Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсжээ. Тодруулбал, 2023 оны эхний есөн сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23.7 сая тонн ачаа тээвэрлэсэн тоон үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар илүү байна.
Тэр дундаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46.1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харуулж байгаа юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой.
УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны 2 дугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр хятад болон оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм.
Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгожээ.