Италийн Боловсролын яамны сайд Лоренцо Фиорамонти лхагва гарагт засгийн газраас гурван тэрбум евроны санхүүжилт авч чадаагүйн улмаас огцорч буйгаа Reuters агентлагт мэдээллээ. Тэрбээр санхүүжилтийг дунд, их дээд боловсролын чанарыг сайжруулахад ашиглахаар төлөвлөөд байсан.
Фиорамонтигийн огцорсон үйл явдал“Таван од” намын тогтолцооны эсрэг асуудлуудыг илэрхийлж байна. Намын дарга Луйжи Ди Майод дургүйцлээ илэрхийлэх хүн олон байгаа энэ үед “Таван од” нам шинээр зохион байгуулалт хийхээр оролдож байна.
Фиорамонти 12 сарын 23-нд Ерөнхий сайд Жузеппе Контед огцрох өргөдлөө захидлаар хүлээлгэн өгсөн байна.
Энэ сард "Таван од" намын гишүүд эсрэг нам болох баруун жигүүрийн “Лиг” намд орсон байдаг.
Есөн сард "Таван од", зүүний төвийн Ардчилсан намаас бүтсэн засгийн газар бий болсны дараа Фиорамонти 2020 оны боловсролын төсвийг 3.3 тэрбум еврогоор нэмэгдүүлэхгүй бол огцорно гэдгээ мэдэгдээд байсан.
“Сайд амласан бол хэлсэндээ хүрдэг байх ёстой. Гайхах зүйлгүй” гэж тэрбээр лхагва гарагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Фиорамонти доод танхимын төлөөлөгч байж засгийн газрыг дэмжсээр байна гэдгээ дурдсан юм.
Итали улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.6%-ийг боловсролын салбарт зарцуулдаг.
Өмнөд Африкийн Преториа их сургуулийн эдийн засгийн профессор байсан Фиорамонти гурван сар сайд байх хугацаандаа Италийн хамгийн шулуун, нээлттэй сайд байсан.
Тэрбээр боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэхийн тулд онгоцны тасалбар, хуванцар савтай, элсэн чихэр ихтэй бүтээгдэхүүнүүдэд шинэ татвар оногдуулах хүсэлт гаргаад байсан. Гэвч италичуудад хэтэрхий их татвар аль хэдийнээ оногдуулаад байгаа гэх шалтгаанаар шүүмжлэх хүмүүс олон байсан.