Сүүлийн өдрүүдэд иргэдийг цочирдуулам хэргүүд шил дараалан гарсаар байна. Эдгээр хэргийн хохирогч бага насны хүүхдүүд байгаа нь иргэдэд том цохилт болж, олон асуудлыг бодогдуулах болжээ. "Онц ноцтой гэмт хэрэгтэн 12 настай охины амийг хохироожээ" гэх харамсалтай мэдээлэл сонсоод иргэдийн зүгээс Цаазын ялыг сэргээхийг эрх баригчдаас шаардаж эхэлсэн. Уг асуудал намжаагүй байхад гэмт хэргүүд цуварсаар байгаа нь олны эгдүүцлийг улам хүргэж, цаазын ялыг хүчтэйгээр дэмжсээр байна.
Тэгвэл Монгол Улс Цаазын ялыг сэргээх боломжтой юу, сэргээснээр ямар үр дагавар гарах талаар Хуульч, өмгөөлөгч А.Эрдэнэтулгатай ярилцлаа.
"Цаазын ял бол хуульчлагдсан АЛЛАГА"
-Сайн байна уу. Сүүлийн үед олон нийтийг цочирдуулам олон хэргүүд гарч байна. Иргэдийн зүгээс гэмт хэрэгтнүүд байж боломгүй харгис үйлдэл хийж байгаа тул цаазын ялыг сэргээхийг эрх баригчдад санал болгож байгаа. Цаазын ялыг сэргээх нь ямар үр дагавартай вэ?
-Маш олон жил цаазын ялыг сэргээнэ, сэргээхгүй гэдэг асуудал нийгэмд яригдаж ирсэн. Цаазын ял бол хуульчлагдсан аллага гэж хэлж болно. Бид яагаад хуульчлагдсан аллагыг хүсээд шаардаад байгаа юм. Хэрэв цаазын ялыг сэргээвэл энэ олон гэмт хэргүүд алга болно гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ нэмэгдэнэ. Манай Улс өмнө нь цаазын ялтай байсан. Тухайн үед гэмт хэргийн тоо огт буурч байгаагүй. Мөн цаазын ялыг халснаар гэмт хэргийн тоо огцом өсөөгүй шүү дээ.
Манай улсын ялын бодлого, хуулийн хэрэглээ тэгш бус байгаа нь нийгэмд хэт их төвлөрөл үүсгэж иргэд үүнийг эсэргүүцэж, туйлдаа хүрснээр цаазын ялыг сэргээх талаар яриад байгаа юм.
-Ер нь цаазын ялыг сэргээх боломжтой юу?
-Монгол Улс олон улсын гэрээ, конвенцын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Мөн НҮБ-ын гишүүн. НҮБ-ын нэмэлт протоколд улс орнууд авлига, цаазын ялыг хална гэж байдаг. Энэхүү нэмэлт протоколд 2012 онд манай орон нэгдсэнээр цаазын ялыг халсан. Тиймээс бид үүнийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргээс татгалзвал манай улсын эдийн засаг, байр суурьт маш олон сөрөг үр дагавар авчирна. Хоёрдугаарт, олон улсын гэрээ конвенцод нэгдэж орсон улс татгалзах эрх байдаггүй. Гарах зохицуулалт огт байхгүй гэсэн үг.
"Цаазын ялыг сэргээснээр гэмт хэрэг огт БУУРАХГҮЙ. Харин ч хүчирхийлэл ДАЛД хэлбэр рүү шилжинэ"
-Дээрх үүргээс татгалзаж, цаазын ялыг сэргээвэл гарах үр дагавар ямар байх вэ?
-Бид дээрх олон улсын өмнө хүлээсэн үүргээс татгалзаж, цаазын ялыг сэргээлээ гэж бодъё. Эерэг үр дүн бараг гарахгүй. Эсрэгээрээ маш олон сөрөг үр дагаврыг бий болгоно. Жишээ нь, аливаа гэмт хэрэг хүчирхийллийн хэрэг нь гэр бүлийн хүрээнд их үйлдэгддэг. Тиймээс гэр бүлийн хүнээ цагдаагийн байгууллагад шалгуулахгүй шүү дээ. Гэр бүлийнхээ гишүүнийг цаазлуулчихвал яах юм гээд айна. Ингэснээр хүчирхийлэл, аливаа гэмт хэрэг далд хэлбэр рүү шилжих аюултай.
