“Бүдүүн дарга”-аа унагаснаас хойш элдэв дажингүй “Сүх” жанжныхнаа далбаан дор нэг чигтэй явсан МАН эргээд хуваагдлын өмнө иржээ. АН-ынхан үргэлжийн мөнхөд явган хэрүүл, ёдортой явдагт нь Монголчууд гайхахаа больсон. Харин гаднаа найрамдалтай ч дотроо зөрчил нь бугшиж байгаад нэг л өдөр дэлбэрдэг МАН-ын дотоод зодоон нэг эхэлбэл ёстой л “цус үзэж” байж дуусдаг. Яг тийм том зодооны өмнө МАН-ынхан тулж ирээд байгааг олон эх сурвалжууд баталж хэвлэлээр ч бичих боллоо. Ингээд ирэхээр л нэг юм болдог доо. Мэдээж энэ намын хамгийн сайн зодоонч нь У.Хүрэлсүх мөнөөс мөн. Тийм учраас айсуй зодооноос айхгүй өөртөө итгэлтэй бардам байгаа нь сүүлийн үеийн томилгоо, шийдвэрүүдээс нь илхэн харагдаж байна.
Харин хөшигний цаана хоёр жил тойрон мишок цохьсон хотын фракцын хууччуул У.Хүрэлсүхээс урвасан түгжилүүдтэй нийлж дахин салба үзэлцэхээр бэлтгэж байна. Ингэж зодолдох болсон шалтгаан нь ардын намд тогтсон 80\20-ийн дүрэм юм. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар ийм дүрэм эртнээс тогтсон бөгөөд аливаа томилгооны 80-ийг У.Хүрэлсүх дангаараа хийдэг болоод удаж байгаа аж.
Харин үлдсэн 20-д бусад нь оролцоод байна уу гэтэл үгүй юм байна. 10 хувь нь Л.Оюун-Эрдэнэ, үлдсэн 10 хувь нь Д.Амарбаясгаланд оногдож нам нь олон нийтийн улс төрийн байгууллага гэхээсээ илүү нэг гол эзэнтэй хоёр жижиг хувьцаа эзэмшигчтэй компаний маягийн байгууллага болчихлоо гэж ундуйцах хүмүүс өдрөөс өдөрт олширч өрөлт, булчингаа чангалсаар байна.
Саяхан явагдсан сайд нарын томилгоо, араас нь дэд сайд нарын томилгоо яг ийм хуваарилалтаар явагдаж гишүүдэд гэнэтийн сюрприз барьжээ. МАН-аас УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон нэгэн эрхэм энэ талаар “ядаж УИХ-иас сонгосон дөрвөн сайдынх нь нэг “ЖДҮ-чин” хоёр нь хамаатан, үлдсэн нь хотгор шанагачин” гэж хэлсэн нь ордны өрөө дамжин улам томорсоор сайд нар дунд нэг ангийнхан, нутаг нуга, хамаатан садан, тэр ч бүү хэл МАН-ын нөлөө бүхий эрхмийн хэргийг хааж өгсөн хуулийн байгууллагын том албан тушаалтны дүүг сайд болголоо гэх яриа ордноор нэг хадсан байна. Эцэстээ энэ сайд нар МАН-ын ялалтын хаана явсан хүмүүс юм бэ? дараагийн сонгуульд намд нэг суудал аваад ирэх хүн хэд байгаа юм бэ? гэх асуултанд гишүүд ам нэгдэж хариулт нэхэх болжээ. “УИХ-ын гишүүд томсгосон тойрогт хамаг хүч хөрөнгөө гаргаж үзэлцсэн шүү, та нар УИХ-ын гишүүдээ бодож ажиллаарай” гэх үгийг М.Оюунчимэг хэлсэн болохоос бүгд л иймэрхүү анзааны байр суурьтай байгаа ажээ.
Харин намын дарга нь “гишүүд аятайхан байгаарай, манай сайд нарыг дуудаж уулзахгүй шүү. Янз янзын юм яриад байвал шалгана, татна шүү” гэж бүлгийн хурал дээр 2 удаа чуулганы индэр дээр 1 удаа хэлж гал дээр улам тос нэмж орхисон байна.
УИХ-ын сонгуульд намын даргынхаа шийдвэрээр өнжиж нам ялбал сайд болно гэсэн тохироотой явсан олон нөхөд “модон чихэр” үмхсэндээ жигтэйхэн уурсах болжээ. Бүдүүн даргаа сөрөн байж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж кноп дарсан гишүүд нэр дэвших эрхээ авч чадалгүй хулхидуулсандаа одоо ч хорсолтой байна.
У.Хүрэлсүхэд багагүй дэмжлэг үзүүлж шинэ засагт барьцаа зузаатгана гэж тооцсон экс Ерөнхий сайд С.Батболдын хүрээллийнхэн, МГИМО-гийн гэгдэх фракцынхан ч гайхаж хоцорчээ. “Арьс өнгөний” үзлээр М.Энхболдын тал гэж хасагдсан экс бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй нөхөд ч тулаанд бэлтгэж байна. Өнөөдөртөө чимээгүй ч өндөлзөөд ирвэл хүч нөлөө нь ид яваа Ж.Мөнхбат, С.Бямбацогт тэргүүтэй гишүүд “нэг хэсэгтээ харья” гэсэн битүү өрөлттэй МАН-ынхан түгшүүр дүүрэн байна.
Ийнхүү түгшүүр хурах болсон МАН-ыхан дунд “У.Хүрэлсүх ингэхийг мэдсэн бол М.Энхболдыг хэрэггүй унагаж... явж явж М.Энхболд нь хамаагүй дээр байж ядаж бусдынхаа шүүмжлэлийг сонсдог, буруу зөвөө ярилцдаг... У.Хүрэлсүх яг Н.Энхбаяр шиг нэг хүний дектатур тогтоох гэж байна. Ингээд ирэхээр л нам унадаг, буруутдаг...” гэх мэт үгсийг хоорондоо ярилцах болжээ. Тэр ч бүү хэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь буулгасан хэд хэдэн гишүүд бөөндөө нийлж бүдүүн даргынхаа уяагаар зочилж уучлалын хадаг өргөсөн сураг байна. “Ахаа бид ёстой буруу бодож, У.Хүрэлсүхийг ийм хүн гэж ёстой бодсонгүй. Та хамаагүй ноён нуруутай, зөв шударга хүн байжээ гэх” ичмээр зусар үгсийг харамгүй хэлж айраг шимж сууцгаасан гэх мэдээлэл тусгаар тогтнолын ордон хавиас дуулдах болов.
Харин М.Энхболд “улс төр хавиар эргэлдэх найман жил ч байнаа” гэж додигор инээснээс өөрөөр элдэв санаагаа хэлээгүй гэх. Угаас ирээ ил гаргадаггүй улс төрч гэдгээр нь МАН-ыхан түүнийг андахгүй. Тийм ч учраас хэдийгээр УИХ-ын гишүүнээс бууж төрд нөлөөгүй болсон ч намдаа нөлөөтэй хэвээрээ байгаа түүнийг ийнхүү бараадах цуваа улам өргөсөх болж гэнээ.