Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэнгийн сонголт арвин, үнэ хямд байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 54 секунд

“Наадмын дараа намар” гэгчээр намар цагийн хадлан, ургац хураалтын ажил эхэллээ. Шинэхэн ургацын "өнгө" айл гэрийн ширээг хэсэгтээ л чимэх цаг үе. Гэвч энэ үед өмнөх ургацаа муутгаж, ашиглах боломжгүй болохоос нь урьтаж нийслэлийн гудамж, талбайн хаа нэгтээ "Шинэ ургац" хэмээн хаяглан борлуулах дүр зураг их. Тэгвэл тариаланчдын хавар, зуны улирлын турш бэлтгэсэн шинэхэн ногоог нэг дороос авах боломжийг өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2023” бий болгожээ. Тус арга хэмжээг олон нийт ч хэдийнэ хүлээдэг болсныг энд дурдах нь зүй. Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаа намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгээс бэлтгэлээ.

Өдрийн 12:00 цаг. Төв цэнгэлдэх хүрээлэн буюу үзэсгэлэн болж буй газарт очиход үзэсгэлэн олны хөлд дарагдсан байв. Түүний хажуугаар “Юу сонирхов, ямар ногоо үзэх үү” гэх тариаланчид талбайг дүүргэжээ. Улаан, шар, ногоон зэрэг өнгө алагласан жимс, ногоогоор дүүрсэн лангууны хажуугаар иргэд амталж, барьж, харж сонирхсоор зөрөх аж.

Эл үзэсгэлэнгийн хамгийн чухал хэсэг бол худалдаачид буюу тариалан эрхлэгч, борлуулагчид юм. Иймд тэдний үзэсгэлэнд оролцож буй сэтгэгдэл болон байр суурийг тодрууллаа.

-Худалдан авагчдаас үнийн дүн боломжийн байна гэх сэтгэгдлийг сонсож байгаа-

Төв цэнгэлдэх 051-р асар: Манай асарт 8 төрлийн хүнсний ногоо худалдаалж байна. Маш боломжийн үнээр худалдаалж байгаа. Тухайлбал, төмс 1800 төгрөг, угаасан төмс таван кг савлагаатай нь 7 мянган төгрөг, гурван кг савлагаатай нь 4 мянган төгрөг, хоёр кг савлагаатай нь 3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Манайх дундын хоршоо учраас 300 гаруй тариаланчтай хамтран ажилладаг. Тариаланчдаасаа ногоогоо татаж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй борлуулдаг гэж ойлгож болно. Худалдан авагчид ч тогтоосон үнийн дүнг боломжийн байна гэсэн сэтгэгдлийг илэрхийлж байна.

-Цэцэглэдэг, жимсэлдэг төрөл бүрийн моднуудыг худалдаалж байна-

No description available.

Төв цэнгэлдэх 049-р асар: Манайх алим, чавга, лийр, үхрийн нүд, интоор зэргээс авхуулаад цэцэглэдэг, жимсэлдэг төрөл бүрийн моднуудыг худалдаалж байна. Жил бүрийн есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны өдрүүдэд намрын мод тарилт эхэлдэг. Үүнийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас модны суулгацуудыг төрөл бүрээр авчирсан. Худалдан авагч нар ч ихээр сонирхож, худалдан авч байна. 5-50 мянган төгрөгийн хооронд зарж байгаа.

-Үзэсгэлэн худалдаанд бид жил бүр Завхан аймгаас зорьж ирж оролцдог-

Төв цэнгэлдэх 130-р асар: Энэхүү үзэсгэлэн худалдаанд бид жил бүр Завхан аймгаас зорьж ирж оролцдог. Бид 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох эко хүнс үйлдвэрлэх нь бидний зорилго. Манайд худалдаалж буй дарс нь бүрэн 100 хувийн исгэлттэй гэдгээрээ онцлог. Түүнээс гадна нэрс, аньс, үхрийн нүд, ганга зэрэг жимс, ургамлуудыг нэгтгэн хийдэг. 15-30 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барихыг хичээдэг. Худалдан авагчдийн хувьд ч маш боломжийн үнэтэй гэлцэж байна.

Хүнсний ногооны үнэ /кг/:

Төмс: 500-1800 төгрөг
Лууван: 2400- 2800 төгрөг
Байцаа: 1500-1800 төгрөг
Манжин: 3000 төгрөг
Сонгино: 2500-3000 төгрөг
Улаан лооль: 8000 төгрөг

Ийнхүү үзэсгэлэнд оролцож буй тариаланч, худалдаачдын хувьд ч өөр өөрийн онцлог бүхий бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг дороос танилцуулан хүргэх таатай боломж юм. Албанынхны мэдээлж буйгаар энэ удаагийн арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3 мянга орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байгаа аж.

Иргэдийн хувьд “Намрын ногоон өдрүүд” гэх нэрнээс үүдэн зөвхөн хүнсний ногоог худалдаална гэх ташаа ойлголттой байж болох юм. Тэгвэл уг үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрлэлийн арьс, шир, ноос ноолуур, цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүнүүд ч худалдаалагдаж буйг онцлоё.

-Дэлгүүрт худалдаалагдаж буй үнээс арай хямд бас сонголт арвин санагдлаа-

Жил бүр олон нийтийн хүлээдэг болсон тус үзэсгэлэнг зорьж ирж хүнсээ базааж буй худалдан авагчдаас сэтгэгдлийг нь тодруулсан юм. Иргэн “Хүнсний ногооны хувьд олон аймгаас ирсэн тариаланчид байгаа учраас сонголт хийхэд арвин байна. Дэлгүүрийн үнээс арай хямд санагдлаа. Төв цэнгэлдэхийг бүтэн тойрч харлаа. Бүх л төрлийн зүйлс худалдаалж байх шиг байна. Дааж явж чадах хэмжээгээрээ л ногоогоо авлаа” хэмээн ярив.

-Жимсээ амсаад авч байгаа учраас худалдан авалт хийхэд айдас бага байлаа-

Харин өөр нэгэн худалдан авагч эмэгтэй ярихдаа “Нэг бүрчлэн харж амжаагүй л явна. Орж ирээд авч явсаар нэг мэдэхэд тор дүүрэн ногоо, жимс авчихсан байна. Дэлгүүр, захыг бодоход боломжийн үнэтэй байна. Ногоонууд нь шинээрээ байгаа харагдаж байна. Зарим жимснүүдээ амталж үзээд авч байгаа учраас худалдан авалт хийхэд айдас бага байлаа” хэмээв.

Бүхий л бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангаж, түүнийгээ иргэдэд хямд үнээр борлуулж буй нь авууштай. Үүнийг нь иргэд олон нийт ч дэмжиж хөл тавих зайгүй үзэсгэлэнг дүүргэх болсон байна. Энэ байдлаас ажвал "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнг иргэд болоод тариаланчид ч хүлээдэг болжээ.

Д.Дөлгөөн

АН: Маргааш Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулгантай холбоотой мэдээлэл өгнө
АН: Маргааш Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулгантай холбоотой мэдээлэл өгнө
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.