Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Монгол Улсад баривчлах ажиллагаа үндсэндээ шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 59 секунд

ХЗБХ-ны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар ажиллана. Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан судалгааг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд 2020 онд 793 буюу 99.3 хувь, 2021 онд 809 буюу 98.5 хувь, 2022 онд 1075 буюу 99.7 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явагдсан байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд тодорхой дурджээ.

Ийнхүү сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа үндсэндээ шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна" гэв.

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан үндэслэлүүдийг 2020, 2021, 2022 оны байдлаар авч үзвэл, нийт баривчлах ажиллагааны 60-аас дээш хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад үргэлжлүүлэн цагдан хорьсон тохиолдол 2020 онд 448 буюу 56.4 хувь, 2021 онд 496 буюу 61.3 хувь, 2022 онд 595 буюу 55.5 хувийг тус тус эзэлж байгаа гэв. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтний 42.1 орчим хувийг 24-48 цаг хорьсны дараа суллажээ.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.

Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох өөрчлөлт, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагатай бол сунгахтай холбоотой өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Сонгуулийн хэргийг хянан шийдвэрлэх харьяаллыг цагдаагийн байгууллагад хамааруулах, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах, тухайлбал, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгт хүнийг алах; хүчиндэх; үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг; авлигын гэмэт хэрэг; хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг; мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах гэмт хэргүүдийг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг хамааруулж, хулгайлах, мал хулгайлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэргийн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцнэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшилж, Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна хэмээн төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

ЧУУЛГАН: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.