Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Амьдрал бол ҮРГЭЛЖЛЭЛ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
15 минут 47 секунд

Японы гэрэл зурагчин Мацумато Ёшико болон Монгол эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Таван амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Гэрэл зурагчид нэг жилийн өмнөөс тус бүр нэг, нэг эмэгтэй дүр аван ажлаа эхэлснээр ийнхүү зураг авалт дуусаж, олны хүртээл болов. Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг тус гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгээс дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Үзэсгэлэнг яагаад "Таван амьдрал" хэмээн нэрлэсэн бэ. Магадгүй уншигч та ч үүнийг гадарлаж байж болох. Учир нь энэ үзэсгэлэнд "Таван бүсгүйн өөр, өөр амьдрал"-ыг гэрэл зурагт мөнхлөн үзүүлсэн юм. Тиймдээ ч тус үзэсгэлэнг таван хэсэгт хуваасан бөгөөд хэсэг тус бүрийн онцлогийг хүүрнэн өгүүлж байна.

Улаанбаатар хот, Уран зургийн Галлерей

-Амьдрал бол ҮРГЭЛЖЛЭЛ-

Эхлэл хэсэгт Гэрэл зурагчин С.Бадамхандын бүтээлүүд үзэгч таныг угтан авна. Эгэл даруухан Б.Болормаа бүсгүйн амьдралын нэгээхэн хэсгийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн нь энэ аж. Тэрбээр найз нөхдийн хамт 29-р тусгай сургуулийн сурагчдад тасалгааны онгоцыг хэрхэн угсарч, яаж нисгэх талаар зааж байгаа бололтой. Биеийн тамирын зааланд буй бяцхан жаалууд гэрэл зургийн хальсанд тодоос тод инээд цацруулан, нүдэндээ гал цог гэрэлтүүлснээр үлджээ. Яг тэр зургаас гэрэл зурагчин хийгээд гол дүрийн бүсгүйчүүдийн өөр, өөр амьдрал мөн л харагдах аж. Зурагчны уран чадвар, гол дүрийн бүсгүйн чин сэтгэл, бидний үргэлжлэл болсон бяцхан үрсийн инээд баясал нэг дор цугласан мэт тийм л нандин зураг гэхэд буруудахгүй болов уу.

-Би бол ЦЭРЭГ БҮСГҮЙ-

Хоёр дахь хэсэгт Гэрэл зурагчин Л.Номингэрэлийн уран бүтээлүүд өлгөөтэй байв. Хилийн цэргийн Ахлах ахлагч Д.Давааням бүсгүйн цэргийн амьдралыг гэрэл зургаар дамжуулан олон хүнд хүргэхээр зорьсон нь энэ байв. Гол дүрийн бүсгүйн хувьд хээнцэр ялдам, уяхан боловч амьдрал дээрээ эрэмгий дайчин нэгэн аж. Хэтээсээ л бүсгүйчүүдийг цэргийн албанд тохирохгүй гэж олон хүн үздэг ч түүний гэрэл зургаас энэ нь өрөөсгөл ойлголт юм гэдгийг харж болох. Нэг ёсондоо зурагт нэг хүнийг харуулах боловч тухай хүний өөр өнцгийг тэр дундаа эмэгтэй хүний дайчин, тэсвэр тэвчээртэй, тууштай байдлыг харуулж чаджээ.

Бид гэрэл зурагчин Ахмад Л.Номингэрэлийн сэтгэгдлийг сонсоход,

Гэртээ хариад дүрэмт хувцсаа тайлахад, түүний дотор ямар сайн эхнэр, сайн ээж байдаг вэ гэдгийг гэрэл зургаар дамжуулж харуулахыг хичээсэн

"Би өөрөө ХХЕГ-ын хилийн цэргийн гэрэл зурагчнаар ажилладаг. Энэ үзэсгэлэн гаргах саналыг нэг жилийн өмнө Японы гэрэл зурагчид тавьсан. Миний хувьд нэгдүгээрт миний ажилтай холбоотой, хоёрдугаарт мэргэжил минь гэрэл зурагчин учраас цэрэг эмэгтэйчүүдийнхээ юу хийдэг, юу чаддаг, цэрэг эмэгтэйн амьдрал ямар байдаг талаар хүмүүст харуулахыг хүссэн. Тэр ч утгаараа цэрэг эмэгтэйчүүд дундаа ахлах, мэргэн бууч эмэгтэйг сонгосон. Манай хилийн цэргийнхэн үргэлж бэлэн байдалд байх шаардлагатай байдаг учраас эмэгтэй хүний хувьд ахадсан ажил гэж би боддог. Гэтэл эмэгтэй хүн тэдгээрийг яаж зохицуулж, ямар зориг, тэвчээрийг гаргадаг, ямар ур чадварыг эзэмшсэн байдаг мөн гэртээ хариад дүрэмт хувцсаа тайлахад, түүний дотор ямар сайн эхнэр, сайн ээж байдаг вэ гэдгийг гэрэл зургаар дамжуулж харуулахыг хичээсэн” гэлээ.