Дараагийн эрсдэл нь гэмт хэрэгтнүүд нэгэнт хэрэг үйлдээд цаазлуулах нь тодорхой учраас хэргээ нуун дарах, ул мөрөө баллах зэрэг үйлдлийг хийнэ. Мөн хохирогчийн амь насыг хохироогоогүй хэдий ч баригдахгүйн тулд хохирогчийн амь насыг бүрэлгэх шийдвэр гарах зэрэг том эрсдлүүд бий болох магадлалтай. Хэт их өндөр ял буцаад үүсэж байгаа гэмт хэргийг улам газар авхуулах, дэвэргэх тохиолдол байдаг. Тиймээс цаазын ялыг сэргээх ёстой гэж хэлэх боломжгүй.
Харин бид эдгээр гэмт хэргийг буруулах тэмцэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Энэ нь ялын тэгш бодлого мөн ялыг үйлчилгээг сайжруулах ял завших боломжийг нь л хязгаарлаж өгөх хэрэгтэй байна.
"Монгол Улсын Дээд шүүхийн бүртгэлд хилс хэргээр гүтгэгдэж цагаатгагдсан 14 мянга гаруй хүн бий"
-Цаазын ялыг сэргээснээр хилс хэргээр хэлмэгдэж, амь насаа алдах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Монгол Улсад хилсээр ял эдэлсэн хэдэн хүн байдаг вэ. Мөн өөр улсад хилс хэргээр цаазын ял сонссон олон хүн байдаг байх?
-Дэлхийн түүхэнд хамгийн харгис цаазын ялын хэд хэдэн тохиолдол байдаг. Иран улс 10 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэйн хамт цаазалж байсан. Монгол Улсын иргэд ийм зүйлийг хүсээд байгаа юм уу. Мөн манай улсын Улс төрийн соёл тогтворжоогүй. Иргэдийн сэтгэл зүй төлөвшөөгүй байгаа. Гэнэт цаазын ялыг сэргээвэл энэ олон шүгэл үлээгч нар улс төрийн зорилгоор гэмгүй хүмүүсийг цаазын ялын золиос болгох магадлалтай.
Монгол Улсын Дээд шүүхэд цагаатгалын бүртгэл гэж бий. Үүнийг харахад хилс хэргээр ял эдэлсэн 14 мянга гаруй хүний бүртгэл байна. Хэрвээ бид цаазын ялтай байсан бол эдгээр хүмүүс ямар нөхцөл байдалд орох нь ойлгомжтой байсан. Мөн шүүхийн процессын явцад ямар нэгэн алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Хилс хэргээр гүтгэгдсэн иргэд цаазлуулсны дараа гэм буруугүй гэх баримт гарч ирвэл бид тэр хүний эрхийг яаж сэргийлүүлэх юм. Ямар ч боломжгүй болно. Буцаад амьдруулж чадахгүй шүү дээ. Ингэснээр нийгэмд бүр их бослого үймээн дэгдэнэ. Тиймээс энэ асуудал дээр маш ул суурьтай хандах нь чухал.
-Олон нийтийн сүлжээнд уг асуудалтай холбоотой иргэд олон талын байр суурь илэрхийлж байна. Үүний нэг нь насаараа хорих ял сонссон хэрэгтэнд цаазын ял бараг шагнал болно гэх мэт. Энэ байр суурийг та юу гэж дүгнэж байна?
-Би мэдээж хувь хүний үзэл бодлыг зөв, буруу гэж хэлэхгүй. Бүх насаараа хоригдох иргэдэд нэг боломж бий. Тухайн гэмт хэрэгтнийг үйлдээгүй гэдэг нь тогтоогдвол тухайн хүний амьдрал цааш үргэлжилнэ. Бид нар амьдрах эрхийг нь хязгаарлаж болохгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа