Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Комедиан Баама: “Авьяаслаг Монголчууд“ шоунд оролцохдоо хүмүүсээс шүүмж сонсох вий гэж их айж байсан ч маш эерэгээр хүлээж авсан

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
10 минут 57 секунд

Дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг томоохон шоу нэвтрүүлгүүдийн нэг бол тухайн орны онц, гойд авьяастныг хайх “Got talent” нэвтрүүлэг байдаг. Тэгвэл манай улсад дөрөв дэх удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж буй "Моngolia’s got talent" нэвтрүүлэгт үзэл бодол, үнэлэмж, өөрийн байр сууриа илэрхийлэхээр оролцсон бас эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон комедиан Баама буюу Б.Баярмаатай ярилцлаа.

-Өдрийн мэнд. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Баярмаа гэдэг. “Биг Систас” клубийн гишүүн. Миний үндсэн мэргэжил хятад хэлний орчуулагч. Магистраа бизнесийн удирдлагын чиглэлээр хамгаалсан. Харин одоо “Таван богд” группийн агентлагийн маркетингийн менежерээр ажиллаж байгаа. Одоо маркетингийн менежерээр 11 дэх жилдээ ажиллаж байна.

-Таныг "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн тайзнаа гарна гэж төсөөлж ч байсангүй. Гэтэл өнгөрөгч долоо хоногийн дугаар дээр таныг тус шоу нэвтрүүлгийн тайзнаас харлаа. Тиймээс та шоунд орсон сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Их сонин мэдрэмж байдаг юм билээ. Комедиан хүний хувьд хүнийг инээлгэхгүй байна гэдэг л хамгийн хэцүү зүйл байдаг. Хүн инээлгэхгүй бол яах вэ гэдэг айдастай л байж үзсэн. Гэтэл хүний өмнө жоке (joke)-оо шүүлгэж тэнцсэн, тэнцээгүй гэж хэлүүлж үзээгүй болохоор бас нэгэн шинэ туршлага байсан.

-Тус шоу бол яах аргагүй олон үзэгчтэй шоу шүү дээ. Магадгүй таны хувьд шоунд оролцохоор их бэлдэж бас маш их зүйл бодож орсон байх?

-Тэр зааланд хэдэн насны, ямар ч хүн байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийнхөөрөө байсаар байгаад дуусгасан. Ер нь би комедиан болсноос хойш маш олон хүнээс зэмлэл болон шүүмж сонссон л доо. Тиймээс шоунд оролцоод түүнээс илүү их хараалгаж, шүүмжлүүлэх вий гэж айдас ч байсан. Гэтэл хүмүүс эсрэгээрээ маш эергээр хүлээж авсан. Түүнд нь маш их баяртай байна. Мөн Монгол ТВ-ийн хамт олонд энэ том шоуг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаад нь баяр хүргэе гэж хэлмээр байна.

-Комедиан болох шийдвэрийг анх хэрхэн, яаж гаргаж байв. Тэр түүхээсээ хуваалцахгүй юу?

-2021 онд хоёр ихэр хүүхдээ төрүүлээд, декритээ авсан юм. Тухайн үед Ковид-19 дэгдэж урт хугацаанд гэртээ суух хэрэгтэй болсон. Би өөрөө “шажигнаж” байдаг хүн болохоор зүгээр сууж тэсээгүй. Тухайн үед ямар нэгэн юм л олж хийе гэж бодсон. Ингэхдээ ямартай ч наймаа хийх бол миний хийх зүйл биш гэдгээ мэдэж байсан.

Тэгээд л өөрийнхөө яг юу юу чаддаг гэдгээ нэг дэвтэр гаргаад нэг нэгэнгүй бичсэн. Жишээлбэл, хүн инээлгэж чаддаг, олон хүний өмнө гараад айдаггүй гэх зэргээр өөрийнхөө бүх чаддаг зүйлийг бичээд харахад “Нээрээ комедиан болж болох юм байна шүү дээ” гэж бодогдсон. Тэгээд л “Big Sistas”-ын Open Mic-д оролцоод үзье гээд зориглоод ороод үзсэн. Тэр нь ч оносон шүү.

