Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүүхдийнхээ гар утсанд байршил тогтоогч суулгая гэж бодож байгаа ч одоохондоо АМЖААГҮЙ байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 52 секунд

Харанхуй гудамжаар алхахдаа энд тэндээс нохой гараад ирэх вий, согтуу хүн хашааны буланд зогсож байх вий хэмээн битүүхэн айдастай гэртээ харьдаг байсансан. Гэвч өнөө үед цаг өөр болж, жирийн нэг таксинд суугаад хэний ч үл мэдэх газарт хүрч, хэрцгий хүчирхийлэгчийн гарт амиа алдах эрсдэл энүүхэнд болж. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд 12-хон настай бяцхан охин томчуудад асар том сануулга өгөөд хорвоогоос одсон. Магад энэ үйл явдлын дараа үртэй хүн бүхэн эмзэглэж, хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хэрхэн арга хэмжээ авах талаар ч хэлэлцэж, хийж болох арга шийдлийг эрж, хайгаад амжсан.

Тэгвэл эл үйл явдлын дараа эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө юу хийсэн бэ эсхүл хийх бус ярьсаар байна уу гэдгийг сурвалжлахаар манай сайтын сурвалжлах баг эцэг эхчүүд болон хүүхдүүдтэй ярилцлаа.

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд сураггүй алга болсон гэх мэдээлэл ихээхэн чих дэлсэх болов. Энэ бол яах аргагүй эцэг, эхчүүдийн хариуцлагатай салшгүй холбоотой.

Бид эцэг эхчүүдийг хүүхдээ хэрхэн хамгаалж байгаа талаар нь тодруулахад,

Хүүхдийнхээ гар утсанд байршил тогтоогч суулгая гэж бодож байгаа ч одоохондоо амжаагүй байна

"Би бага насны хүүхэдтэй. Хүүхдээ хамгаалах арга хэмжээг одоогоор аваагүй байна. Гэхдээ хүүхдээ хамгаалах талаар бодож байна. Сүүлийн үед байршил тогтоогчийг гар утсанд нь суулгаж өгөх талаарх мэдээлэл явж байна лээ. Тэр илүү амар, хялбар санагдсан" гэв.

Мөн өөр нэгэн ээж, "Сүүлийн үед хүүхдүүдийн алга болсон мэдээлэл их сонсогдож байна. Тийм болохоор хүүдээ аль болох автобусанд суугаад, найзуудтайгаа хамт яваарай гэж захидаг. Таксинд сууж болохгүй шүү гэдгийг ч сайн захидаг. Одоохондоо гар утсанд нь байршил тогтоогч суулгаж амжаагүй байгаа. Тийм учраас хүүхдээ гар утсаа унтрааж болохгүй шүү гэж байнга захиж хэлдэг" хэмээсэн юм.

Хүүхэдтэйгээ ихэвчлэн утсаар л ярьдаг. Утас нь унтарвал ямар нэг аргаар холбоо барина

Харин удаах аав, "Хүү маань том болохоор санаа зовох асуудал харьцангуй бага байдаг. Ихэвчлэн гар утсаар ярьж хүүхдээ хаана байгааг нь мэддэг. Өөрөөр байршил тогтоох ч гэдэг юм уу ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа. Бас хүүхдийн маань гар утас унтарвал ямар нэг аргаар холбоо тогтоохыг хичээнэ" гэсэн бол,

Өөр нэгэн ахмад настан, "Биднийг залуу байхад хүүхдүүдээ 24 цагийн ясли, цэцэрлэгт өгчихдөг байсан юм. Гэтэл одоо цаг хэцүү болжээ. Хүүхдүүдээ заавал цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Даанч эцэг, эхчүүдэд ийм боломж байдаггүй юм шиг байна лээ. Бид яахав тэтгэврийн хүмүүс учраас зөөгөөд байж болох л юм. Гэхдээ хүүхэд зөөхийн тулд хэн нэг нь зайлшгүй ажлаасаа гарах хэрэг гараад байдаг юм билээ. Тиймээс яах ёстойг сайн мэдэхгүй л юм. Хамгийн гол нь хүүхдүүдээ л өөрсдөө хүргэж өгч, авах хэрэгтэй" гэлээ.

Бид эцэг, эхчүүдийн хэдхэн төлөөлөлтэй уулзахад дээрх тайлбаруудыг өгч байв. Ихэнх хүүхдүүд ухаалаг утастай болчихсон тул хүүхдийнхээ утсанд байршил тогтоодог аппликейшнүүд суулгах бүрэн боломжтой болсон. Гэвч ээж, аавууд одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байгаагийн дээр хүүхдийнхээ утсыг унтарсан ч ямар нэг арга олно гэх тайлбарыг өгч байв.

Тэгвэл хүүхдүүд уг асуудалд хэрхэн хандаж байна вэ,

ЕБС-ийн ахлах ангийн сурагч, "Ямар нэгэн аюултай зүйл болбол, жишээлбэл таксинд суугаад явахад өөр тийшээ эргэчихвэл хурдан буух оролдлогыг хийх байх. Бас биеэ хамгаалж сурах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ охидуудын хувьд биеэ хамгаалах нь их муу байдаг болохоор аль болох биеэ хамгаалах урлагт суралцаасай гэж боддог. Мөн ээж, аавууд анхаарах хэрэгтэй гэж бодож байна" гэсэн юм.

Харин өөр нэгэн охин, "Сүүлийн үед их айдастай байгаа. Тиймээс би байршил тогтоодог аппликейшн утсандаа суулгачихсан. Үүгээр ээж аав маань бас найз нөхөд маань намайг хаана явж байгааг харах боломжтой. Мөн утас унтарсан ч гэсэн ажилладаг болохоор үеийнхээ найзуудад ч мөн гар утсандаа байршил тогтоодог аппликейшн суулгаарай гэж хэлмээр байна" гэлээ.

Мөн өөр нэг хөвгүүн, "Одоохондоо өөрийгөө яаж хамгаалах талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг зүйл болбол аль болох тусламж хүсэх бас эсэргүүцэл үзүүлэх байх л даа. Бас одоогоор би гар утасгүй байгаа. Ээж, аав маань холбоо барьж чадахгүй гэсэн үг. Ер нь санаа нь их зовдог байх" хэмээсэн юм.

Хүүхдүүдийн зүгээс эцэг, эхийн хараа хяналт гэхээс илүүтэй өөрсдөө биеэ хамгаалахыг чухалчилж байлаа. Гэхдээ бид ахлах ангийн сурагчидтай уулзсан учраас дээрх хариултыг өгсөн байж болох. Гэхдээ бага насны хүүхдэд эцэг, эхийн хараа хяналт маш чухал учир хүүхэд бүрийнхээ гар утсанд үнэгүй ашиглаж болох байршил тогтоогчтой аппликейшныг суулгаж өгөх боломжтой юм.

Түүнээс гадна өнгөрөгч даваа гарагт ЦХХХЯ-аас И-Монголиа платформд "E-Kids" цэсийг шинээр суулгаж өгсөн талаар мэдээлсэн. Энэхүү цэс нь таны хүүхдийг сургуульдаа бас гэртээ очсон эсэхийг мэдээлэх боломжтой. Мөн тус яамнаас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлийг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашиглах боломжийг олгосон талаар мэдээлсэн.

Энэхүү сурвалжилгаараа бид эцэг эхчүүддээ хүүхэд хамгаалах талаар яриад өнгөрөх бус харин бодитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй гэдгийг сануулахыг зорив. Хүүхэд бүр ухаалаг гар утастай болсон өнөө үед хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж бас хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч байршил тогтоогчтой олон үнэгүй программууд, аппликейшнүүд бий бөгөөд И-Монголиагаар ч гэсэн хүүхдэдээ анхаарал тавих боломж нээгдсэн гэдгийг сануулах гэсэн юм.

ШШГЕГ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Биеийн байдал хэвийн байгаа
ШШГЕГ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Биеийн байдал хэвийн байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.