Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

18 нас хүрсэн бол орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд НЭР ДЭВШИЖ болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 51 секунд

Орон нутгийн Хурлын ээлжит сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр болно. Удахгүй болох гэж буй орон нутгийн сонгуультай холбогдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг танилцуулж байна. 

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь 11 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгажээ. 



1.Өнөөдрийг хүртэл орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан асуудлыг арилгаж орон нутгийн Хурлын дахин болон нөхөн сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулах, дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулахаар хуульчлав.

2.1996 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсноос хойш орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирснийг сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор нээж өглөө.

3.Төлөөлөгчдийн Хуралд 18 насанд хүрсэн, энэ хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэн нэр дэвших боломжтой боллоо.

4.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана.

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн Орон нутгийн Хурлын сонгуулийг аль болохоор улс төржүүлэхгүй байх зорилгоор:
  • мөнгөн хандивийн хэмжээг иргэний хувьд 2 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөг хүртэл байхаар бууруулав;
  • сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгон багасгав;
  • нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болов.

6.Орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд анхны удаа квотын асуудлыг хөндсөн бөгөөд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байхаар зохицуулсан болно.

7.Орон нутгийн Хурлын сонгууль нь намар орой болдог зэрэг онцлогийг харгалзан санал хураалтыг 20 цагт хаадаг байхаар хуульчлав

8.Нэр дэвшигч нь авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

9.Хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.


Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж унших боломжтой. 

Б.Ууганбаяр: Тусгаарлах байрны төлбөрөө төлж чадахгүй байгаа иргэд ажил хийж төлбөрөө барагдуулж байна
Б.Ууганбаяр: Тусгаарлах байрны төлбөрөө төлж чадахгүй байгаа иргэд ажил хийж төлбөрөө барагдуулж байна
 
ЭЗБХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг хэлэлцэнэ
ЭЗБХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.