Тэнд ч бага насны хүүхэд өндрөөс унав, энд ч бага насны хүүхэд машинд дайруулав.
Өдөр бүр бид бага насны хүүхдүүдийн амь насаа алдаж буй харамсалтай мэдээг сонсож, өмнөөс нь халаглаж сууна. Магадгүй энэ мэт үйл явдал байнга тохиолдож, гунигт мэдээ чих дэлссээр эцэс сүүлд нь дасаж эхлэх вий хэмээн битүүхэн айдас ч төрнө. Хүүхдийг яагаад "хүүхэд" гэж нэрлэдэг билээ. Бүр яагаад "бага насны хүүхэд" хэмээн онцгойлон дууддаг билээ.
Энэ бол мэдээж бага насны хүүхдийн бие даах чадвар, аливааг сэтгэн бодох, ард үлдэх үр дагаврыг урьдчилан таамаглах чадвар дутуу дулимаг байдагтай холбоотой. Тэр ч бүү хэл бага насны хүүхдийг хэн нэгэн насанд хүрсэн хүн заавал асран хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсөж торниход нь анхаарал тавьж байх ёстой. Гэтэл хүүхдэдээ зайлшгүй хараа хяналт тавих ёстой томчууд учирч болох эрсдэлээс багахан ч болов урьдчилан сэргийлсэн бол өнөөдөр тэр олон хүүхэд тэнгэрийн орон руу морилохгүй байсан нь лавтай.
Хамгийн сүүлийн харамсалтай тохиолдлыг энд жишээ болгон дурдахад, Амьдралд дөнгөж хөл тавьж буй 10 ч хүрээгүй гурван бяцхан үр, шил шилээ дараалан өндөр байшингийн цонхоор тэр дундаа хамгийн аюулгүй гэгдэх гэрийнхээ цонхноос унаж амь насаа алдав.
Хэдхэн хоногийн зайтай болсон энэ үйл явдал нэг гэрийн амин эрдэнийг нөгөө гэрийн хоёр энхрий үрийг зэрэг шахам бурхны орон руу хөтлөв. Учир нь цонхны хаалт байгаагүйгээс үүдэн бас бага насны хүүхдүүдээ гэртээ цоожлоод үлдээдэг эртний уламжлалт сэтгэхүйгээс улбаалан гурвын гурван бяцхан амь өнөөдөр үгүй боллоо. Энэ бол яах аргагүй асран хамгаалагчдын, аав, ээжийн хариуцлагагүй байдлын үр дагавар. Миний хүүхэд уначих вий, миний хүүхэд гэмтчих вий гэсэн багахан сэтгэл байсан бол өнөөдөр гурван бяцхан хүүхэд ээж, аавдаа эрхлээд, найзуудтайгаа тоглоод сууж байх байлаа. Харамсалтай нь томчууд бидний хариуцлагагүй үйлдлийн балгаар энэ байдал гуниг харууслын нулимсаар байраа сэлгэв.
Тийм ч учраас эцэг, эхчүүд та бүхэн энэ мэт харамсалтай үйл явдлаас нэгийг бодож, хоёрыг тунгаан гэрийнхээ цонхонд чанартай хаалт хийж, хүүхдийнхээ аюулгүй байдалд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Магадгүй өнөөдөр айл бүхэн гэрийнхээ цонхонд чанартай хаалт хийлгэж эсхүл аюулгүй байдлыг нь хангах ямар нэг алхам хийвэл алгын чинээхэн үр тань эрүүл, аюулгүй өсөж торнино шүү дээ. Тийм ч учраас энэ удаагийн чөлөөт бичвэрээрээ эцэг эхчүүд, томчууд та бүхнийг хариуцлагатай байж, хүүхдийнхээ аюулгүй байдалд өнөөдрөөс ч хамаагүй анхаараасай хэмээх уриалгыг дэвшүүлж байна.