Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Багш нар хүүхдэд нэгээс илүү цаг хийх гэрийн даалгавар өгөхгүй. Шөнө болтол хичээл хийж буй нь тухайн хүүхэд, эцэг, эхийн цагийн менежментийн асуудал

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 42 секунд

Сүүлийн үед эцэг, эхчүүдийн зүгээс бага болон дунд ангийн хүүхдүүдэд ахадсан их гэрийн даалгавар өгч байна хэмээн шүүмжлээд буй. Бага, дунд ангийн сурагчид шөнийн 00.00 цагт даалгавраа хийж дуусахгүй, байнга шөнө унтсаны улмаас ядарч байгаа тул багш нарыг гэрийн даалгавар өгөхгүй байх нь зөв гэж үзэж байгаа юм. Тэгвэл UBN.mn сайт хүүхдэд гэрийн даалгавар өгөхөө больчихвол ямар сөрөг үр дагавартай талаар сурвалжилснаа хүргэе.

"Гэрийн даалгавраа олон цагаар оройтож хийж байгаа нь тухайн хүүхэд, эцэг, эхийн цагийн зохион байгуулалттай холбоотой асуудал"

Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар лаборатори сургуулийн бага ангийн багш Б.Мөнхзул "Би боловсролын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Багш нар хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөхдөө судалгаа хийж, нас насанд нь тохирсон даалгавар өгдөг. Түүнээс биш гэрийн даалгаврыг хаанаас ч хамаагүй авч хичээл төлөвлөлтөд оруулдаггүй. Тиймээс сурагчдад гэрийн даалгавар өгөх нь маш зөв зүйл. Хүүхдүүд сургуулийн орчноос гараад гэрийн орчинд очиход бие даах чадвар нь хөгжинө. Мөн гэрийн даалгавар хийснээр өөрийн ойлгоогүй зүйлийг бататгана гэсэн үг.

Магадгүй ойлгосон гэж бодоод мартагдаж байсан хичээлээ сэргээн санаснаараа чадваржина. Хэрэв гэрийн даалгавар өгдөггүй болчихвол хүүхдүүд чөлөөт цагаараа юу хийдэг болох вэ. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ сургалт дамжаанд явуулдаг. Гэхдээ сургалтад явдаггүй хүүхдүүд юу хийх вэ гэдэг асуудал тулгарна. Сүүлийн үед сурагчид утас дэлгэцийн хамааралтай болсон. Энэ асуудлыг шийдэж байж гэрийн даалгавар өгөх ёстой юу, ёсгүй юу гэдэг зүйл яригдана. Огт гэрийн даалгавар хийгээгүй хүүхэд маргааш нь хичээлдээ ирээд өмнөх хичээлээ санах магадлал тун бага. Тиймээс гэрийн даалгавар гэдэг зүйл тухайн хүүхдийг чадваржуулах, хариуцлагатай болгоно. Мөн багш нар тухайн хүүхдийн нас биеийн онцлогт таарсан, сонирхолтой гэрийн даалгавар өгөх нь чухал.

Ямар ч ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдэд нэг цагаас илүү хийх гэрийн даалгавар өгнө гэж бодохгүй байна. Гэрийн даалгавраа олон цагаар оройтож хийж байгаа нь тухайн хүүхэд, эцэг, эхийн цагийн зохион байгуулалттай холбоотой асуудал.

Ихэнх туршлагатай үлгэр жишээч багш нар амралтын өдрөөр огт даалгавар өгдөггүй. Амралтын өдрөөр хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь чухал. Тиймээс эцэг, эхчүүд бүх зүйлийг сөргөөр харж, "Болохгүй байна" гэхийн оронд хэчнээн завгүй байсан ч хүүхдэдээ цаг гаргадаг эерэг хандлагатай байж ирээдүйгээ бүтээх нь чухал" хэмээлээ.

Бид үргэлжлүүлэн эцэг, эхчүүдээс хүүхдэд гэрийн даалгавар өгөх нь зөв эсэх талаар тодрууллаа.

Эцэг, эх: "Мэдээж гэрийн даалгавар гэдэг зүйл байх хэрэгтэй. Манай хүүхдүүд 1-2 цагийн дотор гэрийн даалгавраа хийдэг. Ямар нэг асуудал гардаггүй. Хүүхэд гэрийн даалгавар хийснээр олон талын чадвартай болно" гэв.

