Гэрээс сургууль хүртэлх зай хамгийн аюултай зам болсныг хичээлдээ явахаар гэрээсээ гараад хурд хэтрүүлсэн жолоочид мөргүүлж амь насаа алдсан 13 настай охин, онц ноцтой гэмт хэрэгтэнд хулгайлагдаж, харамсалтайгаар амьсгал хураасан 12 настай охины кэйсүүд хангалттай нотолж, анхаарал хандуулах цаг болсныг нэхэн сануулсан. Харамсалтай нь юу ч өөрчлөгдсөнгүй. Өнөөдөр ч хүүхдүүд эрсдэл дунд, айдаст автан алхаж байна. Тодруулж хэлбэл, сургуулийн автобус, нийтийн тээврийн аль нь ч явдаггүй учраас БЗД-ийн 35-р хорооны хүүхдүүд гэрээсээ сургууль хүртэлх 2-3 км замыг хөлчүү эрс, гудамжны нохдоос айн, амьсгаа өндөр туулж байна.
Хүүхдүүд нь эрсдэлтэй замаар өдөр бүр алхаж, айдас, түгшүүртэй өдөр хоногийг өнгөрүүлж байгаад бухимдсан ээжүүд бидэнд хандаж, нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлж өгөхийг хүссэн юм.
Бид нөхцөл байдлыг сурвалжилахаар БЗД-ийн 35 дугаар хороонд очсон юм. Машинаар 10 гаруй минут зарцуулан туулж байгаа нарийн гудамжаар хүүхдүүд автомашинтай зохицон, хашаа даган алхаж байгаа дүр зураг биднийг угтав. Өдрийн ээлжийн хүүхдүүд хичээлээ тараад гэр рүүгээ алхаж буй нь энэ аж. "Гэрээс сургууль хүртэлх зай хол, замд нь таарах ноход, заримдаа таардаг согтуу ах нараас хамгийн их айдаг" хэмээгээд камераас зугтах хүүхдүүд сургуулийн автобус явдаггүй гээд хэлчихвэл багш нар нь үзчих болов уу гэдгээс эмээж байгаа нь илт байсан учраас хүүхдүүдэд дарамт болохийг хүссэнгүй. Ээжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.
""ЭЭЖЭЭ СОГТУУ ХҮН ТААРЛАА. АРААС ХҮН ДАГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДААД АЙЛАА” ГЭЭД ЗАЛГАДАГ"
87 ДУГААР СУРГУУЛИЙН НАЙМДУГААР АНГИЙН СУРАГЧИЙН ЭЭЖ
-Манай охин 13 настай. Наймдугаар ангид сурдаг. Өнгөрсөн жил сургуулийн автобусаар хичээлдээ явдаг байсан. Энэ жилээс сургуулийн автобус нь явахаа больчихсон. Хүүхдүүд аюултай замаар явж байна. Автобус явуулаад өгөөч гээд сургуульд нь хүсэл гаргасан чинь “Автобус эвдэрсэн, жолооч байхгүй” гэх хариултыг өгсөн. Бидний хүүхдүүд ийм эрсдэлтэй замаар өдөр бүр айдастай алхаж байхад сургуулийн зүгээс ийм тайлбар тавиад хөдлөхгүй байгаад маш их харамсаж байна. Миний хүүхэд сургуульдаа явахын тулд 2-3 км замыг алхаж туулдаг учраас өглөө 6.30 гээд гэрээсээ гардаг. Үүрээр харанхуй гудамжаар ганцаараа алхаж байгаа гэж бодохоор айж, санаа зовдог ч ээлжийн ажилтай учраас арга буюу ганцааранг гаргаад явуулдаг. Заримдаа ээжээ “Согтуу хүн таарлаа. Араас хүн дагаад байгаа юм шиг санагдаад айлаа” гээд залгадаг. Сургуулийн автобус, нийтийн тээврийн аль нэг нь явдаг байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй. Эрсдэл байна шүү гэж хэлж яриад, хэл ам хийгээд байхад тоохгүй суучихаад хүүхэд хохирсны дараа гэнэт ухаарсан юм шиг ажил хийдгээ болих хэрэгтэй. Энд бол хүүхэд хохирох нь цаг хугацааны л асуудал болчихоод байна. 2-3 жилийн өмнө хамаг юмаа гаргачихсан согтуу нөхөр хашааны завсараар хүүхдүүд рүү орилж, айлгасан тохиолдол гарсан тухай нэг ээж ярьж байсан. Дахиад ч ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэлээ.
"НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРДАГ БИШ УРЬТАЖ ХАМГААЛДАГ БАЙХ ЁСТОЙ"
87 ДУГААР СУРГУУЛЬД ХОЁР ХҮҮХЭД НЬ ЯВДАГ ЭЭЖ
-Хүүхдүүд хичээлдээ явахын тулд 25-30 минут алхдаг. Хичээл нь оройтож тардаг учраас оройдоо такси бариад гэртээ ирдэг. Гэтэл такси аюултай унаа болчихлоо гээд шуугиад эхэллээ. Одоо бүр яах учраа ч олохгүй байна. Алхах аюултай. Такси барих бүр ч аюултай. Тэглээ гээд өдөр болгон хүргэж өгч аваад байж чадахгүй. Ажлаа хийх ёстой. Сургуулийн автобусаа явуулаад, нийтийн тээврийн шугамтай болчихвол өөр хүсэх юм алга. Ниргэсэн хойно нь хашгирдаг биш урьтаж хамгаалдаг байх ёстой.
"XXI ДҮГЭЭР ЗУУНД УЛСЫНХАА НИЙСЛЭЛД АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД ХАРАНХУЙ ГУДАМЖААР АЙДАСТАЙ АЛХАЖ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ӨРӨВДӨЛТЭЙ"
87 ДУГААР СУРГУУЛИЙН ДОЛДУГААР АНГИЙН СУРАГЧИЙН ЭЭЖ
-Манай гэр 87 дугаар сургуулиас яг гурван км-ын зайтай. Бараг 40 минут алхдаг. XXI дүгээр зуунд улсынхаа нийслэлд амьдарч байгаа хүүхдүүд харанхуй гудамжаар айдастай алхаж байгаа нь дэндүү өрөвдөлтэй. “Ээжээ би нохойнд хөөгдөөд” гээд амьсгаадаад ороод ирэхээр сэтгэл өвддөг ч бага насны хүүхэдтэй учраас өдөр болгон хүргэж өгч, аваад байж чаддаггүй. Автобус явуулчихаж болдоггүй юм байхдаа гэж амандаа үглэж, стресстэхээс хэтрэхгүй байна.
Энэ бол ээжүүдийн төлөөллийн байр суурь. Тэд тийм ч их юм хүссэнгүй. Хүүхдүүдээ эрсдэлд оруулмааргүй байна. Сургуулийн автобусыг буцаагаад явуулаад өгөөч гэх ганцхан зүйлийг хүсч байгаа гэдгээ дуу нэгтэйгээр хэллээ6
Тиймээс бид 87 дугаар сургуулийн захирал А.Алтаншагайтай уулзаж, сургуулийн автобусыг яагаад явуулахаа больсон. Хэзээнээс явуулж эхлэх вэ гэдэг асуултад хариулт авсан юм.
"Л.АЛТАНШАГАЙ: ХЭДИЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА НЬ ДУУССАН Ч ЭНЭ САРДАА БАГТАЖ ЗАСВАРЛААД СУРГУУЛИЙН АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАНА"
БЗД-ИЙН 87 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ
Тэрбээр, "Сургуулийн автобусыг сургуулийн захиргаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаад өнгөрсөн хичээлийн жилийг дуустал явуулсан. Манай автобус ашиглалтын хугацаа нь дуусаад техникийн шинэчлэл хийх шаардлагатай болчихсон. Яг одоогийн байдлаар эвдэрчихсэн зогсож байгаа. Хоёрдугаар хүний нөөцийн асуудал байдаг. Сайдын 2018 оны А/24 гэдэг тушаалаар жолооч болон манаачийн орон тооны нормативыг тогтоосон учраас сургууль орон тоогүй болчихсон. Энэ хичээлийн жил эхэлсний дараа орон тоонд байхгүй ч жолооч авч ажиллуулж болно гэсэн чиглэл ирсэн. Тиймээс бид эхлээд техникийнхээ асуудлыг шийдэж, автобусаа засварлаад дараа нь жолоочоо авч автобусыг үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна. Хэдий ашиглалтын хугацаа нь дууссан ч энэ сардаа багтаж засварлаад сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргана” гэлээ.
Бид ээжүүд болон сургуулийн удирдлагын байр суурийг авч хүргэлээ. Өнгөрсөн жил явж байсан сургуулийн автобус ашиглалтын хугацаа нь дуусч, хүүхэд тээвэрлэхэд хүндрэлтэй болсон ч үйлчилгээнд гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас энэ сардаа багтаж, засварлаад гаргана гэдгийг сургуулийн захирал онцоллоо. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд аюултай замаас, аюултай автобусанд шилжих нь.