Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Данхраас ч ДАНХАР Ардчилсан нам

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 43 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Ардчилсан намын 16 шинэ даргын талаар амтай болгон цуурч байна. Арга ч үгүй биз. Ийм хэмжээний том, данхар томилгоо Монголын улс төрийн намууд дунд урд хожид огт хийгдэж байсангүй. Яг л өөрсдийнх нь байнга шүүмжилдэг данхар бүтцийг үүсгэчих нь тэр. Магадгүй данхраас ч данхар Ардчилсан намыг Лу.Гантөмөр өчигдөр “үйлдвэрлэв”. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг тасралтгүй данхайсан бүтэцтэй засаг, төр байгууллаа хэмээн шүүмжилж, данхар бүтэцтэй юм бүхэнд өстэй явсан тэд өөрсдөө ийнхүү данхайсан нь харамсалтай.

Тэгвэл яагаад генсекээ тавьж чадахгүй атлаа 16 дарга томилсон талаар болон цаашид уг үйлдэл нь АН-ыг юу руу хөтлөх аюултай талаар хамтдаа эргэцүүлье.

НЭГ. Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын фракцийн дэд дарга нар олон байгаа нь АН доторх “Женко”-гийн хүчийг нэмэгдүүлэв

Эхлээд АН-ын шинэхэн дэд дарга нар хэний, ямар фракцийн төлөөлөл болж орж ирсэн талаар бичих нь зүйтэй.

  1. С.Баярцогт – Хүмүүс Ц.Элбэгдорж талын хүн гэдэг ч анхны угшил гарал нь “Алтангадас” талын хүн билээ. Сүүлийн жилүүдэд Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр тусдаа гарах гэж үзээд бүтэлгүйтсэн бөгөөд одоо ерөнхийдөө хувийн байдлаар улс төр хийж яваа. Гэхдээ тэр хэнтэй ч тохирч, ойлголцож чадах менежменттэй толгой.
  2. Р.Амаржаргал – МҮДН фракцийн төлөөлөл. Туршлагатай бөгөөд нэр цэвэр үлдсэн АН-ын ах нарын "Сүүлийн Могикан". Гэхдээ асуудлаас хойш суудаг, улс төрд хэт мөлгөр явдаг гэж түүнийг шүүмжлэх нь зүйтэй.
  3. Ц.Уртнасан – Ямар ч эргэлзээгүй С.Эрдэнийн хүн. С.Эрдэнийг ХНХ-ын сайдаар ажиллаж байхад НДЕГ-ыг удирдаж байсан тэрбээр "Капитал" банкны хэрэгт буруутгагдаж НДС-д 230 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байсан нэгэн юм.
  4. Э.Одбаяр – С.Эрдэнийн хүн бөгөөд ХЭГ-ийн даргаар ажиллаж байв.
  5. Р.Эрдэнэбүрэн – Түүнийг Н.Алтанхуягийн “Алтангадас” фракцид хамаатуулах нь зүйтэй. Төрийн нарийн бичгийн дарга болох үеэсээ л Н.Алтанхуягт “хадаг барьсан” гэдгийг АН-ынхан бүгд ярилцдаг. Мөн байр сав, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хэрэгт холбогдож байсныг нь дурдах нь зүйтэй.
  6. Ц.Жадамбаа – Н.Алтанхуягийн фракцид хамаарах хүн.
  7. Ж.Баярмаа –
  8. Р.Пүрэвхатан – “1-ийн А” талдаа явж ирсэн. Гэхдээ энэ удаад эмэгтэйчүүдийн холбооны квотоор орсон. Лу.Гантөмөр талаас дэмжлэг авсан байх магадлалтай.
  9. О.Алтангэрэл – Өвөрхангайн гаралтай бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракцид хамаарах хүн. Тиймээс өнгөрсөн хугацаанд З.Энхболдыг дагаад Женкогийн талд багагүй явсан билээ.
  10. Б.Галиндэв – “Алтангадас” фракцийн төлөөлөл буюу Н.Алтанхуягийн хүн.
  11. Ш.Жандос - Цөөнхийн төлөөлөл гэж явна. Нарийн ярьвал бас л Н.Алтанхуяг талдаа илүү байх магадлалтай.
  12. С.Буяндэлгэр - Залуучуудын холбоогоор явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн талд явж ирсэн нэгэн юм.
  13. О.Батчимэг – “Чандмань” фракцид хамаарах бөгөөд намын даргын дэмжлэгтэй дэд дарга болсон байх магадлалтай. “НЭГИЙН А” фракц салахдаа Лу.Гантөмөр хүмүүсээ аваад П.Батхүү агсан дээр очиж байсан гэдэг.
  14. Ч.Өнөрбаяр – Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг “Эби”-гийн хүн гэдэг билээ.
  15. И.Мөнхжаргал – “Шонхор” фракци, З.Энхболдын талаас орж ирсэн хүн.
  16. Ш.Түвдэндорж – “МоАХ” фракциас гаргалтай тэрбээр өнгөрсөн хугацаанд Х.Баттулга тасралтгүй аялдан дагасан байдаг.

