Байгал орчин аялал жуулчлалын сайд А/299 тоот тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд газар ашиглагч 36 иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Богдхан ууланд олгосон 169,405 ам метр талбайг чөлөөлж хамгаалалтад авах боломж бүрдэх юм. Ойн тухайн хуулийн 8.6-д “ Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.
Мөн хуулийн 29.1.10-т ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барлига байгууламж барих, аливаа обьект байрлуулахыг хориглохоор заасны дагуу дээрх шийвэрийг гаргасан байна. Газар ашиглах эрхийг цуцалсан байршилуудын тухайд Богдхан уулын Зайсангийн, Түргэний, Хүүшидын Арцатын, Тайны, Жаргалантын, Нүхтийн, Төрхурахын аманд байрлах газаруудын байршилын эрхийг цуцалжээ. Эдгээр газруудын хувьд 2011-2022 онд олгосон газар аж.
Г.Маргад-Эрдэнэ