-Тэгэхээр багаасаа л их нүүрэмгий хүүхэд байсан байх нь. Магадгүй гэр бүлийнхэндээ комедиан болох шийдвэрээ анх хэлэхэд тань хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Би гэр бүлдээ нэг их сүрхий комедиан боллоо гэж хэлж байгаагүй. Нэг өдөр нөхрөө ажлаа тарж ирэхэд нь өөрийгөө бэлдээд, хүүхдүүдээ хооллочихоод “Одоо чи хүүхдээ хар, би явж Open Mic-д оролцлоо” гэсэн чинь манай нөхөр “Айн” гээд хэсэг бодож зогссон. Тэгээд чадвал комеди хийнэ. Чадахгүй бол хийхгүй гэсэн чинь гайхаад л хүүхдүүдээ хараад үлдсэн. Open Mic-д оролцоод гайгүй байхаар нь би энийг чадах юм байна гэж бодоод үргэлжлүүлсэн дээ. Ер нь, багаасаа л фракцынхнаа үргэлж хөгжөөдөг, бүх зүйлийг зохион байгуулж гүйдэг охин байсан.

-Олон хүний өмнө, тайзан дээр гараад тэднийг инээлгэнэ гэдэг тийм ч амар биш байсан байх. Open Mic-д оролцоход хэр их сандарч байсан бэ?

-Мэдээж маш их сандарсан. Гэхдээ тайзан дээр гарахын өмнө сандарч байсан ч яг тайзан дээр гарч ярихад сандралгүй болчихсон. Ер нь, надад комеди хийх нь тайван, тав тухтай мэдрэмж төрүүлсэн. Энийг хийх ёстой юм байна л гэж бодогдсон.

-“Big Sistas” comedy crew-д хэзээ нэгдэж орсон юм бэ?

-Би “Big Sistas”-д ороод удаагүй байгаа. 2022 оны хавар оpen mic-д оролцсон. Манайх оpen мic-д оролцсон хүмүүсээс шигшиж тоглолтын дундуур “панчан”-аар гаргадаг юм. Хэрэв дажгүй сайн байвал үндсэн тоглолтод гардаг. Яг энэ зарчмаар зургаан сар орчим явсны дараа “Тоглолтод оролцох уу” гэж асуухад нь маш их баярлаж билээ. Ингээд л сайжирсаар байгаад богино хугацаанд жинхлэгдсэн дээ.

-Зарим хүмүүс комедиг тийм ч сайн ойлгодоггүй юм шиг санагддаг. Бараг л хий дэмий, үр ашиггүй яриа гэж ойлгодог байх. Хэдий комеди гэх зүйлийн хамгийн гол зорилго нь бусдыг инээлгэх ч цаана нь далд утга, санаа нуугдаж байдаг шүү дээ. Ер нь таны хувьд ямар нэг утга санаа агуулахыг зорьдог уу?

-Анзаараад байхад монголчууд комедиг “бөгс бөөр ярьдаг хүмүүс” гэж ойлгодог.

Миний хувьд өөртөө хоёрдугаар сувгийг дөвийлгөдөг, юу ч хамаагүй ярьдаг, хараалын үг хэлдэг комедиан болохгүй гэдэгтээ ам тангараг өгч байсан.

Өнөөдөр би гурван хүүхдийн ээж. Миний охидууд үүнийг эргээд нэг л өдөр үзнэ. Мөн ээжүүд ч намайг харна. Ер нь, миний охидууд намайг үзээд ээжээрээ бахархаасай гэдэг бодлоор л хийвэл зөв байх гэж бодсон. Үүнээс гадна ээжүүдэд урам өгч, зовлонг нь хэн нэгэн нь гараад ярьчихдаг байхыг хүссэн. Түүнийг нь гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа ээжүүд үзээд инээчихдэг, тэр нь мессеж болоод хүрчихдэг байвал болох юм байна даа гэдгийг анх бодож байсан юм.