-УЛСТӨРЧ гэдэг тусгай хүн байдаггүй-

Гуравдахь хэсэгт Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн бүтээлүүд байв. Түүний гол дүрээр эмэгтэй улс төрчдийн төлөөлөл УИХ-ын гишүүн С.Одонтуяа байх аж. Түүний амьдралын нэгээхэн хэсгийг ч түүхэн зурагт мөнхөлжээ. Бид түүнийг сайн улс төрч, манлайлагч бүсгүй хэмээн мэдэх авч гэрэл зургуудаас нь харвал сайн ээж, сайхан гэрийн эзэгтэй, аавын эрх охин, андын журамт нөхөр гэдгийг нь мэдэж болохоор. Магад бид л УЛСТӨРЧ гэж ялгаад байдаг болохоос биш бусдын л адил энгийн нэгэн гэдэг утгыг харуулахыг зорьсон мэт.

Бид гол дүр болох УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн сэтгэгдлийг сонсоход,

Ингээд харахад зөвхөн миний зураг, миний л түүх юм шиг боловч энэ үеийн Монгол эмэгтэйчүүдийн түүх надаар төлөөлж харагдаж байгаа

“Цөөнгүй улс төрч эмэгтэйчүүд байдгаас намайг онцолж, үзэсгэлэнгийнхээ гол дүрээр сонгосонд маш их баяртай байна. Үзэсгэлэндээ миний УИХ-ын чуулган дээр сууж буй, байнгын хорооны хурал дээр үг хэлж байгаа мөн чөлөөт цаг болох гэртээ байгаа, хөдөө аялж яваа олон зургуудыг багтаасан байна. Энэ нь надад маш том, үлдэцтэй, дурсгалтай бүтээл боллоо. Анх зураг авхуулах санал тавихад нь мэдээж маш дуртай хүлээж авсан. Бүтэн жилийн турш гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа маань зураг авах явцдаа намайг зэмлэсэн ганц зүйл нь “Авхуулсан ихэнх зураг албаны зураг болчхоод байна. Одоо чөлөөт зураг даръя” гэдэг зэмлэл байсан. Тэгж хэлэх бүрт нь л завгүй байна гээд хойшлуулаад яваад байсан. Өөрөө энд ирээд зургуудаа үзсэн чинь үнэхээр л албаны зураг их байна. Азаар зун хөдөө хамт яваад чөлөөт зураг дарж амжсан нь болжээ.

Ингээд харахад зөвхөн миний зураг, миний л түүх юм шиг боловч энэ үеийн монголын эмэгтэйчүүдийн түүх надаар төлөөлж харагдаж байгаа юм л даа. Гол дүрээр сонгогдсон таван эмэгтэйн зурагаас харахад энэ үеийн монгол эмэгтэйчүүд ямар нийгэмд амьдарч байсан, нийгмийн ямар системд байсан, эмэгтэйчүүд яаж ажил албаа залгуулдаг байсан, ямар хэв маягаар амьдардаг байсан зэрэг энэ нийгмийн бүх зураглал эдгээр зургаар дүрслэгдэж байгаа. Дараа үзэхэд энэ үед улс төрийн амьдрал, улсын их хурлын үйл ажиллагаа ийм түвшинд явагддаг байжээ гэдэг нь тод харагдана байх гэж бодож байна. Эдгээр зургаас хүн бүхэн нэг зургийг илүү онцолж байна. Тэр зураг нь миний охиныхоо хуримыг хийж дуусгаад сэтгэл амарчихсан, бүх ажлаа дуусган тайван суугаа зураг байлаа. Харин эсэргээрээ чуулган дээр үг хэлж буй зургууд дээр бол голцуу хөмсгөө зангидсан, төв царайлсан суудаг юм байна гэдгээ анзаарлаа. Үүнээс харахад тухайн үеийн мэдрэмж гэрэл зурагт шууд үнэнээр буудаг юм байна” гэв.

