямар учиртай вэ гэхээр тухайн хөдөлмөр эрхэлж буй залууст ажлаас нь чөлөө олгохгүй байна. Угтаа Нийгмийн эрүүл мэндийн төвийн хууль батлагдахаар байгууллагууд өөрсдөө ажилчдаа эрт илрүүлэгт хамруулдаг тогтолцоог бүрдүүлж, хариуцлага тооцдог, хянадаг тогтолцоог бүрдүүлмээр байна.
  • Дөрөвдүгээрт, Оюутан залуус өөрсдөө эрт илрүүлэгт хамрагдахгүй байна. Гэтэл их сургуулиуд оюутнуудын сургалтын төлбөрийг аваад л байдаг хэрнэ хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн байдалд огт анхаардаггүй.

Яг үүний жишээ сая 18-25 насны залуус буюу цэргийн насны залуусаас харагдаж байна. Цэрэг татлагат орж буй нийт залуусын 50-60 хувь нь янз бүрийн өвчтэй гарч ирж байна.

Цэргийн насны залуус өвчлөл өндөртэй байна. Ялангуяа амны хөндийн өвчлөл зонхилж байна

-Цэргийн насны залууст зонхилон илэрч байгаа ямар өвчлөл байсан бэ?

-Ялангуя мэс заслын өвчлөлүүд болон шүдний өвчлөл их байна. Өнгөрсөн жил 4-5 шүд өвчлөлтэй, хорхой идсэн байсан бол энэ жил 6-7 шүд цоорхой байна. Амны хөндийгөө эрүүлжүүлэхгүй бол 25-30 нас гараад бөөрний үрэвсэл, зүрх судасны өвчлөлтэй болно. Бүх өвчний суурь нь амны хөндийтэй холбоотой байдаг. Тиймээс хүүхдийг бага наснаас нь эхлээд шүдийг нь зөв угаалгаж сургах хэрэгтэй байна.

Одоо цэргүүдийн шүдийг хэрхэн эмчлэх вэ гэдэг асуудлыг ярих гэхээр өнөө л даатгалын асуудал дээр гацна. Эрүүл мэндийн даатгалтай хүмүүс маш цөөхөн байна. Мөн иргэдийн зүгээс ч гэсэн өөрсдөө хариуцлагатай байж эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй.

-Эрт илрүүлгийн үр дүн ямар байна вэ. Ялангуяа хавдрын тохиолдлууд хэр их илэрч байна?

-Мэдээж эрт илрүүлгийн үр дүн гарж байна. Хавдрын тухайд нийт 15 тохиолдол илэрсэн байна. Тухайлбал, Умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар гэх мэт хавдар илэрч байна. Мөн сэжигтэй тохиолдлууд ч илэрсэн. Угтаа эрт илрүүлэгт орж, эрүүл мэнддээ иргэн бүр анхаарвал ямар ч хавдар эдгэх бүрэн боломжтой шүү дээ.

Гэвч иргэд маань эрт оношлуулахгүй цаг алдсаар байгаад эцсийн шатанд нь ирээд эмчилгээнд ордог. Гэхдээ ийм баймааргүй байна.

Байгууллагууд ажилчдадаа чөлөө олгож, их сургуулиуд төлбөрийнх нь тодорхой хувийг оюутнууддаа зарцуулж эрт илрүүлэгт хамруулах хэрэгтэй

-Та сая байгууллагууд ажилчдаа эрт илрүүлэгт хамруулах хэрэгтэй гэсэн шүү дээ. Гэвч эрт илрүүлэгт хамрагдах гэхээр зөвхөн ажлын өдрүүдэд л үйлчилдэг. Энэ нь бас 18-30 насны залуусын эрт илрүүлэгт хамрагдалтад нөлөөлж байгаа байх?

-Хэрэв байгууллагаас ажилчдаа эрт илрүүлэгт хамруулъя гэвэл бид амралтын өдрүүдэд буюу бямба, ням гарагт ажиллахад бэлэн байна. Бид ч гэлтгүй эрүүл мэндийн салбарынхан ид хөдөлмөрийн насны залуусаа эрт илрүүлэгт хамруулж, өвчнөөс нь урьдчилан сэргийлмээр байна.

Тиймээс үүнд байгууллага, хувь хүн, их сургуулиуд ч мөн зохицуулалт хийж эрт илрүүлэгт хамруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүддээ анхаарал тавьж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад нь туслах хэрэгтэй. Ялангуяа байгууллагын зүгээс ажилчдадаа чөлөө олгож, эрт илрүүлэгт хамрагдах боломжийг олгох мөн их сургуулиуд сургалтын төлбөрийн тодорхой хувийг оюутнуудынхаа эрүүл мэндэд зарцуулах хэрэгтэй байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Улаанбаатарт өдөртөө цас орно
Улаанбаатарт өдөртөө цас орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.