Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: НӨАТ өгдөггүй Нарантуул захын өдрийн орлого хэдэн тэрбумаар эргэлддэг энэ нөхцөлд ААН-үүд НӨАТ-аа жигд 5 хувиар төлмөөр байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 59 секунд

100 мянган иргэний дэмжсэн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох нийтийн өргөдлийг судалж, холбогдох тооцоо судалгааг хийж эхлээд буй. Энэ чиглэлд ажлын хэсэг ч гараад байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн ААН-үүд НӨАТ-д төлж буй 10 хувийг 5 болгон бууруулж, жигд татвар төлөх орчныг бий болгох шаардлагатай хэмээх байр суурийг илэрхийлж эхлээд буй юм. Тэгвэл энэ чиглэлд хувийн бизнес эрхлэгчид ямар байр суурьтай байгааг та бүхэнд хүргэж байна.

-Бид бол "тэнэг" татвар төлөгчид. ААН-д хамгийн хүнд тусдаг татвар бол НӨАТ. Тиймээс нийтээрээ НӨАТ-ын 5 хувийн татвар төлдөг болох нь зөв-

Хувиараа бизнес эрхлэгч: ААН-д хамгийн дарамт учруулдаг татвар бол НӨАТ. Энэ нь Монголчуудын бүхий л үйл ажиллагааг боогдуулж байгаа. Учир нь бид НӨАТ-аас чөлөөлөгдөх экспортыг хийж чадахгүй байгаа. Тиймээс бид бүх нийтээрээ 5 хувийн НӨАТ төлдөг байвал иргэд ус, цахилгаан, дулаанаас гадна худалдаж авсан бүхий л бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ 5 хувиар багасах учраас илүү үр дүнтэй. Үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст ч бодитойгоор мэдрэгдэнэ. Энэ нь аж ахуй эрхэлж байгаагаа дарамтлаад, цалин аваад байж байгаа хүмүүстээ илүү анхаарал хандуулаад байгаа юм. Бид тэнэг татвар төлөгчид. Бид бас сонгогчид. Гэхдээ бид дэндүү цөөнх учраас бидний эрх ашиг аль ч шатанд яригддаггүй. Бидний асуудал тэдэнд жижиг зүйл. Томоохон ААН байлаа гэхэд НӨАТ ахиу авч, жижиг ААН-үүдэд илүү ногдоод байгаа юм. Бид бизнес эрхэлдэг шуналтай хэдэн нөхдүүд. Харин урд яваа хүмүүс нь халамжлагдах ёстой гэдэг байр сууриар хандаад байна л даа. Жигд таван хувиар татвар төлье гэдэг нь зөв. Уулаа ухаад зардаг хүмүүсийн эргэлтэд нийт мөнгөний 90 хувь нь явж байдаг. Гэтэл тэд татвар төлдөггүй. Уул уурхай ухдаггүй, өөрийнхөө хар толгойгоор бизнес хийгээд явж хэн бүхэн татварын дарамтад байгаа нь үнэн. Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгож, буцаан олголт байхгүйгээр зохицуулсан нь зөв. Нэгэнт хамаг мөнгө нь гаалиараа орж ирдэг юм бол гаалиа 10 хувь болгож, НӨАТ-аа таван хувь болгоход бараг л зөрүү гарахгүй.

-Нарантуул зах дээр НӨАТ-ын падаан өгдөг газар нэг ч байхгүй. Тэнд нэг өдрийн орлогод арван тэрбум төгрөг байдаг. Гэтэл бид үндэсний үйлдвэрлэгчид дээр татварынхан ирээд торгууль тооцоод л явдаг-

Ган хийц ХХК-ын Ерөнхий захирал М.Даваасүрэн: Нарантуул зах дээр НӨАТ-ын падаан өгдөг газар нэг ч байхгүй. Тэнд нэг өдрийн орлогод арван тэрбум төгрөг байдаг. Тэгэхэд энэ хэмжээний их мөнгө ямар ч хяналтгүйгээр эргэлтэд ороод явж байна. Гэтэл бид үндэсний үйлдвэрлэгчид, татвар төлөгчид. Татварынхан ирээд "НӨАТ төлөөгүй байна, хугацаа хоцроосон байна, өдөр хоногоор алданги тооцно" гэх мэтээр торгууль тооцоод л явдаг. Энэ бидэнд хүндээр тусдаг. Тиймээс Монгол Улсад ямарваа нэгэн бизнес эрхэлж байгаа л бол хүн бүр татвар төлөгч байх ёстой. НӨАТ төлөгч. Таван хувь. Интервалгүйгээр Монгол Улсын иргэн бүр НӨАТ-д таван хувиа төлдөг байх хэрэгтэй. Түүний 20 хувийг нь буцаан олголтод өгч байгаа шүү дээ. Тэр эргээд иргэдэд буцаад очдог, амжиргаанд нь дэм болпог юм. Тиймээс боломжийг нь бүх талаар судлах шаардлагатай.

Буцаан олголтын тухайд: Татвар төлөгчдийн хүрээ тэлэх тусам улсад орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр буцаан олголтоо нэмэлдүүлбэл иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж НӨАТ-ын асуудалд хариуцлагатай ханддаг болно.

-Буцаан олголтыг 5 хувь болгоход шаардагдах 600 тэрбум төгрөг аль нэг сум, аймагт шавар балгас болж байснаас иргэдийн гарт очиг. Эргээд худалдан авалтаар 600 тэрбум төгрөг хувийн хэвшилд орлого болж хуваарилагдана-

СЕО клубийн Ерөнхийлөгч Б.Гантулга: Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том гурван асуудал нь НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл, банкны зээлийн хүү. Эдгээр асуудлыг бизнес эрхлэгчид сүүлийн 30 биш юмаа гэхэд 20 жилийн турш төр засагт хэлж ярьж ирсэн. Харамсалтай нь НӨАТ-ыг бууруулах хүсэлт сүүлийн 20 жил хэлэлцэгдэхгүй, яригдахгүй, буураагүй яваа. 2016 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг тооцож эхэлсэн. Иргэд баримтаа шаарддаг. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд татвар төлдөг, шударга ААН-үүд НӨАТ-ын баримт өгөхөөр орлогоо татварт мэдэгдэж, түүнтэй уялдаатай орлогын татвар нэмэгдээд ороод ирдэг. Орлого нэмэгдэхээр нөгөө талдаа дүйцсэн зардал гаргахгүй бол ашгийн хэмжээ нэмэгдээд орлогын татвар тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Дүйцсэн зардал дунд хамгийн боломжтой нь ажилчдын цалин. Өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалыг нь төлөхөөр тохиролцоод явдаг байсан ААН бодитойгоор төлөөд эхлэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн зардал нэмэгддэг.

Өнөөдрийн нөхцөлд шударгаар татвараа төлөөд явж байгаа бизнесмэн татвараа төлдөггүй бизнесээс даруй 10-20 хувийн үнэтэйгээр бараа бүтээгдэхүүнээ зарахаас өөр аргагүй болчихдог. Эргээд энэ нь бизнесүүдэд өрсөлдөөний тэгш бус орчныг бий болгодог. Автомашин импортолж байгаа иргэдийн судалгааг аваад үзэхэд татвар төлдөг хувь хүн, бизнесмэнүүд татвар төлдөггүй нөхдүүдээс 2 дахин бага борлуулалтыг хийдэг. Энэ жишээ бүх салбаруудад байгаа. Нэгэнт 20 жил татварын 10 хувийг 5 болгох талаар ярилаа. Тэгвэл үүнд Г.Занданшатар даргын гаргаж буй буцаан олголтыг таван хувь болгох саналыг дэмжчихье. 600 тэрбум төгрөг шаардлагатай талаар Сангийн сайд нь хэлж байгаа. 600 тэрбум төгрөг төсвөөр дамжаад аль нэг сум, аймагт шавар балгас, байшин болоод эдийн засагтаа үр өгөөжгүй үхмэл хөрөнгө болж байснаас иргэдийн гарт очиг. Иргэд бол бидний бизнесийн хэрэглэгчид. Худалдан авагчид. Худалдан авсан бараанаас буцаад 600 тэрбум төгрөг эдийн засгийн эргэлтэд орж, хувийн хэвшилд орлого болж хуваарилагдана.

