Өдгөөгөөс таван жилийн өмнө нийслэлчүүд улиг болсон түүхий нүүрсээ халж "Сайжруулсан шахмал түлш"-ийг галлагаандаа хэрэглэх болсон. Гэвч нийслэлчүүд таван жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй ч угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал хэвшилд суралцаагүй байгааг бид өдөр бүр чих дэлсэж буй харамсалтай үйл явдлуудаас харж болно.
Учир нь угаарын хийн дуудлага хавар, намрын улиралд их ирдэг бөгөөд үүний гол шалтгаан нь иргэд гал түлснийхээ дараа "ЯНДАНГАА АВЧ, ӨРХӨӨ БИТҮҮЛДЭГ"-ээс үүддэг байна. Түүгээр ч зогсохгүй зарим айлууд яндандаа хаалт хийж, угаарын хий мэдрэгчээ чанга дуугарч байна хэмээн унтраагаад орхидог аж. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг энэ удаа СБД-ийн гэр хорооллын айлуудаар явж дараах сурвалжилгаа бэлтгэлээ.
СБД, 13-р хороо,
Нийслэл хотод 200 мянга гаруй гэр хорооллын айл өрх бий. Үүнээс 50 мянга гаруй нь угаарын хий мэдрэгчгүй байна.
Ubn.mn сайтын сурвалжлах баг "Тавантолгой Түлш" ХХК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн СБД-ийн мэргэжилтнүүдтэй хамт тус дүүргийн 13-р хороонд оршин суух хэд хэдэн өрхөөр зочлов.
Эдгээр өрхүүд бүгд угаарын хий мэдрэгчтэй аж. Гэхдээ угаарын хий мэдрэгч нь мэдээлэл дамжуулагчтай болон энгийн гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд мэдээлэл дамжуулагчтай өрхүүдэд ямар нэг угаарын хий мэдрэгдвэл бидний нэрлэж заншсанаар 32-ын тойрогт байрлах "Тавантолгой Түлш" ХХК-ний ХҮТ-д газар дээрээ мэдээлэл ирдэг гэнэ.
Бид СБД-ийн 13-р хорооны иргэн Ж.Оюунчимэгтэй хэсэг хором ярилцахад тэрбээр,
Гэрээ галлахдаа хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй
"Манайх нялх хүүхэдтэй учраас түлшээ маш багаар түлдэг. Мэдээж хэрэг хувь хүний хариуцлага хамгийн түрүүнд яригдах учраас хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна манайд энгийн буюу зайгаар ажилладаг угаарын хий мэдрэгч бий. Байнга асаалттай байлгадаг.
Мөн энгийн угаарын хий мэдрэгч нь тог тасарсан үед ч ажиллагаатай байна гэсэн үг. Учир нь гэр хороололд тог цахилгаан хязгаарлах тохиолдол мэр сэр гардаг тул мэдээлэл дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тоггүй үед ажиллахгүй гэсэн үг. Тиймээс энгийн нь илүү амар байдаг юм. Сүүлийн үед хүмүүс угаартлаа гэх мэдээлэл их сонсогддог. Энэ бол тухайн хүмүүсийн хариуцлагатай шууд холбоотой шүү дээ" гэлээ.
Бид үргэлжлүүлэн ХҮТ-ийн СБД хариуцсан мэргэжилтэн Д.Баярсайханаас иргэдийг яагаад угаарын хийн эрсдэлд орж буй шалтгааныг тодруулахад,
Иргэд түлшээ бүрэн унтраагүй байхад яндангаа авч, өрхөө битүүлдэг. Үүнээс болж угаартаж байна
"Манай дүүргийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 15 мянга гаруй өрх хэрэглэдэг. Өдөр бүр манай хяналтын ажилчид айлуудаараа явж, хяналт шалгалт хийж байна. Угаарын хий яг юунаас үүдээд байна вэ гэхээр ихэнх айл, өрхүүд бороо орсон үед эсвэл хүйтэн өдрүүдэд түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад нь яндангаа авч, өрхөө бүтээж байна. Үүнээс үүдэж угаартаж байна. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн угаарын хий мэдрэгчээ унтраах нь элбэг байдаг. Маш бага утаанд хүртэл мэдрэг тул чанга дуугарч дохио өгдөг тул хүмүүс тэр чимээнээс нь залхаад унтраагаад байдаг. Тиймээс угаарын хий мэдрэгчээ огт унтраахгүй байх хэрэгтэй" гэв.
Бидний дараагийн очсон айл бол саяхан нүүж ирсэн өндөр настных байв. Өвөө гэртээ ганцаараа ч хүүгийнхтэйгээ хөрш амьдардаг аж.
