Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зохиогчийн эрхийн байгууллагуудын цахим хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

“Монгол, Орос, Хятад, Солонгос Улсын Зохиогчийн эрхийн газруудын харилцан зөвлөлдөх уулзалт” 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлыг нээж Дэлхийн оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хөгжлийн хэлтсийн захирал Гао Хан болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын худалдаа, хамтын ажиллагааны газрын захирал Чой Ён Жин нар үг хэлэв.

2013 оноос хойш зохион байгуулагдаж буй уг хурлыг ОХУ хүлээн авч 2020 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм. Хурлын үеэр талууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд зохиогчийн эрхийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цар тахлын нөхцөлд үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцлаа.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Дуу авиа бүхий дүрст тоглолтын тухай Бээжингийн гэрээ” 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан БНХАУ Зохиогчийн эрхийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан, БНСУ уг олон улсын гэрээнд нэгдэн орох бэлтгэлийг хангаж, хуулийг хэлэлцүүлэх түвшинд хүрсэн ба БНХАУ “Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ”-нд нэгдэн орохоор ажиллаж, ОХУ уг Марракешийн гэрээнд нийцүүлэн дотоодын хууль тогтоомжоо өөрчлөхөөр ажиллаж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан оролцогч талууд цахим сургалт, бүртгэл руу шилжсэн төдийгүй зайны сургалтын үеэр зохиогчийн эрхийн зөрчлөөс сэргийлэх зөвлөмж хүргүүлэн ажилласан байна. ОХУ-д үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимд шилжиж үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болох “Театрын өдөр”, “Музейн үдэш”-ийг цахимаар зохион байгуулсан тухай мэдээлсэн. Албаны судалгаагаар тус улсын таван хүн тутмын нэг нь цахим музейгээр зочилсон тоо баримт гарсан байна.
ЦЕГ-аас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын утсаар ярьсан бичлэгийн талаар тодруулга гаргалаа
ЦЕГ-аас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын утсаар ярьсан бичлэгийн талаар тодруулга гаргалаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.