Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч энэ сарынэ 4-ний өдөр допингийн "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан талаар бид мэдээлсэн. Хүсэлт өгснөөс хойш 14 хоногийн дараа хариуг танилцуулах ёстой хэмээн журамласан байдаг тул М.Бадарч В сорьцын шинжилгээнийхээ хариуг өнөөдөр хүлээж авна.
Тэрбээр, энэ сарын 11-ны өдөр монголын допингийн эсрэг байгууллагад "Б" сорьцыг шинжлэх ажилд өөрийн биеэр оролцож, хариуг өөрийн биеэр хүлээн авах хүсэлт" гаргасан байдаг.
Улсын арслан М.Бадарч допингийн асуудлаар илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. Тэрбээр, допинг илэрсэн гэх мэдээлэд цацагдсны дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан,
"Миний хувьд энэ жилийн наадамд дөрвөөс дээш давсан 32 бөхийн нэг болж долдугаар сарын 12-ны орой Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрвөн хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтад байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг олон улсын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон. Энэ үйлдлийг гардан хийсэн нь Шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсаж байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна. 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог. Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. Ингээд есдүгээр сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна" гэжээ. Мөн "Шинжилгээний процесс, түүний хариуны талаар буюу миний сорьц БНСУ руу бусад сорьцтой хамт явсан эсэх, хамт явсан бол яагаад хариу нь тусдаа ирсэн болон эдгээрийг хариуцаж байгаа байгууллагатай холбоотой өөрт байгаа эргэлзээ, олон жил хуримтлагдсан хардлагуудтай холбоотой зарим асуудлаар хуулийн байгууллагад хандан олон нийтэд нээлттэй шалгуулахаар ажиллаж байгаа ба төдий л их хугацаа орохгүй биз ээ. Ташрамд миний бие хоёр хоногийн өмнө осолд орсон нь үнэн боловч биеийн байдал сайн, хөнгөн гэмтлүүд л авсан. Хүнд гэмтсэн мэтээр худлаа мэдээлэл цацуулж байна гэж хардсан байсан, ер тийм зүйл байхгүй, тийм шаардлага огт байхгүй. Цаашдаа хэн ч бай допингтой холбоотойгоор шударга бусаар бүү хохироосой, хэн нэгнийг хохироолгүй шударга шийдэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" хэмээн мэдэгдсэн байдаг.