Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр ГАНАА: Сэтгэл дотроо юу ч үлдээхгүй бүгдийг нь ил гаргаж хэлж чаддагтаа бид илүү дотно байдаг

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
25 минут 40 секунд

Хувь уран бүтээлчийн хувьд ч, хамтран зүтгэгчийн хувьд ч тайз, дэлгэцийн урлагт өнгө нэмж яваа бүсгүйчүүдийг энэ удаагийн "Ubn story" буландаа онцолж байна. УДЭТ-аас буурь сэлгэн Хувьсалд очсон "Хоёр Ганаа" Аримун продакшнаа байгуулж өрх тусгаарласнаас хойш "Халуун зүрх" киногоо үзэгчдэд хүргэн үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан. Харин тэд хэдхэн хоногийн дараа хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох "Хүний ээж" киногоо үзэгчдэд хүргэх гэж байна.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. "Халуун зүрх" киноноос хойш дараагийн уран бүтээлээ гаргахгүй юм уу гэж үзэгчид та хоёрыг хэр их шаналгав?

-А.Ганчимэг: Баярлалаа. Асуусанчлан "Аримун" продакшн 2019 онд Халуун зүрх уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж байсан. Анхны бүтээл маань үзэгчдэд маань маш сайн хүрсэн. Үүнд бид хоёр маш баяртай байдаг. Хоёр дахь уран бүтээлээ нээх гээд байж байна даа. Халуун зүрх киногоо хүргэснээс хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Мэдээж энэ дунд цар тахал гарсан. Хажуугаар нь бид тус тусын уран бүтээл, ажлууддаа анхаарлаа хандуулсан. Гэхдээ одоо нээх гэж байгаа киногоо хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн. Зураг авалтын процесс үргэлжилсээр энэ есдүгээр сард үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байна.

-Нээлт болоход хэдхэн хоног үлдсэн байна. Та хоёр маань өөрсдөө завгүйн хажуугаар их хүлээж байна уу?

-Д.Ганцэцэг: "Халуун зүрх" бол ханьдаа зориулж хийсэн гэдэг утгаараа сэтгэл дотроо бодож байснаа хийж байсан учраас ойлголцлын хувьд амар байсан. Харин хоёр дахь уран бүтээлийн тухайд гэвэл, Гануухай маань нэг л өдөр кино зохиолоо бариад ороод ирсэн. Ийм том сэдэв барьж авсан гэж би төсөөлөөгүй байсан учраас найруулагчийн хувьд надад бодох шаардлага гарсан. Тийм учраас тодорхой хэмжээнд хугацаа орсон гэж хэлж болно. Түүнээс хойш бид хоорондоо зохиолоо ярилцаж, засвар оруулж явсаар хугацаа авсан. Мөн хамгийн их хугацаа авсан зүйл бол гол дүрийн эрэгтэйгээ сонгох явдал байсан. Аримун ямар байх ёстой вэ гэж бодсоноороо түүндээ хүрч чадсан гэж бодож байгаа. Нээлтийн өдрөө тэсэн ядан хүлээж байна.

-Нэг л өдөр зохиолоо бариад ороод ирсэн гэв үү дээ. Ер нь А.Ганчимэг эгч "Халуун зүрх" киноноос хойш бодоод явсан сэдвээ зохиол болгосон юм уу?

