Монгол Улсын шүүх засаглалд итгэх иргэдийн тоо багассаар. Учир нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй гэмт хэргийн гаралт бас хэрэгцээтэй үгүй нь үл мэдэгдэх гомдлуудаас үүдэж шүүхийн ачаалал дээд цэгтээ тулсан. Түүгээр ч үл барав ихэнх шүүхийн байранд хүүхэд болон гэрч, хохирогчийг тусгаарлан онлайн хэлбэрээр шүүх хуралд оролцуулах өрөө байдаггүй. Үүний шалтгаан нь өнөө л шүүхийн байрны ачаалал болон нэг шүүхийн байранд нэлээн хэдэн шүүх зэрэг байрладагаас үүддэг.
Тэгвэл шүүх хуралдаанд хохирогчид болон ялангуяа хүүхдийг гэмт этгээдтэй нүүр тулгахгүйгээр шүүх хуралдаанд оролцуулдаг бөгөөд тоотой нэг, хоёрхон шүүхэд гэрч, хохирогчийн өрөөг бэлдэн, онлайн хэлбэрээр хүүхдийг шүүх хуралд оролцуулдаг байна. Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг гэрч, хохирогчийн өрөө шүүхийн байранд хэрэгтэй эсэх болон хүүхдийн эрхийг шүүх байгууллага хэрхэн хамгаалж буй талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Иргэдийн дунд нийтлэг байдаг ойлголт нь хүүхэд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөх мөн бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирвол хохирогчийг гэмт этгээдтэй хамт шүүх хуралдаанд оролцуулдаг гэх ойлголт бий. Тэгвэл шүүх байгууллага хүүхэд болон гэрч, хохирогчийг хамгаалах үүднээс тэднийг онлайн хэлбэрээр шүүх хуралд оролцуулах эсхүл өөр өрөөг ашиглах эсхүл гэмт этгээдийг шүүх танхимаас тусгаарласны дараа хохирогчийг оролцуулах зэрэг арга хэмжээг авч шүүх хуралдаанд оролцуулдаг байна.
БЗД, СБД, ЧД-ийн Эүүгийн хэргийн анхан шатны шүүх,
Монгол Улсын хэмжээнд буй бүх шатны шүүхэд гэрч, хохирогч болон хүүхдийн өрөө байдаггүй ч БЗД, СБД, ЧД-ийн ЭХАШШ-ийн байр хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс "ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН ӨРӨӨ"-г тусгайлан гаргаж, Азийн сангийн санхүүжилтээр тохижуулжээ.
UBN.mn сайтын сурвалжлах баг тус шүүхийн байрыг зорьж, гэрч, хохирогчийн өрөөтэй танилцав. Уг шүүх нь гурван дүүргийн шүүх хамт байрладаг тул ачаалал ихтэйн дээр анхаарал татсан шүүх хуралдаан ч их болдог. Түүнээс гадна уг шүүхийн байранд 8-10 шүүгчийн туслах нэг өрөөнд ажиллаж, гэрч, хохирогчдоосоо мэдүүлэг авдаг бөгөөд үүнээс үзэхэд уг шүүхийн байрны ачаалал өндөр болохыг харж болох юм.
Бид гэрч, хохирогчийн өрөө яагаад шүүхийн байранд шаардлагатай талаар БЗД-ийн ЭХАШШ-ийн Ерөнхий шүүгч, Н.Одонтуултай ярилцахад тэрбээр,
Өмнө нь гэрч, хохирогчийн өрөөгүйгээс үүдэн хохирогчийн амь насанд халдсан хэрэг ч гарч байсан
"Шүүхийн байранд зөвхөн шүүгч болон захиргааны ажилтнууд ажиллдаггүй. Энэ шүүхээр гэмт хэрэгт өртсөн этгээдүүд болон гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс үйлчлүүлдэг. Гэтэл хохирогчид шүүхийн байранд ирэхдээ эсхүл шүүх хуралдаан эхлэхийг хүлээж байх явцдаа амь нас нь эрсдэх, эрүүл мэндэд нь аюул учрах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Өмнө нь ч гарч байсан. Жишээлбэл,
- Гэрлэлтээ цуцлах гэж байсан гэр бүлийн нөхөр нь хамгаалах байрнаас шүүх хуралдаанд ирж байсан эхнэрээ 20 гаруй удаа хутгалж, амь насыг нь хохироож байсан харамсалтай тохиолдол гарч байсан.