Өвөөгийн гэрт ормогц өөдөөс дулаан илч төөнөж байв. Гэр дулаахан ч өвөө даардаг юм хэмээсээр. Харамсалтай нь өвөө нийслэл хотод нүүж ирээд удаагүй тул угаарын хий мэдрэгчээ хараахан авч амжаагүй байв. Түүнээс гадна хуучин монгол зуухны яндан хаалт буюу хавхлагатай байсан юм. Гэтэл энэ нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Энэ талаар Хяналтын ажилтан Ц.Гантуяа,
Түлшээ хэмнэх зорилгоор яндандаа хаалт, хавхлага хийж угаартах эрсдэлийг бий болгож байна
"Зарим айлууд зуухандаа хаалт хийсэн байдаг. Гэтэл бид хяналт хийх явцдаа яндандаа хаалт хийж болохгүй гэж хэлдэг ч "Би та нараар галаа түлэхээ хүртэл заалгах юм уу" гэж уурладаг юм. Тэгвэл ядаж хаалтаа битүү биш урд талыг нь хайчлаад хошуутай болгоорой гэж гуйдаг.
Иргэд өмнө нь түүхий нүүрс түлдэг байхдаа яндандаа хаалт хийж, түлшээ хэмнэдэг байсан. Учир нь яндан бүдүүн байдаг учир түлш хурдан шатдаг. Тиймээс түлшээ хэмнэх гэж хаалт хийдэг байсан юм. Гэтэл одоо яг хуучин үе шигээ сайжруулсан шахмал түлшинд энэ аргаа ашиглаад өөрсдийгөө эрсдэлд хүргээд байдаг юм" хэмээсэн юм.
Дан ганц СБД-ийн ХҮТ-ийн ажилчид өдөр бүр айл өрхөөр явж, хяналт шалгалт хийдэггүй. Өдөр бүр бүх дүүргийн ХҮТ-ийн ажилчид гэр хорооллын айл өрхүүдээр явж хяналт тавьж ажиллаж буй. Харамсалтай нь зарим айлуудын хувьд хяналтын ажилчдын үгийг авахгүй, сэрэмжлүүлгийг тоохгүй байсаар өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулсаар байгаа юм.
Түүнээс гадна мэдээлэл дамжуулагчтай угаарын хий мэдрэгчтэй айлуудыг 24 цагийн турш хяналт шалгалт хийж, бага ч болов угаар мэдрэгдэхэд ХҮТ-д мэдээлэл ирдэг байна. Манай сайтын сурвалжлах баг айлуудад очсоныхоо дараа 32-ын тойрогт байрлах "Тавантолгой Түлш" ХХК-ийн ХҮТ-д очсон бөгөөд том дэлгэцүүд дээр угаарын хийн хэмжээ хэр зэрэг мэдрэгдэж буй талаар айл өрхийн байршил болон холбоо барих утасны дугаар зэрэг яаралтай үед холбогдох мэдээллүүд гарч ирсээр байв.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,
Сайжруулсан шахмал түлшний утаа нүдэнд харагддаггүй бас үнэртдэггүй. Тиймээс өрхөө битүүлж болохгүй
"Иргэд сайжруулсан шахмал түлшийг 5 дахь жилдээ түлж байна. Гэтэл маш цөөн тооны хүн хайхрамжгүй, санамсаргүйгээс үүдээд галлагаагаа буруу хийх эсхүл бороо орж байгаа үед хаалга цонхоо хаах, өрхөө битүүлэх зэргээс үүдэн угаартаж байна.
Сайжруулсан шахмал түлшний хувьд утаа гарч буй нь мэдэгддэггүй. Хүний нүдэнд харагдахгүй бас үнэртэхгүй. Тиймээс байнгын гэр орноо агааржуулж, агаарын сэлгэлт хийх хэрэгтэй. Гэтэл өнөө л уламжлалт аргаасаа салахгүй яндангаа авч, өрхөө бүтээчихдэг. Тиймээс бид байнгын сэрэмжлүүлэг өгч, угаар мэдрэгчээ ажиллуулахыг уриалж байгаа.
Түүнээс гадна иргэдэд нэг удаа үнэ төлбөргүй угаарын хий мэдрэгч улсаас тарааж байсан. Гэвч иргэд ямар нэг байдлаар эвдэж сүйтгэх, нүүдэл суудал хийхдээ хаяг гээх зэргээс үүдэн угаар мэдрэгчгүй болдог. Ингээд эргээд биднээс угаарын хий мэдрэгч өгөхийг шөөрдөх, зай, баттерейг нь хүртэл нэхэх тохиолдол гарч байна. Тиймээс иргэд маань өөрсдөө хариуцлагатай байж, угаарын хий мэдрэгчээ үрж, гээгдүүлсэн бол зах зээлийн ханшаар худалдан авч, байнгын ажиллуудж байхыг хүсэж байна" гэв.
Дээрх сурвалжилгаас харахад хамгийн түрүүнд иргэд өөрсдөө ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй аж. Түүнээс гадна угаарын хий мэдрэгчээ байнга ажиллуулж, гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Мөн таван жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тул дор бүрнээ аюулгүй ажиллах зарчмын талаар тэр ч бүү хэл энгийн ойлгомжтой асуудлыг ч ганц хором мартаж болохгүй мэт. Энэ бол мэдээж шахмал түлш хэрэглэж байгаа бол гал хэдийн асаж байгаа бол яндангаа авч, өрхөө битүүлж болохгүйг бас зуухны бүрэн бүтэн байдал, яндангаа цооролтгүй байлгах шаардлагатай юм. Түүнээс гадна яндандаа хаалт, хавхлага хийж, түлшээ хэмнэх аргыг ашиглахгүй байхыг уриалж байна.