АНУ-ын Айова мужийн сургуульд багшилдаг Alison Hoeman гэх эмэгтэйн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Тус нийтлэлд Америкд нийгмийн халамж, эрүүл мэнд, бусад үйлчилгээний тогтолцоог бүр заримдаа гэр бүлийн алдагдсан үүрэг хариуцлагыг боловсролын үйлчилгээтэй хамтатган хэрэгжүүлдэг. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, ухамсрыг сургууль багшид найдаад хаядаг, шийдэгдэхгүй эсвэл сэтгэл ханамжгүй бол сургууль багш нийтийн үйлчилгээний хүмүүсээ буруутгадаг байдлын талаар өгүүлжээ.
-Гэтэл нийгэм өөрөө ёс суртахуунаа, эдийн засгаа, хууль эрх зүйгээ эмчилж байж л эргээд нийгмийн толь болсон сургууль, боловсролдоо анхаарах боломж илүү нэмэгдэнэ-
Нийгэм: Дэлхийн хамгийн баян орон болох АНУ-д 11-13 сая хүүхэд гэртээ хоол хүнсний дутагдалтай байдаг.
Сургууль: Бид тусалья..... Хүүхдүүдээ сургууль дээр нь үдийн цай хоол өгдөг болъё. Ихэнх багш нар өөрсдийнхөө цалингаас хүүхдүүдэд идэх юм авч өгдөг. Бүр боломж муутайд нь амралтын өдрөөр идэх хоолыг нь ч өгч явуулах нь бий.
Нийгэм: АНУ-д 4 сая гаруй хүүхэд ЭМД-гүй эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ хангалттай авч чаддаггүй.
Сургууль: Бид тусалья..... бид сургууль дээр нь үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж, харааг нь шалгуулж, шүдийг нь эмчилж өгье. Ихэнх сургуулийн эмч нар бас л өөрсдийн цалин мөнгөөрөө охидын ариун цэврийн хэрэгсэл авч хэрэгтэй үед нь өгч тусалдаг.
Нийгэм: АНУ-ын хүүхдүүдийн 17% нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй.
Сургууль: Бид тусалья..... сургууль дээрээ угаалгын машин хатаагч суурьлуулчихья. Хэрэгтэй бол гутал хувцас, хичээлийн хэрэгсэл, дүрэмт болон дулаан хувцасаар хангаж өгье. Гэхдээ ихэнхдээ хүүхдэд аваад өгөх эдгээр зүйлсийг багш нар сургуулийн ажилчид өөрсдийнхөө цалингаас эсвэл бадар барьж олох нь бий.
Нийгэм: Жилдээ 5.5 сая хүүхэд бие махбодын, бэлгийн болон үл хайхрах сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж байдаг.
Сургууль: Бид тусалья..... Сургууль тэдний хамгаалах газар нь багш нар нь тэдний өмгөөлөх хүмүүс нь байя. Цөөхөн ч гэсэн сэтгэл зүйн зөвөлгөөг өгөх хүмүүс, сэтгэл засал хийх мэргэжилтэнгүүдийг ажиллуулья. Бараг ямар ч тусгай сургалтад хамрагдаагүй ч гэсэн багш нар өглөө үүрээр ирж шөнө орой болтол эдгээр хүүхдүүдийг амар тайван байлгах боломж олгоё. Өөрийнхөө хүүхдэд гаргахаас илүү цагаа бусдын хүүхдэд зориулья. Заримдаа тэдгээр гэм зэмгүй хүүхдүүдэд яаж ч тусалж чадахгүйгээсээ болж нойргүйтэж, нойтон дэрэн дээр үүр цайлгая.
Нийгэм: АНУ-ын хүүхдүүдийн 25% орчмынх нь эцэг эх нь сургууль тарах цагаас илүү цагаар ажилладаг.
Сургууль: Бид тусалья..... Тэдэнд ажлаа хийхэд нь туслахын тулд өдөр өнжүүлэх, өглөө оройн нэмэлт хөтөлбөр гаргаж, хоолыг нь идүүлж, даалгаврыг нь хийлгэж, янз бүрийн арга хэмжээнд оролцоход нь аав ээжийнх нь өмнөөс хөгжөөн дэмжээд өгье.
Нийгэм: АНУ-ын 14 орчим сая хүүхэд хэт таргалалттай.
Сургууль: Бид тусалья..... Биеийн тамирын хичээлийг хүүхэд бүрт заавал орж эрүүл мэнд зөв хооллолтын тухай ойлголтыг нь ч бас тэдэнд зааж өгье.
Нийгэм: АНУ-д 77 хоног тутамд сургууль дээр буудалцаан болдог.
Сургууль: Бид тусалья..... Бид хүүхдүүдээ сургууль дээр хэн нэгэн нь гал нээх үед өөрийгөө хамгаалах нуугдаад чимээгүй байх дадалд сургах сургуулилт хийе. Хэрэгцээ гарвал тэднийхээ өмнөөс амиа зольё.