-А.Ганчимэг: Тийм ээ. "Халуун зүрх" киногоо нээснээс хойш дотор маань бодогдоод л байсан сэдэв. Яг үнэндээ энэ сэдвээр кино хийхийг маш их хүссэн. Тэгсэн хэрнээ зарим хүмүүст хэлэхээр "Дэмий юм биш үү, яагаад энэ сэдвээр хийж байгаа юм бэ" гэх асуулттай их тулгарсан. Үүний дараа ч сэдэв нь миний дотор оршоод л байсан. Ямар ч байсан хийх ёстой гэж бодсон. Анхны зохиолыг сонсгосон. Буцсан. Зөндөө олон процесс өрнөсөн. Зохиол дээр лав хоёр жилийг зарцуулсан. Мөн би чинь өөрөө мэргэжлийн зохиолч хүн биш шүү дээ. Зохиолыг нь бичсэн гэхээсээ заримдаа санаа зовно. Гэхдээ яалт ч үгүй киноныхоо зохиолыг би буулгасан нь үнэн. Гэхдээ зохиол бичнэ гэдэг хүссэн бүхэн нь хийчих амархан ажил биш. Үнэхээр хүндлүүштэй ажил. Мөн өөрсдөө зохиол дээрээ ажиллахад маш олон давуу тал бий болдог. Бид өөрсдийнхөө туршлагад л үндэслэж өөрсдийнхөө уран бүтээлийг хийж байгаа шүү дээ. Тиймээс бид хоёрын хэн хэнийх нь санаа эвэгдэн орж, эцсийн зорилгоо бид хамтдаа харж чадсан учраас зохиолоо маш кайфтайгаар дуусгаж чадсан. Зохиолоо дуусгасны дараа уран бүтээлийн багийнхандаа сонсгох маш гоё мөч байхгүй юу. Багийнхнаа цуглуулаад зохиолоо сонсгоход бүгдэд маш их таалагдсан. Энэ нь бид хоёрт маш их хүч өгсөн.

-Д.Ганцэцэг: Жишээлбэл, кино зохиолоо харахад гол дүр нь хамаг ачааг үүрсэн байдаг шүү дээ. Харин манай энэ удаагийн зохиол дээр оролцон тоглож байгаа бүх дүрүүд ачааллыг тэгш үүрч байгаа. Мөн арын албанд ажилладаг хүмүүсийн маань чадварыг шаардсан сонирхолтой ажил байсан учраас бүгд дуу нэгтэйгээр киногоо дуусгасан. Гануухайгийн маань хэлснээр кино багаа цуглуулаад зохиолоо уншиж өгөхөд бүгд алга ташаад л. Процесс явагдаад зургаан сарын турш эвлүүлэг хийж, эхний дүрсжүүлсэн үзлэгээ хийхэд тэр мэдрэмж баригдсан мөртлөө давуулсан байна гэж хэлсэн.

-Бид тусгай хэрэгцээт хүмүүсийг ойлгодог юм шиг хэрнээ ойлгодоггүй юм билээ-

-А.Ганчимэг эгч хоёр ч зохиолын ард гарчихлаа. Зохиол бичнэ гэдэг их амаргүй ажил болов уу. Магадгүй зохиолоо найруулагчид уншуулна гэдэг бүр ч том даваа байх. Уншсаны дараах хариу үйлдэл ямар байх бол гэж хүлээлт тавьдаг уу?

-А.Ганчимэг: Хүн өөрийнхөө хэмжээнд тултал хийсэн гэж үзээд уншуулж байгаа болохоор бүгдэд нь таалагдана л гэж боддог. Тэгээд уншуулахад таалагдаж ч болно, таалагдахгүй ч байж болно шүү дээ. Гэхдээ өөртөө бол 100 хувь болсон гэж бодоод уншуулж байгаа учраас хүлээлт нь ч тэр хэрээрээ өндөр байдаг.

