Монгол Улсын зөвлөх эмч , Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долоодугаар сарын 09-ны өдөр " Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Хасу Шивэрт" рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон билээ.
Тэгвэл өнөөдөр Талийгаач Г.Ганжаргалын эхнэр нь суулт зарлаж, 3 дахь удаагаа хийж буй шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардлаа.
Тэрбээр " Гурав дахь удаагийн шинжээчийн багт нүүр ам, судлалын салбар зөвлөлийг оруулсан. Би есдүгээр сарын 22 нд үүнийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байсан. Учир нь талийгаачийг нас барах үед хамт байсан бүх хүмүүс нь нүүр ам судлалын салбарт ажилладаг. Олон удаа эсэргүүцэж хүсэлт гаргасан боловч тогтоолд өөрчлөлт оруулахгүй гэсэн. Аргаа бараад олон нийтэд баримт ил болгосны дараа 7 хоногийн дотор тогтоолоо өөрчилсөн. Одоо 3 дахь удаагийн шүүх шинжилгээний хариу аравдугаар сард багтаад гарна байх.
Миний нөхөр амиа хорлоогүй. Талийгаачийн хумс нь бохир байсан. Яагаад түүнийг шалгаж, шинжилгээ хийгээгүй юм бэ гээд гомдол өгч шинжилгээ хийлгүүлсэн. Хариу нь холимог ДНК илэрсэн. Үүнийг салгаад хэний ДНК холилдсон бэ гэдгийг шалгах боломжтой байтал нуун дарагдуулж хаасан. Мөн өндрөөс унасан үгүйг тогтоохын тулд физикч оролцуулъя гэхэд прокурорын газраас ямар ч боломжгүй гэх хариуг хэлсэн. Мөн өмнө нь шинжээчийн багт орох боломжтой гэж байсан физикчид есдүгээр сард оролцох боломжгүй гэх хариуг хэлсэн. Яагаад бодлоо өөрчилсөн гэдгийг мэдэхгүй байна. Туслах боломжтой бүх мэргэжилтнүүд холбогдохыг хүсэж байна. Эцсийн байдлаар үнэн зөв хариуг гаргаж өгөхийг холбогдох байгууллагаас шаардаж байна" гэв.