- Мөн СБД-ийн шүүх дээр шүүх хуралдааны үеэр өөрийнхөө амь насыг хохироох гэж байсан үйл явдал болж байв.
Гэтэл шүүхийн байрны талбай маш жижиг. Нэгхэн метрын зайтай байгаа шүүхийн байранд шүүх бүрэлдэхүүнд оролцогч довтолж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ийм тохиолдол гарсны дараа бус гарахаас нь өмнө хамгаалах ёстой. Тэгэхээр шүүхийн байрны асуудал маш чухал.
Дээр нь гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд шүүхэд ирэхэд болон шүүх хуралдааны явцыг хүлээх өрөө байдаггүй. Нэгхэн метрийн зайтай хэргийн оролцогчид зөрөх зайгүй ийм талбайд магадгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ар гэрээс болон гэмт хэрэг үйлдсэн этгээд аюул занал учруулахыг үгүйсгэхгүй.
БЗД-ийн ЭХАШШ нь СБД, ЧД-ийн ЭХАШШ-тэй нэг байранд байрладагаас шалтгаалан шүүхийн захиргааны ажилтнууд дор хаяж 8-10-лаа нэг өрөөнд суудаг. Тиймээс өмнө нь хүүхдийн өрөө гаргах боломж байхгүй байсан. 2002 оноос хойш бид бүхэн гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тусгай өрөө гаргах хүсэлт тавиад Азийн сангаас тоног төхөөрөмжийг гаргаж, 2023 оны 8-р сард албан ёсоор хүлээлгэж өгсөн.
Энэ танхимд бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг энэ өрөөнд тусгаарлан, шүүх хуралдааны танхимтай онлайнаар холбож өгч, мэдүүлэг авах ажиллагааг хийж байна" гэлээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн,
Бүх шүүхэд гэрч, хохирогчийн өрөө хэрэгтэй. Тиймээс төр засаг шүүхийн байранд анхаарах шаардлагатай
"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, хохирогчийн амь насанд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл өөр байрнаас эсхүл өөр танхимаас дуу, дүрсний тоног төхөөрөмж ашиглан мэдүүлэг авна гэсэн зохицуулалт байдаг.
Өмнө нь хохирогч болсон хүүхдүүдийг шүүх хуралдааны танхимд шүүгдэгчтэй хамт байлцаж, мэдүүлэг авдаг байсан тохиолдол байсан. Тиймээс хуульд заасан шаардлагыг хангахын тулд хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд зайлшгүй өрөөтэй байх ёстой гэж хүсэлт гаргасан. Мөн өмнө нь шүүгдэгчийг танхимаас гаргаж, тусгаарлаж байгаад гэрчээ оруулж мэдүүлэг авдаг.
Шүүхүүдийн хувьд төсөв мөнгөнөөс шалтгаалаад өөрийн гэсэн байртай шүүх маш ховор. Дээр нь нэг шүүхийн байранд хоёр, гурван шүүх байрлаж байх үед гэрч, хохирогчийн өрөө гаргах боломжгүй байдаг. Гэхдээ хохирогчдыг хамгаалахын тулд бүх шүүх зайлшгүй гэрч, хохирогчийн өрөөтэй байх ёстой. Энэ өрөөнөөс хүүхэд шүүх хуралдаанд оролцсоноор дахин гэмт хэрэгт өртөж байгаа мэт сэтгэлзүйн байдалд орохгүй байх боломжтой. Үүнийг төрөөс харж үзэх зайлшгүй шаардлагатай" гэдгийг илэрхийлсэн юм.
СБД, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,
Бид үргэлжлүүлэн СБД, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг зорьж, хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалж буй талаар тодруулсан юм. Учир нь уг шүүхэд гэр бүлийн маргааны улмаас 7-оос дээш насны хүүхдүүдээс санал асуудаг байна. Гэвч хүүхдийн тусгайлсан өрөө байхгүй тул шүүгчийн туслахууд өөрсдийнхөө өрөөнд хүүхдээс саналыг нь авдаг аж.