-Д.Ганцэцэг: Энэ сценийг яагаад ингэж бодсон юм бэ гэж асууна. Яалт ч үгүй зохиол хүн үйл явдлаа хөөдөг юм байна. Би тэрхүү үйл явдлыг оногдсон дүрүүдээр хөгжүүлэх учраас эхлэл, өрнөл, төгсгөл бүрт дүрүүдийн шинж чанарын өөрчлөлтүүдийг олж харж бодох шаардлагатай. Маш углуургаар нь үндсээс нь эхлээд ярилцсан учраас зохиол маань маш олон шүүлтүүрийн дараа сайн болж гарч ирсэн гэсэн үг. "Халуун зүрх" киногоор бид эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хүний үр үндэс хэзээ ч тасардаггүй гэх агуулгыг барьж ажилласан. Харин энэ удаа зохиолч маань дэлхийд хүн болж төрсөн бүхэн адилхан гэдгийг харуулахыг зорьсон. Гэтэл гаргүй, хөлгүй төрсөн хүнийг биднээс өөр мэтээр харьцдаг юм бэ. Тэр бүх адилхан хүнийг төлөвшүүлэх нь эцэг, эхийн үүрэг. Найруулагчийн хувиар эцэг, эх гэж ямар хүн байх ёстой вэ, өөрсдийнхөө үргэлжлэлийг яаж чиглүүлэх ёстой вэ гэдэг санааг барьж ажилласан. Энэ хоёр санаа маань хоёр талаасаа нэгэн цөм болж чадсан гэж бодож байгаа.

-Өмнө Д.Ганцэцэг эгч "Аримун продакшн уран бүтээлчийн ур чадварыг харуулсан, нийгэмд дохио өгсөн уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзана" гэж хэлж байсан. Аримун байгуулагдсанаас хойш тавьсан зорилго төлөвлөгөөнийхөө дагуу явж байна уу. Хоёр уран бүтээл хоёул нийгэмд дохио өгөхүйц асуудлыг олж харж хөндсөн байна шүү дээ?

-Д.Ганцэцэг: Баярлалаа. Маш их баяртай байна. Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёр "Аримун" продакшныг анх байгуулахдаа нэрэндээ их ач холбогдол өгсөн. Хэл бичгийн тольноос харж байгаад уудам, амирлангуй, тэнүүн гэх утга бүхий Аримун гэх нэрийг сонгосон. Бид уудам их талын дундуур тэнүүн сайхан жаргалыг үзэгчдэд бэлэглэж, амирлангуй оршоохын тулд уран бүтээлээ хийх болно гэж сонгосон нь энэ. Уран бүтээл бүрээрээ бид тодорхой хэмжээнд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөж байгаа. Хорт хавдраар өдөрт 16 хүн оношлогдож, 14 хүн амиа алддаг гэх харамсалтай тоон мэдээтэй байх үед "Халуун зүрх" киногоо хийж ХСҮТ-д хандив өгч, хорт хавдраар өвдсөн хүүхдийн эмчилгээний зардалд нэмэрлэж байсан. Энэ удаагийн зохиолоороо ч бид нар нийгэмд хүн гэдэг анхан шатны нэгжээс тодорхой хэмжээнд алдагдсан, орхигдсон хэсгүүдийг сонгон авч, тэдэнтэйгээ анхнаасаа хамтран ажилласан. Энэхүү бүтээлийн орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулах болно. Адаглаад тэргэнцэртэй хүн гэрээсээ гараад хотын гудамжаар явахад яаж асуудалгүй явдаг болох вэ гэх асуудлыг зохих ёсны эрх бүхий байгууллагад хүргэх хүртэл бид явах болно. Үзэгчид маань киногоо үзээд гарахдаа хамгийн түрүүнд хүн бүрийг хайрлах ёстой юм байна гэдгийг ойлгох болов уу.

-Өмнө А.Ганчимэг эгч хорт хавдартай эмэгтэйн дүр дээр өөрөө ажилласан шүү дээ. Яг энэ удаагийн дүр дээр ажиллахад тэр дундаа тусгай хэрэгцээт хүний дүрийг бүтээхэд өөрт хэрхэн тусав. Дүрийн судалгаа нэлээн шаардагдсан байх?