Ингээд харахад дэд дарга нарын суудлыг жигдхэн тарааж өгсөн нь ажиглагдаж байна. Мөн эдгээр хүмүүсийн хэн нь ч тойрогт очиж үзэх боломжгүй бөгөөд намын нэрийн листэд багтах эхний 16 хүн гэж харахад хилсдэхгүй болжээ. Харин Н.Алтанхуяг талын хүмүүс арай олон байгаа бөгөөд З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын зүгээс томилогдсон хүмүүс багадаа 7 байгаа нь дахиад л АН доторх Х.Баттулгын нөлөөг үлэмж хэмжээгээр нэмэгдэж эхэлсний дохио юм.

ХОЁР, Генсекээ тавьж чадахгүй байгаа Лу.Гантөмөрт улс төрийн “бяр” алга

Намын дарга Лу.Гантөмөрт хамгийн их хэрэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа хүн томилж чадсангүй. Энэ бол АН дотроо фракциудын асар их зөрчилтэй байгааг харуулж байна. Нөгөө талаас гаднаас нь оролцох МАН-ын нөлөөг давж чадахгүй байгааг илтгэж буй юм. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр нам дотроо улс төрийн ямар ч “бяргүй” байгааг батлах үйлдэл мэт. Дэд дарга, генсекийг намын дарга ҮБХ-ндоо санал болгодог. Өөрийн багийг бүрдүүлж, намынхаа “гал тогоо”-г хэнд атгуулахаа шийдэж чадахгүй байна гэдэг бол сонгуульд өөрийн толгойгоороо орж чадах уу. Засгийн эрх барьсан цагт хэрхэн бие даасан байдлаар ажиллах вэ гэдэг асуултуудад хариулт нэхсэн үйлдэл байлаа. Хурал нь эхлэхээсээ л өмнө генсекээ тавьж чадахгүй нөхцөл байдалд хүрлээ гэж эх сурвалжууд мэдээлж байсан. Хурал дуусахдаа ёсоор болов. Өчигдөр үлдсэн генсекийн суудлыг дараагийн ҮБХ-гоор томилохоор хойшлуулсан ч МАН-ын оролцоо, Женко Х.Баттулгын шахаа хэвээрээ гэдгийг мартаж болохгүй.

ГУРАВ, Лу.Гантөмөр бодлого биш хүн тойрсон удирдлагын бүтэц үүсгэлээ

Дэд даргын үйлдлийг фракциуддаа тамхи шиг ширхэглэсэн дээрх үйлдэл түүнийг нам дотроо ямар ч эрх мэдэлгүй байгааг илтгэж буй мэт. Хүлээн зөвшөөрүүлж, урагшлахын тулд бүх фракциудаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр тэврэлдлээ. Анх намын даргаар сонгогдохдоо л бодлого, дүрэм тойрч биш олон фракциудтай “наймаа” хийсний гай өчигдөр илэрч байна. Нэгэнт өр төлбөр үүссэн бол ямар нэгэн байдлаар дарах нь улс төрийн бичигдээгүй хууль билээ. Хэрвээ чадахгүй бол АН-д хагарал, ан цав үүсэх нь эрсдэлтэй. Тиймээс л намын дарга Лу.Гантөмөр 16 дэд дарга гээчийг томилж, АН-ыг данхайлгаж буй юм.

Данхайлгасан байдлыг нь харахад бялууг фракциуд болох нөгөө л Алтанхуяг, Женко, З.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж талынханд элбэг, дэлбэг хувааж өглөө. Ах нарынхаа нүүрээр дэд дарга болсон дүү нар нь ирэх жилүүдэд нөгөө л 2012 оны Ардчилсан намын проблемыг үүсгэх нь тодорхой. Бодлого, стратегиас илүү ард зогсох ах нарынхаа үгийг л ёсчлон биелүүлэх гэж хичээх болно.

Өөрөөр хэлбэл, АН-ынхан ирэх сонгууль хүртэл эв нэгдэлтэй орлоо гэхэд сонгуулийн дараа засаг байгуулахдаа эсвэл засагт хамтрахдаа л 2012 оных шиг хэрүүл тэмцлийг эхлүүлэх эрсдэлтэй. Ялна гэдэг хэцүү. Их сайндаа хамтарсан засагт багтах болов уу. Хамтарсан засагт багтлаа гэхэд энэ олон хүн, фракциудын багадаа 70 хувийг гомдооно. Ингээд л АН-ын фракцийн зодоон, хүн хоорондын маргаан нь дахиад эхлэх аюултай.

Товчхондоо, Лу.Гантөмөр дарга баахан дэд даргатай хүн тойрсон нам биш дүрэм тойрсон намаа өөрийн гараар зангидах ёстой байсан юм. Яахав, нөхцөл байдал нь хүнд тул ийм байдлаар эв нэгдлийг хангасан гэж тайлбарлаж болох ч хүн тойрсон намын алдаагаа давтаж буй нь яалтчгүй эргэлзээ төрүүлж байна.

Г.Лхагвадорж

Самар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ
Самар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ
 
ТОП-6: Ё.Басхүү, А.Адъяасүрэн нар тус тус түрүүллээ
ТОП-6: Ё.Басхүү, А.Адъяасүрэн нар тус тус түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.