Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар болон нийслэл хотын зам тээврийн ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ажлын хэсэг болгон хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээвэр, урсгалын хөдөлгөөний тоог нэмэх, чанарын сайжруулах, хуучин авто хэрэгслүүдийг шинэчлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг нэмэх зэрэг үндсэн арга хэмжээг авна.
Үүнтэй холбоотойгоор зам тээврийн хяналтад дараах ажлуудыг хийнэ. Үүнд
- Камерын хяналтыг байршуулах
- Тээврийг цагдааг ажиллуулах
- Явган хүний гарцыг байршуулан нэмэх гэх мэт ажлууд хийгдэнэ.
Одоогийн байдлаар нийслэлд хуучин 900 автобус үйлчилж байсныг үе шаттай шинэчилж, нийт 450 шинэ автобус зорчиж байна. Нэмэлтээр 15-20 автобус зорчиход бэлэн болсон бол энэ сард үргэлжлүүлээд 150 шинэ автобус ирнэ. Мөн төлөвлөгөөний дагуу арван нэгдүгээр сард нийтийн тээврийн автобусыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ" гэв.
Түүнчлэн энэхүү бодлогын хүрээнд хувийн тээврийн хэрэгсэл унаж байгаа хүнд ямар нэгэн авч байгаа арга хэмжээ байхгүй тул зам тээврийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр нийтийн тээврээр зорчихыг уриаллаа.
Харин нэгдүгээр эгнээгээр зорчих тохиолдолд торгууль авах системийн ажиллагаа явуулж байгаа тул цаашлаад 101 байршилд тавин, цахим гэрчилгээгээр шийдвэрлэдэг болно.
Үргэлжлүлэн түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авахад,
-Наадамчдын өргөн чөлөөнд хайс, хашлага тавьснаас хойш хэд хэдэн машин осол гаргаж, үүнийг мөргөсөн. Хохирлыг хэрхэн барагдуулж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд гурван байршилд хайс, хашлага эвдсэн. Үүнээс хоёр этгээдийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна. Нэг үйлдэл дээр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт хийж байгаа.
-Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа яваа вэ?
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна. Хувийн тээврийн хэрэгслийн тухайд Засгийн газраас түр журмыг баталсны дараагаар цахим гэрчилгээг иргэдэд 44 байршлаар тараана. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн жил 161 байршилд дэд бүтцийн ажлуудыг хийж, мөн 442 мянга гаруй цахим гэрчилгээг худалдаад авчихсан байгаа.
-Наадамчдын өргөн чөлөөний замын ачааллыг бууруулах чиглэлээр хоёр байршилд авто зам тавьж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Наадамчдын өргөн чөлөөг ТЭЦ 4-тэй холбох гүүрэн байгууламж арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад орно. 2.8 км замын үндсэн далангийн ажил, хучилтыг хийж, зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байна. Харин “Мишээл” худалдааны төвөөс урагш чиглэсэн замын хучилт дууссан. Хойшоо “Эрэл” компани руу явсан замын тухайд 65 хувьтай, тус компанитай холбоотой 750 метр замын ажил шүүхийн шийдвэрийн дагуу зогсчихоод байна.
Н.Туул