-А.Ганчимэг: Бид нар тусгай хэрэгцээт хүмүүсийг ойлгодог юм шиг хэрнээ ойлгодоггүй юм билээ. Юу чаддаг, дотроо юу боддогийг бид ерөөсөө мэддэггүй. Зах зухаас нь ч мэддэггүй. Гэхдээ энэ нь хүн бүрийн буруу биш. Бид постер зургаа авхуулах гээд нүдээ боогоод 20-30 орчим минут зогссон. Тэр зуурт л манайхан давчдаад байна, хэцүү юм бэ гэцгээж байсан. Тэр л ойлгомжтой болов уу гэж бодож байна. Тэр хүмүүсийн сэтгэл зүрхийг ч юм уу, миний яаж биеэрээ мэдэрснийг ч юм уу үгээр илэрхийлэх гэхээр би онож чадахгүй байна. Тиймээс үзэгчид маань ирж үзээд харах болов уу гэж бодож байна.

-"Бид нарт жижигхэн өрөө хүртэл маш том өрөө юм шиг санагддаг" гэж хэлсэн бүсгүйн үг маш их зүйлийг бодогдуулсан-

Д.Ганцэцэг: А.Ганчимэгийн хувьд дүр дээрээ маш сайн судалгаатай, мэдэрч ажилладаг уран бүтээлч. Бид киноны явцад н.Энхмандах гэх бүсгүйтэй уулзаж ярилцаж байсан. Тэр бүсгүй "Бид нарт жижигхэн өрөө хүртэл маш том өрөө юм шиг санагддаг" гэж хэлсэн нь маш их зүйлийг бодогдуулсан. Бид хоёрын нэг алдаа нь бид хардаггүйг тоглох гээд байсан юм билээ. Эсрэгээрээ хардгийг тоглох юм байна. Өөрөөр хэлбэл, тэр н.Энхмандах гэх бүсгүй хараагаа бүрэн алдсан мөртлөө А.Ганчимэгт замаар хөндлөн гарахад таягаа яаж барихыг зааж өгч байгаа байхгүй юу. А.Ганчимэгийн нүдийг боочихсон байхад н.Энхмандах урд байгаа саадыг хэлж өгч чиглүүлж байсан. Дууны инженерийн маань хэлдгээр тэр хүмүүсийн чих нь, гарны үзүүр нь, биений үс нь, нуруу гээд бүх зүйл нь нүд болдог юм байна. Өөрөөр хэлбэл, биднээс илүү "нүдтэй" гэсэн үг. Тэднийг өөрсдөөсөө сул дорой мэтээр хэт их анхаарал тавьж эмзэглүүлдэг эсвэл хайхрахгүй орхидог. Ер нь бид бүгдээрээ ижилхэн хүмүүс. Нөгөө талаар биднээс илүү эрх чөлөөтэй хүмүүс юм байна гэдгийг ойлгосон.

-"Хэцүү анги" киноноос Гануухайг харчихаад "Энэ охин театрт ороосой" гэж нөхөртөө хэлж байсан-

-Гурвуулаа уран бүтээл нэлээн их ярьлаа. Одоо харин би та хоёрыг бие биенээ харсан, танилцсан үе рүү буцья гэж бодлоо?

А.Ганчимэг: Би арван жилийн сурагч байхдаа Харанга хамтлагийн Зүүдэндээ би хайртай дууны клипэнд маш их дуртай байсан. Клипнээс хамгийн дуртай хэсэг нь Д.Ганцэцэг эгчийн лифт хаагдахад гаргадаг нүүрний хувирал. Тэр хэсгийг хараад толинд яг тэгж харах гэж их дууриадаг байсан. Тэрний дараа би Жинжиймааг үзсэн. Миний анхны харц тэр байлаа.

Д.Ганцэцэг: Би бага хүүгээ төрүүлчихээд гэртээ декриттэй байдаг байхад телевизээр "Хэцүү анги" ОАУСК гарч байсан юм. Тухайн үед би тэр олон дүрүүдээс А.Ганчимэгийн дүрийг онцолж харсан. Харчихаад "Энэ ямар хөөрхөн мэдрэмжтэй охин бэ, театрт ороосой" гэж нөхөртэйгээ ярьж байсан. Тухайн үед жүжигчний 2 билүү 3 дугаар курс гэж сонссон юм. Тэгээд манай хүүг 9-10 сар хүрэх үед театрын маань эмэгтэй залуу уран бүтээлчид ирсэн. Одноо орж ирээд араас нь Тоогий орж ирээд л. Тэгсэн хамгийн хойно нь нэг жижигхэн юм зогсож байна. Би чинь шууд л Гануухайг татаж авч ирээд "Чи театрт орчихсон юм уу, ийшээ суу" гээд баярлаж байсан. Декритний маань хугацаа дуус би ч ажилдаа орсон. Гамлет жүжгийн эмэгтэй уран бүтээлчийн шалгаруулалтад бид хоёр тэнцэж, уран бүтээлчээрээ нэгнээ ойлгож ажилласан.

