МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат 2024 оны улсын төсөвт тусгуулах саналын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр, "МҮЭХ нь бүх салбарт нийгмийн шинэ гэрээ хийсэн тул хувь, төр гэлтгүй шударга хуваарилалт хэлэлцээрүүдийг хийхийг хүсэж байна. Тиймээс эдгээр асуудлын хүрээнд 2024 оны төсөвт ийм тодорхой саналуудыг хүргүүлж байна" гэлээ.
МҮЭХ Монгол Улсын Засгийн газраас 2024 оны улсын төсвийн төслийг авч хэлэлцэхдээ дараах зүйлүүдийг анхаарч тусгах саналыг хүргүүлсэн байна.
-төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах
-хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажлын байрыг тогтворжуулах
-үнэ ханшийн өсөлтийг бууруулах
-иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийлэн МҮЭ-ийн холбооноос хүргүүлж байгаа доорх саналуудыг 2024 оны улсын төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаарх албан ёсны хариуг нийгмийн түншлэлийн зарчмаар ирүүлж, хамтран ажиллах хүсэлтийн хамт 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн.
Иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр
Цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, стратегийн тэргүүлэх боловсрол, эрүүл мэндийн салбарт ур чадварын болон ажиллах хүчний хомсдол бий болохгүйг анхаарч улсын дундаж цалин хөлснөөс 2 дахин нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэх
- Тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн худалдан авах чадварыг харгалзан нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх
- Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороогоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880.000 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлж шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэх, 2025 оны төсвийн төсөөлөлд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 ам долларт хүргэх.
- Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны нэмэлт орлогыг цалин хөлс, олговор, нийгмийн хамгааллын зардалд зарцуулах,
- Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгасан хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
- Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр
- Ажлын байр олноор бий болгон нэмэгдүүлж хадгалах, хамгаалан ажиллаж буй аж ахуй нэгж байгууллагыг дэмжсэн төсвийн бодлого авч хэрэгжүүлэх
- Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх үйл ажиллагаа, худалдан авалтад үндэсний компаниуд болон үндэсний ажиллах хүчний оролцооны хувийг нэмэгдүүлэх
- Төсвийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлыг улсын төсвийн зардлын ангилалд тусгайлан тусгаж хэрэгжүүлэх
- Бага, дунд орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөх, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх
Нийгмийн хамгааллын баталгаа, түншлэлийг хангах чиглэлээр
- Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд хариуцахаар 2024 оны улсын төсөвт тусгах
- Зохиомол үнийн өсөлтөөс үүдсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах
- Нийгмийн түншлэлийг бүх түвшинд хөгжүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван болон хоёр талт хороо зөвлөлүүдийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
- Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх замаар төсвийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
- Нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгах, байгалийн баялгийн орлогыг шударга, тэгш хуваарилах, тогтвортой бодлого хэрэгжүүлэх
Н.ТУУЛ