-Ер нь, жокений санааг хаанаас, яаж олдог вэ?

-Комеди чинь өөрөө цэвэр зохиох урлаг шүү дээ. Түүнээс бол өдөр болгон тийм хөгжилтэй амьдарч байдаг хүн гэж хаана байх вэ. Ер нь, эргэн тойронд юу болж байгаагаа л сайн харна. Түүнийгээ төсөөлөн бодож бичнэ. Жишээлбэл, алдарт эхийн одон, ээж, хүүхдийн тухай гэх зэргээр ерөнхий сэдвээ тодорхойлчихдог. Тэгээд л одонгийн талаар ярихаар бодож байгаад “Тэнэг төмөр өгч байхын оронд тэрэгтэй хүүхэд түрээд Номин орох зам тавиад өгчих” гээд хэлчихсэн юм. Энэ чинь миний бодит байдал шүү дээ. Ер нь, яаж хэлэх юм бол хүнд хүрэх үү, яаж мессеж хүргэх үү, яаж давхар инээлгэх үү гэдгийг бодож байгаад л бичдэг дээ.

-Таныг комедианаас гадна контент бүтээгч гэвэл зохих байх. Яагаад Reel хийхээр шийдэв?

-Би анх дуу хоолойгоо комеди хийж нийгэмд нэлээд сайн хүргэж чадна гэж бодсон. Гэтэл миний бодсон шиг байгаагүй. Харин одоо би яах нь зүгээр байна гэдгийг харахад инстаграмын рийл (reel) хүчээ авчихсан байсан. Тэгээд л энэ орон зайд орж, өөрийгөө таниулах юм байна гэж бодсон. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэдэг шүү дээ. Найздаа рийлний санаа, зохиол байна тэсрэлт /Boom/ болно оо, итгэ гэж найрч байгаад л хийж эхэлсэн.

Comedian Bama, найз н.Ану-Үжин

-Мэдээж найзтайгаа хамт хийсэн рийлүүд нь илүү хүмүүст хүрдэг байх. Найзтайгаа анх яаж танилцаж байсан бэ. Хэр удаан найзалж байна вэ?

-Манай найзыг н.Ану-Үжин гэдэг. Царайлаг гэж жигтэйхэн бүсгүй бий. Бид хоёр найзлаад арав гаруй жил болж байна. Анх "Cosmo"-д маркетингийн менежер хийдэг байх үедээ сурталчилгааны зурагт оруулах гэж танилцаж байсан юм. Түүнээс хойш харцаараа л ойлголцдог амьдралын найзууд болсон доо.

-Нууц биш бол цаашдын зорилго, төлөвлөсөн ажлаасаа сонирхуулж болох уу?

-Ер нь, хийхээр төлөвлөсөн зүйл байдаггүй. Гэхдээ нууцхан бодол гэвэл эх орондоо чангаар дуугарчих юм сан гэж л мөрөөдөж явдаг юм. Харин одоогоор хүүхдүүдийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийхийг л хүсэж байна. Тэр нь яг юу байхыг би ч өөрөө таашгүй. Ядаж би тэрэгтэй хүүхэд түрээд явдаг замтай болгох ч юм уу. Тийм л зүйлийг хүсэж байна даа. Тэрнээс өөр төлөвлөсөн зүйл байхгүй ээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Дөлгөөн

35 мянган автомашиныг нэвтрүүлэх чадалтай Зайсангийн хос гүүр ирэх сарын эхээр ашиглалтад орно
35 мянган автомашиныг нэвтрүүлэх чадалтай Зайсангийн хос гүүр ирэх сарын эхээр ашиглалтад орно
 
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.