-Мэдээж "Хоёр Ганаа" ойлголцлын тал дээр асуудалгүй учраас продакшнаа байгуулж, хоёр ч уран бүтээлийн ард гарсан байх. Гэхдээ зан характерийн хувьд ижил үү. Аль эсвэл өөр гэж дүгнэх үү?

Д.Ганцэцэг: Нэг уран бүтээл дээр ажиллахад чи үүнийг, би үүнийг гэж бараг л ярихгүй. Тэгсэн мөртлөө хэн нь юугаа хийх вэ гэдгээ мэдчихсэн, тэр ажил нь болчихсон байдаг. Учир нь би энийгээ хийхэд А.Ганчимэг юуг нь хийх вэ гэдгээ бид өөрсдөө мэддэг. Хувь хүнийхээ характерийн хувьд би аливааг сэтгэл хөдлөлөөр шийдэх гээд байдаг талтай. Харин Гануухай маань нэг алхам ухарч байгаад бодож байгаад шийддэг. Энэ нь эргээд бие биенийхээ дутууг нөхдөг. Хувь хүнийхээ хувьд нэг нь сэтгэл хөдлөл өндөртэй, нэг нь сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүн гэсэн үг. Характерийн хувьд ялгаатай юм шиг мөртлөө уран бүтээл, аливаа ажилд хандаж байгаа хандлага, сэтгэл, хурд нь адилхан санагддаг.

-Эрэгтэйчүүд ихтэй продакшн бидний хөндсөн сэдвээр кино хийсэн ч эмэгтэй хүнээс гарч болох мэдрэмж, нандин зүйлсийг гаргаж чадахгүй байх-

-Манайд эрэгтэй жүжигчид ихтэй, өөрсдөө байгуулсан продакшнууд их байдаг шүү дээ. Гэхдээ эмэгтэйчүүд нэгдээд продакшн байгуулаад явж байгаа нь тун ховор. Энэ утгаараа Аримун продакшн эрчүүдээс дутхааргүй уран бүтээл туурвиад явж байгаагийн хувьд хүндрэлтэй зүйл хэр их гардаг вэ?

-А.Ганчимэг: Хоёр талтай. Эмэгтэй хүн гэдэг бол эмэгтэй л хүн шүү дээ. Кино групп цуглахад хэд нь эмэгтэй хүн байх вэ, хэд нь эрэгтэй хүн байх вэ. Кино хийнэ гэдэг сэтгэлээрээ хийчих ажил биш шүү дээ. Техникийн ажил их. Техникээ авч ирнэ, түрээсэлнэ, буцааж аваачиж өгнө, наашаа цаашаа зөөнө гэдэг чинь заримдаа эрэгтэй хүний оролцоо ихтэй. Хааяадаа хэцүү. Олон хүмүүстэй харьцана, ааш аягийг нь олно.

Нөгөө талаараа эрчүүдийн хийж чадах сэдэв, чадахгүй сэдэв гэж байгаа. Жишээлбэл, хоёр эмэгтэйн санаа сэтгэлийн дундаас "Халуун зүрх" кино маань төрж. Хоёр дахь уран бүтээлийн сэдвийг ч гэсэн өөр эрэгтэйчүүдтэй продакшн барьж авч кино хийхгүй болов уу гэж бодож байна. Хийсэн ч эмэгтэй хүнээс гарч болох мэдрэмж, нандин зүйлсийг гаргаж чадахгүй байх.