Харин гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа өөрийн сэтгэгдлээ илэрхийлэхдээ,

Би улс төрч эмэгтэйг эх хүн гэдгийг нь харуулахыг зорьсон

Би үзэсгэлэнгээрээ улс төрч тэр дундаа эмэгтэй улс төрчийг харуулахыг зорьсон. Гол дүрээрээ улс төрч сонгоно гэхэд зарим гэрэл зурагчид “Чи сонгуулийн зураг авлаа, Чи рекламын зураг авсан юм биш үү” гэсэн шүүмжүүдийг их хэлж байсан. Тухайн үед би нэгэнт л энэ улстөрч эмэгтэйн амьдралыг гаргах гэж л зорьсон учраас би заавал авна гэж зөрсөөр байгаад авсан. Нэг жилийн хугацаанд дагаад, судлаад явахад гэртээ гаргах зав үнэхээр гардаггүй юм байна лээ. Энэ хүнийг эх хүн гэдэг талаас нь хүмүүст харуулахыг хүссэн. Миний бодсон байсан чөлөөт зураг огт дарагдахгүй байсан. Гэтэл яг хүссэн зураг маань гуравхан хоногийн өмнө түүний охины хурим дээр дарагдсан. Эхэндээ дотроо бодсон, хүссэн зургуудаа авч чадаагүй байх вий гэж эмээж байсан ч одоо үзэсгэлэнгээ харахад энэ хүнийг би тодорхой хэмжээнд илэрхийлж чадсан байна гэдэг дүгнэлтийг өөртөө өгчхөөд л байж байна” гэлээ.

-Амьдралд ЗАМ ҮГҮЙ-

Дөрөвдөхь хэсэгт Гэрэл зурагчин Ш.Отгонжаргал өөрийн гол дүрээрээ Я.Ариунтөгс хэмээх эмэгтэйг онцолжээ. Түүний амьдралын зам тийм шулуун, дардан байсангүй. Тэрбээр багш мэргэжлээр суралцсан хэдий ч орчин цагт багш нарын цалин хөлс, ачаалал зэргээс хамаарч өөр замаар алхан Оюу толгойд орох гэж хичээсэн байдлыг харуулсан аж. Энэ болгоныг гэрэл зурагтаа нарийн харуул өгсөн нь гэрэл зураг бүрээс мэдрэгдэж байлаа.

Харин гол дүрийн бүсгүй болох Оля буюу Я.Ариунтөгс,

Өөрийнхөө нэг жилийн амьдралыг өнөөдөр тунгаан бодлоо

Бүтэн жилийн турш гэрэл зургийн үзэсгэлэнд зориулан зургаа даруулах маш сонирхолтой байсан. Монголын цөөхөн чадварлаг гэрэл зурагчдын нэг болох Ш.Отгонжаргал бид хоёр бол оюутан цагийн найзууд. Бид найзлаад 30 жил болж байна. Найз маань нэг жилийн өмнө надад эмэгтэй гэрэл зурагчид нэгдээд өөрсдийн нэг, нэг дүр сонгон нэг жилийн турш гэрэл зургийг нь аван түүгээрээ үзэсгэлэн гаргана гэхэд нь “Миний найзад бол дүрийн судалгаа шаардлагагүй. Тиймээс хоёулаа одоо хичээе” гэж хэлж байсан. Нэг хүний бүтэн амьдралыг гэрэл зургуудаараа дамжуулан олон нийтэд дэлгэж харуулж чадлаа.

Хүний амьдралыг бүхэлд нь харахаар нэг жилийн хугацаа гэдэг маш урт бөгөөд маш богино шүү дээ. Энэ хооронд надад маш олон үйл явдал тохиолоо. Ажилгүй байсан үеэс, ипотекийн зээл бүтэж байрандаа орсон байна. Гэрээсээ ажиллаж, бага багаар тохижсон. Мөн гурван жилийн дараа буцаж “Оюутолгой” компанид ажиллаж эхэллээ. Мөн хамгийн хайртай ганц дүүгээ алдсан гэх мэт амьдралын бүх л уналт, босолт, жаргал, зовлон, өгсөлт, уруудалт миний амьдралд тохиолдлоо. Хүн энэ бүгдийг амьдралынхаа явцад зүгээр л мартчихдаг. Гэтэл энэ бүхнийг ингээд гэрэл зургаар мөнхөлж үлдээж байгаа нь маш гоё санагдаж байна” гэсэн юм.

