АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа CHICAGO’s ASIAN POP UP CINEMA фестивалиас найруулагч, жүжигчин Б.Амарсайхан “Карьерын Оргил Амжилт” шагнал хүртжээ.
Фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа энэхүү шагналыг гардуулахдаа “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол Улсаас анх удаа Netflix-н Марко Поло цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна. Түүний найруулагчийн анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” киноноос Монгол сүнс мэдрэгдсэн, гайхалтай синема болж чадсанд нь баяр хүргэе” хэмээн дурдсан байна.
Asian Pop Up Cinema кино наадам нь Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчдэд хүргэх зорилготой. Энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас, найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” киног "Centerpiece" буюу "Онцлох кино"-роо шалгаруулсан байна.
“Эргэж ирэхгүй намар” кино нь Vancouver International Film Festival-н Vanguard уралдаант хэсэгт шалгарч Дэлхийн нээлтээ хийснээс хойш 95 дахь удаагийн Оскарт эх орноо төлөөлөн оролцож мөн Энэтхэг, Иран, Итали, Канад, Швейцарь, Солонгос, Польш, Испани, Америк, Нидерланд, Хятад, Хонгконгийн нийт 12 кино фестивалиудад шалгарч, Тайвань болон Итали улсуудын кинотеатруудаар гаран, Монгол орныг дэлхийн үзэгчидэд таниулж байгаа уран бүтээл аж.