-Нэг уран бүтээл нь үзэгчдэд хүрсэн л бол хүлээлт үүсээд эхэлчихдэг. Үзэгчид хоёр Ганааг одоо тайзны уран бүтээлээр уулзах болов уу гэж хүлээж байж болох юм?

А.Ганчимэг: Би их сургуулиа төгсөөд л театр ажилласан болохоор театртаа маш их хайртай. Ганаа эгч маань Гэм зэм, Шөнө буусан аадар гээд хоёр ч жүжигт тоглосон. Ганаа эгчийгээ тайзан дээр харах гоё байлаа. Дуртай мэргэжлээрээ ханатал тоглож чадаж байгааг нь хараад баярласан. Өөрийн тань хэлж буй зүйл бид хоёрын төлөвлөгөөнд бий. Гэхдээ амар зүйл биш шүү дээ. Уртын төлөвлөгөөнд байгаа.

-Гануухай маань сценид оролцохгүй мөртлөө дэргэд байж байх нь өөрөө түшигтэй санагддаг-

-Зургийн талбай дээр хэр түшигтэй вэ, бие биедээ?

Д.Ганцэцэг: Хүүхдүүдтэй кино зургийн сценийг авч байхад А.Ганчимэг маань арын ажлаа амжуулаад хоёр хоног бид хоёр уулзалдаагүй юм. Тэгээд шүүхийн гадаа зураг авалт хийх гээд байж байхад А.Ганчимэг ажлаа амжуулчихаад ирсэн. Тэгэхэд нь бид хоёр талаас "Гануухай, Ганцэцэг эгч ээ" гээд тэврэлдээд л уулзсан. Зураг авалт хийж байхад Гануухай маань сценид оролцохгүй мөртлөө дэргэд байж байх нь өөрөө түшигтэй байдаг. Түүнийгээ мэддэг учраас бид үргэлж цуг байхыг боддог.

А.Ганчимэг: Тэгэлгүй яах вэ. Бид ойлголцож байж л уран бүтээлүүд маань гарч байгаа шүү дээ. Бид хоёр зургийн талбай дээр найруулагч, жүжигчин хоёр. Ганаа эгч маань өөрөө жүжигчин хүн учраас жүжигчин талынхаа мэдрэмж зүйлсийг их мэддэг. Магадгүй сэтгэлзүйн ачаалалтай, хүнд сцени явлаа гэхэд Ганаа эгч ирээд чихэнд шивнэчихээд л яваад өгдөг. Бид биесээ маш сайн мэдэж байгаа учраас бараг л харцаараа ойлголцдог болчихдог.

-Д.Ганцэцэг эгч зургийн талбайд хэр хатуу найруулагч бол?

А.Ганчимэг: Мэдээж зургийн талбай дээр хатуу байхгүй бол тэр олон хүнийг удирдана гэдэг маш хэцүү. Найруулагч хүнд байх ёстой чанар. Кино багийг базах ганц хүн нь ерөнхий найруулагч. Базаж чадахгүй бол тэр баг тал тал тийшээ тараад л одно шүү дээ. Би бол тэр олон хүнийг базаж чадахгүй. Тиймээс зургийн талбай дээр найруулагч хатуу байхгүй бол болохгүй.

-Бараг л нэг гэр бүл шиг болчихсон юм уу даа, хоёулаа чинь...-

Д.Ганцэцэг: Найруулагч хүн хүний сэтгэлзүйтэй тулж ажилладаг юм байна гэдгийг энэ удаагийн уран бүтээл дээрээ маш сайн мэдэрсэн. "Халуун зүрх" киноны Буржаакийн дүр дээр манай хүү тоглосон шүү дээ. Өмнөх кино дээрээ ганц хүүхэдтэй ажилласан бол би энэ удаагийн кинонд гурван хүүхэдтэй тулж ажилласан. Хүүхдүүдийн маань тоглолт, жүжиглэх чадвар өдөр өдөрт өөрчлөгдөнө. Хэнтэй яаж харьцах вэ, хэнийг хэрхэн тоглуулах вэ гэдгийг мэдэрдэг болчихдог юм байна.