Эцэг, эх: "Багш нар нас насанд нь таарсан гэрийн даалгавар өгвөл ямар нэг асуудалгүй. Хэт их даалгавар өгдөг багш нар байдаг байх. Тэгвэл хүүхдүүд ядарна, залхана шүү дээ" гэв.

Эцэг, эх: "Тухайн хүүхдийн багшаас шалтгаалдаг байх. Манай хүүхдийн багш амралтын өдрөөр даалгавар өгдөггүй болохоор хүндрэл байдаггүй" гэлээ.

Есдүгээр ангийн сурагч: "Манай багш нар их ч биш, бага ч биш яг л таарсан даалгавар өгдөг. Гэрийн даалгавар өгдөг байх нь зөв зүйл. Яагаад гэвэл зарим хичээл долоо хоногт нэг л цаг ордог. Тиймээс даалгавраараа дамжуулан хичээлээ бататгадаг" гэв.

Хэрэв таны хүүхдэд гэрийн даалгавар өгдөггүй юу болох вэ...

1. Хүүхэд ирээдүйд хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй нэгэн болж өснө.

2. Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалтын талаар яриад ч хэрэггүй.

3. Хяналтгүй олон цагаар дэлгэц ширтсэнээс болж хараа муутай, хэл ярианы бэрхшээлтэй, өөрийгөө зөв илэрхийлэх чадваргүй үе бий болно.

4. Ачаалал даах чадваргүй болно.

5. Системтэй мэдлэг боловсрол, шинжлэх ухаанч байдал алдагдана.

6. Үзсэн хичээлээ гэртээ бататгаж сэргээхгүй учраас хичээл дээр багшийн ачаалал 2 дахин нэмэгдэнэ. Яваандаа багшлах хүн олдохгүй.

6. Эцэст нь нийгмээрээ харанхуй бүдүүлгийн хонгилдоо үүрд үлдээд бусдын хоол болно. Тэгээд дор дороо өөрсдөө тунгаана биз дээ гэж нэгэн ЕБС-ийн багш цахим хуудастаа нийтэлжээ.

- Европд хүүхдүүд гэрийн даалгаврыг 10 минутаас дээш хийдэггүй-

Европд хэдэн арван жилийн турш гэрийн даалгаврын стандарт нь "10 минутын дүрэм" байсаар ирсэн бөгөөд энэ нь нэг ангийн түвшинд өдөрт дээд тал нь 10 минутын гэрийн даалгавар хийхийг зөвлөдөг. Жишээлбэл, хоёрдугаар ангийн хүүхдүүд орой бүр 10 минут гэрийн даалгавар хийх ёстой. Өмнө нь ахлах ангийн сурагчид орой бүр хоёр цаг орчим гэрийн даалгавраа хийдэг байсан ч энэ тогтолцоог халжээ

Нью-Йорк хотын улсын бага сургууль өнгөрсөн жил ижил төстэй бодлогыг хэрэгжүүлж, гэр бүлийн цагийг илүүд үзэхийн тулд уламжлалт гэрийн даалгаврыг устгасан. Энэхүү өөрчлөлт нь бусад боловсролын удирдагчдын дэмжлэгийг авсан ч зарим эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэсэн юм.

Судалгаагаар бага насны хүүхдүүдэд зориулсан гэрийн даалгавар болон гүйцэтгэлийн хоорондын хамаарал сул байгаа хэдий ч бага хэмжээний гэрийн даалгавар нь бүх сурагчдад өгөх хэрэгтэй гэж гарсан байна. Хоёрдугаар ангийн хүүхдүүд орой бүр хоёр цаг гэрийн даалгавар хийх нь сөрөг нөлөөтэй. Гэвч өөрт таарсан хэмжээний сонирхолтой гэрийн даалгавар хийх нь зөв гэх судалгааны үр дүн гарчээ.

Ийнхүү олон улсын жишгийг авч үзвэл манай улс сурагчдад гэрийн даалгавар өгөхөө болих биш сонирхолтой байдлаар, бага хэмжээний гэрийн даалгавар өгснөөр хөгжих боломжийг нээж өгөх юм. Гэрийн даалгавар гэдэг зүйлийг би ч та ч хийсээр ирсэн. Хүүхдийн анги, насанд тохируулан гэрийн даалгавар өгөх нь хүүдийн ирээдүйд олон чухал үр дагавартай гэдгийг дээрх судалгаа, багш, эцэг, эхчүүдийн ярианаас харж болох юм.

БАЙР СУУРЬ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлаар ГИШҮҮД юу хэлэв
БАЙР СУУРЬ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлаар ГИШҮҮД юу хэлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.