Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар,
"Жижиг Тавантолгой" компани БЭТ-гүй болсноос хойш, очсон удирдлага нь нүүрсээ биржээр бус шууд гэрээгээр зарж эхэлж байгаа. Хуучин байсан тогтолцоо руу орсон гэсэн үг юм. Тиймээс зөвхөн биржээр зарагдсан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэг байх бүртгэлийг хийх үүргийг Гаалийн байгууллагад үүрэг болгож өгч байгаа.
Хуучин үе шиг хаалганы цаана сууж, өндөр дүнтэй гэрээ хийгддэг тогтолцоог өөрчлөх гэж биржээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга хэмжээг авч ажилласан. Харамсалтай нь Жижиг Тавантолгой ХК-ийн буюу орон нутгийн Тавантолгой ХК дээр БЭТ үйл ажиллагаагаа зогсоосноос хойш нүүрсээ гэрээгээр зарж борлуулдаг тохиолдол гарч байна. Тиймээс үүнийг бид таслан зогсоох ёстой гэж үзэж байгаа. Үүнтэй эвлэрэхгүй. Зарж болно. Гэхдээ зарсан нүүрс нь хилээр гарахгүй" гэлээ.