-Бие биенээ санах үе гарах уу?

Д.Ганцэцэг: Байлгүй яах вэ. Коронагийн үеэр. Санаж байна уу. Хөл хорио тогтоочихсон байх үеэр би "Ододтой бүжиглэе" шоунд оролцож байсан үе. Ерөөсөө уулзалдаж чадахгүй. Энэ хоёрынхоо сториг л үзээд "Та хоёр маань юу хийж байна" гээд л бичнэ. Тэгээд бид хоёр уулзалгүй удаж байгаад тэр үед нэвтрүүлгээр уулзсан. Надад хэлэлгүй байж байгаад А.Ганчимэгийг надтай уулзуулсан юм. Түүнийг хүмүүс хараад жүжиглэсэн мэтээр хүлээж авсан юм шиг байна лээ. Гэхдээ удаан уулзаагүй санаж байсан үедээ уулзсан учраас маш дотноор уулзалдсан. Биднээс гадна хүүхдүүд маань нэг нэгнээ их санадаг. Бараг л нэг гэр бүл шиг болчихсон юм уу даа.

А.Ганчимэг: Сүүлдээ ковид тусаад хамтдаа тусгаарлагдсан шүү дээ.

Д.Ганцэцэг: Их дотны, бид биедээ зөвлөгөө өгч чаддаг. Дотнын найзууд гэхээрээ бие биенээ магтаад унана гэсэн үг биш шүү дээ. Сэтгэл дотроо ямарваа нэгэн зүйл үлдээхгүйгээр бүгдийг ил гаргаж хэлж чаддагтаа бид илүү дотно байдаг байх гэж би боддог.

-Ярилцлагын төгсгөлд та хоёр маань дотны эгч дүүс, хамтран зүтгэгчийн хувьд бие биедээ хандаж үг хэлэх үү?

А.Ганчимэг: Киногоо нээх дөхчихсөн болохоор хариуцсан ажлуудаа амжуулах гээд тухтай ч хоёулаа уулзаж чадахгүй явсан юм. Бие биенээ мэддэг болсноос хойш 12 жил өнгөрч. Хүний ямар ч цаг үед итгэж болох хүн гэж байдаг шүү. Хамгийн их итгэж болох хүн маань та шүү. Амьдралын маань, уран бүтээлийн маань анд нөхөр, хамтран зүтгэгчийн номер нэгт та минь байдаг. Үргэлж байсаар байх болно. Та миний төлөө хичээдэг шиг би ч бас таны төлөө хичээсээр байх болно.

Д.Ганцэцэг: Энэ чинь ямар гоё мөч вэ. Би Гэргий нэвтрүүлгийн үеэр Гануухайгаа гарч ирэхэд уйлж байсан. Энэ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй хүн гэж надад хэлж байсан. Гануухайгийн маань хэлж байгаа шиг ажлын болоод хувийн амьдралд маань тохиолдсон зүйлсээ хамгийн түрүүнд дуулгах ёстой итгэлт хүн маань А.Ганчимэг. Нөгөө талдаа Ганчимэгээс гадна н.Алтангинж ах, н.Оюунбилэг эгч хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл монголын урлагийн салбарт ийм үнэ цэнтэй, мэдрэмжтэй, авьяастай, хайрламаар үзэсгэлэнтэй охиныг төрүүлж өсгөхөөс гадна оюун ухааныг зөв чиглүүлсэн. Тийм учраас би тэр бүр аав, ээжид чин сэтгэлээсээ баярлалаа гэдгээ дахин хэлье. Гануухай бол миний хамгийн итгэлт охин.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 25 хэмийн дулаан, бороо орохгүй
Улаанбаатарт 25 хэмийн дулаан, бороо орохгүй
 
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.