-Нас ахисан ч ХӨГШИРДӨГГҮЙ-

Төгсгөлийн хэсэг бол алс холоос зорин ирсэн Гэрэл зурагчин Мацумато Ёшикогийн бүтээлүүд байв. Түүний эмэгтэй дүр бол Мива Санжо хэмээх бүсгүй юм. Гэрэлт зурагт дүрсэлснээр.чих хамар хоолойн эмч, харин тэр өвчтөн. Тэрбээр одоо 100 настай хэдий ч эмч, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолч, эссе зохиолч юм. Гэсэн хэдий ч сэтгэлээр залуухан хөөрхөн харагдахыг хүсдэг нэгэн аж. Учир нь тэрбээр байнга нүүрээ буддаг гэнэ. Нүүрэнд нь хэдийнээ үрчлээ тогтсон ч энгэсэг түрхэхээ зогсоохгүй бололтой. Магад түүний энэ сэтгэл хүний нас хөгширсөн ч сэтгэлгээ хөгширдөггүй юм гэдгийг олон бүсгүйчүүдэд сануулахыг бас мэдрүүлэхийг хүссэн нь гарцаагүй.

Үзэсгэлэнгийн онцлох зочин бол яах аргагүй гэрэл зурагчин Мацумото Ёшико. Түүний хувьд манай улсад судалгаа хийж, монгол эмэгтэйчүүдийг ямар мөн чанартай вэ гэдгийг хэсэг хугацаанд ч гэсэн ажиглажээ. Тэрбээр үзэсгэлэнгийнхээ сэтгэгдлээс хуваалцахдаа,

Монголд байх хугацаандаа Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг гэдгийг анзаарсан. Тийм ч учраас Япон улсад тийм хүчирхэг эмэгтэй хүн хэн байж болох вэ гэж бодон гол дүрээ сонгосон

Баруун гар талд Японы гэрэл зурагчин Мацумото Ёшико

Би 2022 оны өдийд Япон-Монголын хамтарсан дипломат харилцааны 50 жилийн ойн үзэсгэлэнд оролцож, Монголын нэг гэр бүлийг сонгон, 20 жилийн турш дарсан “Long story” зургуудаа дэлгэсэн. Тус үзэсгэлэнд хамт оролцсон Монголын эмэгтэй баримтат гэрэл зурагчдыг хараад “Монгол гэрэл зурагчид үнэхээр сайн юм аа” гээд ярилцаж байсан юм. Ярилцаж байх үеэр энэхүү үзэсгэлэнгийн санаа төрж, тус тусын дүрээ сонгон зургаа авч, үзэсгэлэн гаргая гэж тохирч байсан. Монголд байх хугацаандаа Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг гэдгийг анзаарсан. Тийм ч учраас Япон улсад тийм хүчирхэг эмэгтэй хүн хэн байж болох вэ гэж бодож байхдаа энэ 100 настай эмэгтэйг олж харсан. Миний гол дүр болох эмэгтэй нь эрэгтэй хүн давуу эрхтэй байсан нийгмийн цаг үед ганцаараа хичээж, эмчээр ажиллан хүнд цаг үеийг даван туулсныг нь үнэлж, бахархан энэ эмэгтэйг гол дүрээрээ сонгосон” гэлээ.

Хэдий энэхүү үзэсгэлэнд таван өөр бүсгүйн таван өөр амьдралыг харуулсан ч дэлхий дээрх 7 тэрбум хүн бүгд л тэдний адил өөр өөрийн амьдралтай. Магадгүй уншигч та бүхэн эмэгтэй хүний мөн чанар, эх хүн байх, эх орондоо хэрэгтэй хүн байх гээд л бүсгүй хүнээс гарч болох бүхий л мэдрэмж, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, зориг зүрхийг дээрх үзэсгэлэнгээс харж болох. Магадгүй зураг дээрх бүсгүйчүүд гаднаа баяр жаргалтай мэт харагдах ч магад та энэ зургуудаас гуниг, харууслыг ч харж болох. Магадгүй үзэсгэлэнг үзсэн та ч бас өөрийнхөө амьдралыг эргэн нэг дүгнэх буй за.

Н.Туул, Д.Дөлгөөн

Хөгжлийн төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах шаардлагатайг санууллаа
Хөгжлийн төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах шаардлагатайг санууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.