Өнөө өглөө ихэнх автобусны буудлын хажууд "Hi Sainuu" гэсэн бичиг бүхий цэнхэр, шар өнгийн дугуйг эгнүүлэн тавьсан байсныг уншигч та харсан байх. Тэгвэл эдгээр дугуй нь Jet скүүтэртэй адил түрээсийн унадаг дугуй аж.
Энэхүү дугуйг өнөөдрөөс эхлэн иргэд ашиглах боломжтой болсноос гадна дээрээ аппликейшн татах боломжтой QR кодыг бэлтгэсэн байна. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг тус унадаг дугуйг хэрхэн ашиглах боломжтой талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
15 минут тутамд 1000 төгрөг
Өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд нэвтэрч байгаа тул иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаа аж. Харин хэрхэн ашиглах боломжтой эсэхийг нь сонирхож буй хүмүүс олон байлаа.
Бид гурван иргэнээс энэхүү дугуйн талаар мэдсэн эсэхийг тодруулахад хараахан мэдээгүй, одоо л харж байна хэмээсэн юм.
Түүнчлэн тус дугуйг ашиглахын тулд QR кодыг уншуулан аппликейшнээ татаж улмаар бүртгэл үүсгэн бүртгэлээ цэнэглээд ашиглах бүрэн боломжтой аж. Харин хамгийн их сонирхол татсан зүйл нь тус дугуйг 15 минут унавал 1000 төгрөг. 16 дахь минутаас эхлэн дахин 1000 төгрөг тооцогдох аж.