Нийгэм: Бид одоо дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрин үед амьдарч байна. Засгийн газар маань зөв зүйтэй арга хэмжээ авч биднийг хамгаалж чадсангүй. Бараг 130 000 Америкчууд энэ тахлаар нас барж Америкийн өнцөг булан бүрт өвчний тархалт газар авч халдварын тоо буурах биш харин өссөөр л байна. Бас олон арван жилийн туршид байсаар л байсан арьс өнгөөр гадуурхах үзэл, тэгш бус ялгаварах байдал зэргээс үүдэж бүх нийтийн үймээн самуун ч дэгдэж байна. Энэ бүх асуудлууд хурцаар байсаар байхад бид хүүхдүүдээ өдрийн ганц ч болов хоолтой байлгах гэж, хичээлийн хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ, гутал хувцсыг нь өгөх гэж ер нь бол аюулгүй найдвартай байх газартай байлгах гэж сургуулиудаа нээхээр болж байна. Мэдээж бас боловсрол олгох гэж. Энэ ковид халдвар нь хүүхдэд тусдаггүй бололтой тэгэхээр сургуулиа нээцгээе гэж шийдэж байх шиг байна.
Багш нар : Бид тусалья..... Мэдээж бид тусална учир нь энэ бидний ажил. Бид сурагчдаа ч бас санаад тэдэнтэйгээ сургууль дээрээ эргэн уулзахыг хүсч байна. Гэвч багш бидний 25-30% нь 50-иас дээш настай. Тэд маань зүгээр үү? Бидний зарим нь дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэх өвчтэй байдаг. Тэд маань яах бол? Эсвэл тийм өвчтэй хүнтэй хамт амьдардагууд маань яах бол? Бидний зарим маань жирэмсэн. Тэд маань хэрхэх билээ? Энэ өвчин урагт яаж нөлөөлдөг талаар бидний мэдэх зүйл тун хомс байгаа шүү дээ. Бидэнд хувийн хамгаалах хэрэгсэл өгөх болов уу? Гар ариутгагч олгох уу? Хэрэв бид өвдвөл эмийн чөлөөтэй байх хугацаанд хичээлийг маань орлон заах цагийн багш нар хангалттай юу? Хэрэв бидний гэр бүл өвдвөл бид тэднийгээ асрах чөлөө авч болох уу?
Нийгэм: Хөөх та нар чинь юу болоод сүржигнээд байгаа юм бэ? Урьд нь та нар өөрсдийн цаг, мөнгө, сэтгэлзүйн эрүүл мэндээ зүгээр л золиод ажиллаад болоод л байсан биз дээ? Одоо бидэнд үнэхээр л тулгамдсан шаардлага гараад байхад багш та нар эрүүл мэнд магадгүй амь насаа нийгэмдээ зориулахгүй юм гэж үү? Та нарын 75% нь эмэгтэйчүүд л дээ. Гэхдээ та нарыг бид бусдын төлөө өөрийгөө золиослоосой гэж хүсч байна.
• Олон арван жилийн турш сургууль, багш нар нийгмийн болж бүтэхгүй шарх болгоныг дарах шархны наалтны үүрэг гүйцэтгэж ирлээ. Яагаад гэвэл бид хүүхдүүдийн төлөө сэтгэл тавьдаг учраас. Яагаад гэвэл нийгмийн болж бүтэхгүй бүхэнд хамгийн ихээр хохирогч нь юун түрүүнд хүүхэд байдгийг бид мэддэг учраас. Гэвч сургууль багш бид Америкт болж бүтэхгүй юм болгоны төлөө хариуцлага хүлээх ёстой биш, түүнийг засах үүрэгтэй ч биш бас тийм чадвартай ч биш.
Үнэндээ сургуулиудыг эргэн нээх гээд байгаа нь боловсролд санаа тавиад байна гэж андуурахаас илүүтэй сургууль багш нараар дамжин хүргэгддэг нийгмийн үйлчилгээнүүдээ авах гээд байгаа хэрэг гэдгийг бид хатуу ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд сургуульдаа эргэн орж тэндээ харах хүнтэй, гэдсэндээ хийх хоолтой, хамгаалалттай байх үед нь эцэг эх нь ажилдаа орж эдийн засгаа сэргээх хэрэгтэй л гэсэн санаа юм. Мэдээж америк даяар гэртээ өлөн зэлмүүн байгаа, хайр халамжгүй орхигдсон, аюул осолд өртөж буй хүүхдүүдээ бодохоор багш бидний өр өмөрч байгаа ч бид зүгээр л хэн нь ч шийдвэрлэхгүй байгаа нийгмийн асуудлууд болох арьс өнгөөр болон бусад бүх ялгаварлан гадуурхах үзэл, нийгмийн тэгш бус байдлаас үүдсэн асуудлуудаа хэн нь ч хариуцлага хүлээж шийдвэрлэхгүй байж багш нарыг золигт гаргаж үхэл рүү түлхэж байгааг хараад сууж болохгүй ээ. Нийгмийн болж бүтэхгүй ангайж орхигдсон шарх бүхнийг багш сургууль хоёр улам бүр нимгэрсээр л байгаа шархны наалтаараа торгоогоод хэр л тэсэх билээ дээ.
Орчуулсан: Н.Нарантуяа