Иргэдийн дунд нэгэн хэвшмэл ойлголт бий. Зам тээврийн осол зөвхөн жолоочийн буруу. Зам тээврийн осол хийсэн жолооч дүрмээ дагаагүй, явган зорчигчид хохирол учруулсан гэх. Гэвч ямарч хууль дүрэмд зөвхөн нэг талыг барьсан дүрэм байхгүй.
Хүмүүсийн хэлж заншсан “авто ослын” хэрэг буюу Эрүүгийн хуулийн 215-р зүйлд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг гэм буруутайгаар зөрчсөн үйлдлийг хамааруулан хэлдэг байна.
Монгол Улсад авто замын ослоор жилд дунджаар 450-650 хүний амь нас хохирдог гэх судалгаа бий. Гэвч энэ дундаа явган зорчигчийн буруутай үйлдлээс болж осол гарч гэмтэх, цаашлаад амь насаа алдах үед ямар хуулийн хариуцлага тооцогдох вэ?
Гарцгүй газраар явсан явган зорчигчийн буруу юу, хурд хэтрүүлж явсан жолоочийн буруу болж үлддэг үү гэх асуудал тулгарч сэтгэл сэртхийлгэм ослууд шил дараалан гарсаар байна.
-Он гарснаас хойш гарцгүй газраар зам хөндлөн гарч байх үеэрээ ОСОЛД ӨРТСӨН 45 иргэн байна-
Дээрх асуудлын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар явган хүний гарцгүй замаар зам хөндлөн гарч яваад зам тээврийн осолд орсон 45 иргэн байна. Үүний 26 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт бүртгэгджээ. Явган зорчигчийн буруутай үйлдэлд зөвхөн гарцгүй газраар зам хөндлөн гарахаас гадна олон зүйл бий. Жишээ нь дугуйтай авто замын хөдөлгөөнд оролцох, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйн гарах, согтуугаар зам хөндлөн гарах нь явган зорчигчийн буруутай үйлдэлд тооцогдоно.
Монгол Улсад нийт явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол улсын хэмжээнд жилд 325 бүртгэгддэг. Үүний 256 нь хүн амын нягтаршил хамгийн өндөр газар болох Улаанбаатар хотод бүртгэгддэг байна.
Тэгвэл бид автозамын осол, түүний хуулийн зохицуулалтын талаар хуульч, өмгөөлөгч Б.Хонгорзултай ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт. “Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэх хариуцлага хүлээдэг.
-Явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас өөрийн эрүүл мэндэд гэмтэл учирсан эсхүл нас барсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэдэг вэ. Жолооч буруутай юу. Хариуцлага ногдуулах уу?
-Жолооч нь “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.2.-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасны дагуу явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам хөндлөн гарч байгаа байдлыг мэдсэн, харсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах, зогсоох арга хэмжээ авна. Гэхдээ энэ нь зөвхөн явган зорчигч замаар гарч буйг мэдсэн тохиолдолд хэрэгжих боломжтой заалт болно. Хэргийн нөхцөл байдал бүр өөр байдаг тул тус заалтыг хэргийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг.
-Хэрэв жолооч явган зорчигчийг зам хөндлөн гарч байгааг мэдсэн тохиолдолд хурдаа сааруулаагүй, хуульд заасан хурдыг тохируулж яваагүй зэрэг тохиолдолд явган зорчигчийг мөргөж гэмтэл учруулсан эсхүл амь насыг хохироосон тохиолдолд ямар хуулийн зохицуулалттай байдаг вэ?
-Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт. “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” Гэх зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байдаг.
Үүнээс үзвэл явган зорчиг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан эсэх, жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг сонгон явсан эсэх, явган зорчигч гэнэт гарч ирсэн үү эсхүл жолооч урьдчилан харах боломжтойгоор зам хөндлөн гарч байсан уу зэрэг хэргийн нөхцөл байдлыг тодруулан, шалгасны үндсэн дээр шүүх гэм бурууг тогтоож эрүүгийн хариуцлага ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэдэг аж.