Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өргөн бариад буй. Төсвийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногоос хийж эхлэх бөгөөд ХҮН нам өчигдөр мэдээлэл хийх үеэрээ төсвийн зарлагыг хуульд заасан зарчим, хязгааруудыг зөрчин хэт их тэлэлт хийсэн хэмээн мэдэгдсэн. Тэгвэл 2024 оны төсвийн талаар эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт Монголбанкнаас өргөн барьсан төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцсэн. Ирэх оны төсвийг Монголбанкнаас оруулж ирсэн мөнгөний бодлоготой хэр сайн уялдаатай боловсруулсан гэж та бүхэн харж байна вэ?
-Монголбанкнаас мөнгөний бодлогыг боловсруулахдаа Засгийн газарт нэлээн олон удаагийн анхааруулгыг өгсөн. Төсөв хэт тэлбэл инфляцын 6+/-2 нэгж хувийн интервалд байлгах зорилтоо хангахад хэцүүхэн гэдгийг хэлж сануулсан. Харамсалтай нь, Засгийн газар энэ анхааруулгыг тоож авч үзсэнгүй. Төсөвт 27 их наяд буюу түүхэнд байхгүй өндөр дүнг тавьлаа. Төсвийн зарлагыг 5.1 их наядаар эрс нэмэгдүүлж байна. Энэ нөхцөлд мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр аргагүй болчихож байгаа хэрэг. Бодлогын хүү 13, бизнесийн зээлийн хүү 18-20 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, бодит амьдрал дээр мөнгөний хатуу бодлого маань эргээд л үргэлжлэх нь байна. Ард иргэдийн амьдралд хүндээр тусахаар байна.
-ХҮН намын зүгээс ирэх оны төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн гэж мэдэгдсэн. Үүнийг тодруулбал?
-Хэд хэдэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал, төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Мөн энэ оны тавдугаар сард ирэх гурван жилийн төсөв ямар байхыг төлөвлөж Төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Гэтэл тухайн дүнгээ нэмэгдүүлээд ороод ирлээ. Таван их наядаар. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалтаа зөрчиж ирэх оны төсвийг оруулж ирсэн. Энэ нь УИХ-ын баталсан шийдвэр хэрэгждэггүй, төсвийн сахилга бат сул байгааг харуулж байна.
-Төсвийн зарлагыг 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснийг сонгуульд зориулсан төсөв хэмээн харж байна уу?
-Тэгэлгүй яахав. Төсвийн хөрөнгө оруулалтыг 30 хувиар нэмэгдүүлээд оруулаад ирсэн. 9.1 их наяд төгрөгийн шинэ төсөл хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Үүнд мэдээж хэрэг сургууль, цэцэрлэгийн барилга багтана. Түүнээс гадна соёлын төв, хөшө дурсгал, ахмадын өргөө, залуучуудын төв зэрэг ямар ч үр өгөөжгүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр ороод ирсэн байна.
Аймаг, сум дахь иргэдийн амьдралыг хар л даа. Яг үнэндээ тэнд цэвэрлэх байгууламж, усны эх үүсвэр, дулааны эх үүвсэр байхгүй байна. Гэтэл модон жорлонтой хэр дахиад л хөндий цемент босгохоор төсөвт тусгасан байна. Үүний ард санхүүжилтийг нь авах эзэн нь тодорхой. Түүнээсээ цавчаа хийгээд сонгуульдаа зарцуулах гэж байна гэх хардлага байна.
-Таны хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд нийгмийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд төсвийн хөрөнгө оруулалт чиглэж байгаа нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхэд төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллах шаардлагатай байна вэ?
-Ирэх оны төсвийн зарлагаа харахаар ДНБ-д эзлэх нь 36.7 хувь байгаа. Энэ бол түүхэндээ байхгүй өндөр хувь. Бид буцаад төрөөс хамааралтай социализм байгуулах гээд байгаа юм уу. Төрийн өмчийн оролцоотой газар нөгөө л авлига, хулгай, үр өгөөжгүй байдал байдаг. Нэг хүний хийх ажлыг таван хүн хувааж хийгээд сул цалин авч байдаг байдал цаашид ч үргэлжлэх гээд байна шүү дээ. Энэ байдлаас болоод сүүлийн 10 жил манай дотоодын нийт бүтээгдэхүүн доллараар өсөөгүй. Зогсонги байдалд орчихоод байгаа юм. Бид өсөхгүй, хөгжиж дэвшихгүй байна. Статистик мэдээллээс харахад, сүүлийн 7 жилд өрхийн орлогын хэмжээ буурсан. Бодит орлого буурсан. Хүмүүсийн орлого инфляцыг дагаж өсөхгүй байна шүү дээ. Тэгэхээр төрийн өмчийн оролцоо их байх тусам үр өгөөжгүй байдал үүсч байдаг, эдийн засаг хөгждөггүй.
