
"Эрэл" группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” хэмээх шөнийн цэнгээний газрын гадаа бүлэглэн хүн зодсон хэрэгт холбогдсон.
Тус хэргийн анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Ц.Санжаачойпэлд ХУД-ийн нутаг дэвсгэрээс 1 жил , Б.Амарсайханд ХУД-ийн нутаг дэвсгэрээс 8 сар, Э.Тэмүүлэнд СБД-ийн нутаг дэвсгэрээс 8 сар, Л.Алтан-Очирт БГД-ийн нутаг дэвсгэрээс 8 сар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байдаг.
Гэтэл энэ хугацаанд ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарах эрхээ хасуулсан Б.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дахин зодооны асуудалд холбогдсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Учир нь зорчих эрхээ хасуулсан хүн өөр нутаг дэвсгэрт явж байсан нь шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм.
Тэгвэл энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Хэрэгт оролцогчдын аль нэг тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал давж заалдах шатны шүүх хурал товлогдоно. Одоогоор аль нэг тал давж заалдах шатны шүүхэд хандаагүй байгаа. Хэрэв хуулийнхаа хугацаанд гомдол гаргахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжээд явна. Хэрэв давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа шийдвэр хэрэгжинэ" гэсэн юм.
Мөн шүүхийн тогтоол гарсан эсэх талаар хохирогч Д.Саяннямбуугийн аав Д.Дашзэвэгээс тодруулахад "Анхан шатны шүүхийн тогтоол гараагүй байна" гэсэн хариуг өгсөн юм.
Ингэснээр одоогоор тэдэнд оноосон зорчих эрхийн ялын шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа гэсэн үг юм.
Сануулахад, "Говь" компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан бусдыг өдөөн хатгаж байгаад Реппер Буманг зодуулсан талаар хохирогчийн аав цахим хуудастаа мэдээлсэн. Тэрбээр "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэсэн юм. Хохирогч С.Буман нь Д.Саяннямбуугийн найз гэх ч мэдээлэл түгээд байгаа юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!