Оройтож харихаар болсон нэгнээ таксинд суулгаж өгөхдөө улсын дугаарынх нь зургийг дарж, "Машиных нь номерийг дарчихлаа" хэмээн жолоочид нь сонсогдохоор чанга орилох үе гардаг л биз дээ. Ихэнхдээ хувийн таксинд суусан үед бид энэ үйлдлийг гаргах нь элбэг. Товчхондоо, энэ бол хувийн такси иргэдэд аюулгүй байдал талаасаа баталгаатай, итгэл төрүүлэхүйц хэмжээнд биш байгааг гэрчлэх ганцхан жишээ. Үүн дээр нэмэгдээд сургуульдаа явахаар гараад гэмт этгээдийн гарт амиа алдсан 12 настай охин, хоёрхон хоногийн өмнө таксины жолоочид хүчиндүүлсэн гэх 14 настай охины хэргүүд такси үйлчилгээний зах зээлд хүчээ авсан халтуурчдыг цэгцлэх шаардлагатай байгааг дахин анхаарууллаа. Цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй явсаар байвал гэмт хэргийн хохирогч болох эрсдэл хүн бүр, хүүхэд бүрийн өмнө ирээд байна. Үүнийг энэхүү нийтлэлд дурдагдах дараах тоон баримтууд нотолно.
-Хувиараа такси үйлчилгээнд явж буй 40 мянга орчим иргэн байна-
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жолоодох эрхийн үнэмлэхтэй нэг сая 228 мянга 792 иргэн байна. Үүнээс зөвхөн нийслэлд л гэхэд хувийн такси үйлчилгээ эрхэлж буй 40 орчим мянган иргэн бий. Гэхдээ жолооны үнэмлэхтэй хүн бүхнийг "жолооч" гэж харах нь өрөөсгөл билээ. Тиймээс иргэд та бид болзошгүй эрсдлээс сэргийлж баталгаатай үйлчилгээг сонгох нь зөв юм.
-Цагдаагийн байгууллагад такси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг бүртгэгджээ-
Цагдаагийн байгууллагад 2018 оноос хойш энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд такси үйлчилгээтэй холбоотой буюу таксины жолооч холбогдсон болон хохирсон 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Ингэхдээ 2018 онд хамгийн их буюу 1060, 2021 онд хамгийн бага буюу 247 бүртгэгдсэн байна. Энэхүү тоон мэдээллээс харахад, шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль 2017 онд үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг 2018 онд хамгийн өндөр тоогоор бүртгэгдсэн. Харин 2021 онд энэ тоо эрс буурсан нь цар тахалтай холбоотой хэмээн албаныхан үзэж буй аж.
-Такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэргийн 89.2 хувь нь таксины жолооч өөрөө холбогдсон хэргүүд эзэлж байна-
Такси үйлчилгээтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийг жолооч өөрөө үйлдэж холбогдогчоор тогтоогдсон болон жолооч хохирсон хэмээн ангилж болно. Гэхдээ нийт гэмт хэргийн 89.2 хувь буюу талаас илүү хувьд жолооч өөрөө холбогдогчоор тогтоогдсон байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн эрсдэл бидний эргэн тойронд өндөр байгааг харуулж байна.
-Такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэргийн дийлэнх нь Улаанбаатарт үйлдэгдэж байна-
Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 94.3 хувь буюу 2940 нь нийслэлд, 5.7 хувь буюу 179 нь орон нутагт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт ч такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэргийн гаралт бүртгэгдсээр байна.
-АНХААР: Сүүлийн таван жилд 60 таксины жолооч үйлчлүүлэгчээ хүчинджээ-
Хувийн такси үйлчилгээнд тавих хамгийн том шалгуур бол аюулгүй байдал. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд 60 таксины жолооч үйлчлүүлэгчээ хүчиндсэн гэх ноцтой тоон баримт байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гэмт хэргийн цаана энэ тооны хохирогч бий болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон гэсэн үг юм. Үүнийг задалбал, он гарсаар зургаан таксины жолооч үйлчлүүлэгчээ хүчиндсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй аж.
-223 жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдсэн гэх хэргээр шалгагджээ-
Эдгээрээс гадна дараах байдлаар таксины жолооч нар гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хуулиар шалгагджээ. Үүнд:
- 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох хэргээр 3,
- Хулгайлах хэргээр 433,
- Залилах хэргээр 114,
- Хөрөнгө завших хэргээр 103,
- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших хэргээр 1698,
- Эд хөрөнгө устгах, гэмтээх хэргээр 4,
- Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах хэргээр 3 жолооч холбогдон шалгагджээ.
-Хоёр жолооч бусдын гарт амиа алджээ-
Өмнө дурдсанчлан такси үйлчилгээтэй холбоотой бүртгэгдсэн гэмт хэргүүд дунд таксины жолооч өөрөө гэмт хэргийн хохирогч болсон тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Тэгвэл дээр дурдсан гэмт хэргүүдээс гадна дараах байдлаар хохирогч болжээ. Үүнд:
- Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 103,
- Хулгайлах хэрэгт 63,
- Дээрэмдэх хэрэгт 39,
- Залилах хэрэгт 89,
- Хөрөнгө завших хэрэгт 4,
- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших хэрэгт 19,
- Эд хөрөнгө устгах, гэмтээх хэрэгт 8,
- Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах хэрэгт 3,
- Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах хэрэгт нэг жолооч хохирогч болж, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
-Таксинд явдаг иргэдийн 22% нь бүтэн өдрөөр, 78% нь ажлынхаа завсар зайгаар таксинд явдаг-
Улаанбаатар хотод 414 мянган өрх бий. Түүний 10 өрх тутмын нэг өрхийн гишүүн нь хувиараа такси үйлчилгээнд явж орлого олдог байна. Харин такси үйлчилгээнд явж буй иргэдийн дийлэнх нь ажлынхаа завсар зайгаар явдаг аж.