Төр бизнес хийх шаардлагагүй. Энэ их төрийн өмчийн компаниуд, уурхайнуудаа хувьчлах хэрэгтэй. Тохижилт үйлчилгээний газрыг хүртэл хувьчил л даа. Маш өндөр өртгөөр хог хураагаад байдаг. Тэгсэн хэрнээ үр өгөөжгүй, чанаргүй, хог нь сагсайгаад л байгаа шүү дээ. Хувийн хэвшилд оччихвол арван хүний хийх ажлыг нэг хүн хийнэ, техникээ авч ирээд зардлаа хямдруулна. Энэ мэт байдлаар эдийн засаг маань өөрөө өөрийгөө цэвэршүүлээд, өөрчлөгдөөд хөгжил дэвшилтэй цуг алхах гээд байна шүү дээ. Тэгэхээр төр бизнес хийх хэрэг байхгүй. Харин бизнес хийх орчныг нь л бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бусдыг нь хувийн хэвшил өөрөө хийчихнэ шүү дээ.
-Төсвийн төсөлд тусгагдсан чухал агуулга бол тэтгэвэр тэтгэмжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан явдал. Үүнийг ч бас сонгуульд зориулсан төсвийн нэг хэсэг нь гэж дүгнэж байна уу?
-Ирэх оны зургаадугаар сард сонгууль болно. Сонгуулиа дөхүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэхээр болсон байна. Нэмж байгаа нь зөв. Гэтэл төсвийн зарлага өөрөө инфляцыг өдөөх хэрэгсэл болчихоод байна шүү дээ. Төсөв 20 хувь тэллээ. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдээгүй байхад мөнгө 20 хувиар нэмэгдэхээр юу болж хувирах вэ. Үнийн өсөлт, инфляци гэдэг зүйлтэй чинь хүссэн хүсээгүй нүүр тулна шүү дээ. Бидний худалдаж авдаг сүү 4 мянга гаруйтай байхад 6 мянга ч болох нөхцөл бий болно. Тэгэхээр хүмүүсийн аж байдал улам ядуурахаар байгаа байна.
Ирэх жил инфляци 15 орчим хувьтай байна гэж бид таамагласан. Гэтэл дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр тэтгэмж нь 10 хувиар нэмэгдэх юм байна. Үр дүнд нь ард иргэд 5 хувиар ядуурахаар байна.
-Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд ямар зөвлөмж, дүгнэлтийг өгөхөөр байна?
-Дарга, сайд нар хөдөө орон нутгаар яваад "Та нар юу хүсэж байна" гэж асуугаад хүслийн жагсаалт гаргаад Засгийн газартаа өгчихөж байна. Түүнийх нь дагуу Сангийн яам төсвийн зарлагаа бодож байна. Тэндээсээ эргүүлээд бодит эдийн засгаа, ДНБ-ий тооцоогоо "Хүслийн жагсаалт"-аараа бодоод байна. Логикийн хувьд буруу байна. Зарлагаа түрүүлж тавьчихаад төсвийн орлого, зарлагаа хийсвэрээр тооцоолж тавьж байгаа юм. Тэгэнгүүтээ ирэх онд эрдэс баялгийн, татварын орлогуудаа хэт хийсвэр тавьсан байна. 60 сая тонн нүүрс экспортлохоор болсон. Алт, зэсийн хэмжээг мөн л өндөр дүнгээр тавьчихсан. Нүүрс зарж байгаа үнээ хар л даа. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д манай улсын зарж буй нүүрсний үнэ 100 орчим ам.доллар л байна. Дээш, доош хэлбэлзэлтэй. Оффтейк гэрээнд заасан нүүрс үүнээс ч бага үнээр борлуулагдаж байгаа. Гэтэл бид орлогоо хийсвэрээр тавиад байна. Энэ маш эрсдэлтэй.
-Ярилцсанд баярлалаа