Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
"Өнгөрсөн гурван сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд гол, усны ослын 46 дуудлага бүртгэгдэсэн. Голын усанд автомашин нь суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Мөн 32 автомашиныг татан гаргасан.
Голын усанд 10 иргэн живж амь насаа алдсан. Үүнээс 8 том хүн, 2 хүүхэд байна. Завьт эргүүлээр 36 том хүн, 5 хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалсан. 2023 оны голын ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16,3 хувиар, голын усанд осолдсон иргэдийн тоо 2,8 дахин буурсан үзүүлэлттэй байна" гэв.