-Татварынхан татвар төлж байгаа хэсгээ л улам чангалаад байдаг. Энэ чинь шударга бус байна. Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй-

Шилэн хийц ХХК-ын захирал Д.Гантулга: Өнөөдөр НӨАТ-ыг ярьж байна. НӨАТ гэж ярьж байгаа бол зарим нь яагаад төлөхгүй байгаа юм бэ. Нарантуулаас авхуулаад татвар төлдөггүй олон газрууд бий. Гэтэл төлөөд байгаа хэдийгээ л чангалаад байдаг. Чи чөлөөгүй байна, болоогүй байна гээд л. Татварынхны "сюрьприз"-ийг та бүхэн мэдэх байх. Шалгалтаар орж ирэхдээ хаанаас ч юм цаас гаргаж ирээд үүнийг мэдэж байгаа юу, мэдэх ёстой дайрдаг. Энэ мэт шударга бус байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэн бүхэн татвараа адил төлмөөр байна. НӨАТ-ын босго гээд балай юм хийчихсэн. Үүгээр далимдуулан маш олон хүмүүс зугтдаг. Босгодоо хүрээгүй гэдэг үндэслэлээр. Энэ шударга бус байна. НӨАТ-ыг таван хувь болгохыг дэмжиж байна. Бүгд татвараа төлье. Их бага, том жижиг гэж харгалзахгүйгээр.

Буцаан олголтын тухайд: НӨАТ буцаан олголтыг 5 хувь болгох асуудал аль хэдийн хийгдэх байсан зүйл. НӨАТ-ын босго гэх зүйлийг байхгүй болгох хэрэгтэй. Эрх тэгш байдлыг л нийгэмд бий болгох хэрэгтэй.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болголоо гээд иргэдийн амьдрал сайжрах уу-

Хувиараа бизнес эрхлэгч: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгоно гэдэгт санал нийлэхгүй байгаа. Хоёр хувь байсныг тав болголоо гээд иргэдийн амьдрал сайжрах уу. Айхтар сайжрахгүй байх гэж бодож байгаа. Түүний оронд төр засаг маань иргэдийн амьдралыг сайжруулах ямар төсөл хөтөлбөр байна, ямар зохион байгуулалтаар юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Ажлын байрыг дэмжиж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллах нь зөв байх.

-Борлуулалтын орлогоосоо НӨАТ-д 10 хувиа төлөөд үлдсэн 90 хувийг цалинд зарцуулдаг-

Хувиараа бизнес эрхлэгч: Манай компанийн нийт зардлын 90 хувь нь ажлчдын цалин байдаг. Борлуулалтаасаа НӨАТ-ын 10 хувиа өгөөд үлдсэн 90 хувийг цалинд зарцуулдаг. Нийт бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том татвар нь НӨАТ. Дараагаар нь нийгмийн даатгалын шимтгэл. НӨАТ-ыг жигд таван хувиар төлдөг болгож, гаалийн таван хувийн татварыг 10 хувь болгох гэдэгт санал нийлж байна. Жигд болгоно гэдгийн цаана буцаалтын хоёр хувийг болиулаад нийт таван хувийн татвар төлвөл далд эдийн засаг ил болно. Мөн татвар төлөгч нэмэгдэнэ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм, үүлэрхэг
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм, үүлэрхэг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.