Түүнээс гадна уг шүүхээр гэр бүлийн маргааны улмаас үйлчлүүлж буй иргэд эвлэрүүлэн зуучлах төвд ханддаг бөгөөд энд ирэхдээ хүүхдүүдээ дагуулан ирдэг байна. Тиймээс хүүхдүүдийг сатааруулах үүднээс 2016 онд хүүхдийн буланг тохижуулсан ч өнөөдрийг хүртэл төсөв санхүүгүйн улмаас анхны тохижилтоороо байгаа юм. Иймд бид ЧД-ийн ИХАШШ-ийн шүүгчийн туслах О.Огторгуйтай ярилцахад тэрбээр,
Нэг байранд хэд хэдэн шүүх байгаа тул хүүхдийн өрөө гаргах боломж хомс байдаг
"Манай шүүхийн хувьд зөвхөн СБД, ЧД-ийн ИХАШШ буюу хоёр шүүх нэг байранд байрлаж байгаа. Ерөнхийдөө өрөө тасалгаа болон шүүхийн танхимын хүрэлцээ муу. Гэр бүлийн маргаан дээр ихэвчлэн 7-оос дээш насны хүүхдүүдээс санал асуудаг. Гэвч хүүхдийн саналыг асуух тусгай өрөө байхгүй, бүх танхим шүүх хуралдаантай байгаа үед шүүгчийн туслахууд өрөө, өрөөндөө хүүхдийн саналыг асуудаг. Харин шүүхийн танхим чөлөөтэй үед тухайн өрөөнд орж хүүхдийн саналыг асуух тохиолдол гардаг. Түүнээс биш тусдаа хүүхдийн саналыг асуудаг өрөө болон хүүхдийг сатуулах өрөө, танхим байдаггүй" хэмээсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл,
Тэгвэл энэ намрын УИХ-ын чуулганаар "Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах" асуудал хэлэлцэгдэж буй. Иймд уг шүүхийг байгуулах хэрэгцээ шаардлага ямар байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэрээс тодруулахад,
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулагдсанаар хүүхдийн эрхийг хамгаалж чадна
"Яг энэ цаг үед УИХ, ЗГ дээр гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах тухай асуудал явж байгаа. Нийслэлийн ачаалал ихтэй нутаг дэвсгэрт, гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг байгуулах төсөл өргөн мэдүүлэгдээд явж байна. Гэр бүл, хүүхдийн хэргий_ анхан болон давж заалдах шатны шүүх байгуулагдах хуулийн төсөл одоогоор явж байгаа гэсэн үг юм. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэгтэй холбоотой мөн зөрчлийн хэрэгт хүүхэд холбогдож байгаа болон хохирч байгаатай холбоотойгоор энэ шүүхийг зайлшгүй байгуулах шаардлага байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор статистик тоон мэдээлэл ч гараад байгаа юм.
Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсанаар хүүхдийн сэтгэлзүйд тохирсон хүний нөөц бүрдүүлэх шаардлагатай мөн хүүхдийн эрхийг хамгаалах зориулалтын өрөө тасалгааг байгуулах шаардлагатай. Үүний дараа шүүх үйл ажиллагаагаа явуулна. Ингэснээр нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа шүүхийн шатанд хэрэгжинэ гэсэн зорилготой байгаа" гэсэн юм.
Манай улсын аль ч шатны шүүхийн ажилчид хүүхдийн эрхийг хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй. Харамсалтай нь дээр дурдсанчлан нэг шүүхийн байранд хэд хэдэн шүүх зэрэг байрладгаас үүдэн шүүхийн байрны хүрэлцээ муу. Үүнээс гадна шүүхүүд өөрсдийн төсөв мөнгө муутай учраас байраа шинэчлэн тохижуулах нь бүү хэл хүүхдийн өрөө болон гэрч, хохирогчийн өрөөг гаргах ч боломж байдаггүй. Тиймээс төр засаг шүүхийн байранд анхаарал хандуулснаар хүүхдийн өрөөг тохижуулах бүрэн боломж гарах юм.
Түүнээс гадна сүүлйин үед бага насны хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөх болон гэмт хэргийн хохирогч болж буй хэргүүд ихээр үйлдэгдэж байгаа тул "Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх" байгуулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байна. Үүнээс үзэхэд манай улсын шүүх засаглал хүүхдийн эрхийг хангах асуудалд анхаарахаас гадна үүнд төр засаг ч тодорхой үүрэг хүлээх ёстой юм.