Наймдугаар сарын 8-наас хойш ассан Мауи арлын түймэрт өртөж амь насаа алдсан иргэдийн тоо 110 болж өссөнийг Хавай мужийн захирагч мэдээлсэн. Түймрийн учруулёан хохирлын хэмжээг тооцоолохын аргагүй байна гэдгийг нэмж хэлэв. Аврах ажиллагааны явцад хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлалтайг ч хэлж байна.
Түймрийн голомт одоогоор нарийн тодорхой болоогүй ч цар хүрээ нь нэмэгдэхэд өндөр хүчдэлийн шугамууд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Мөн түймэр суурин газарт дөхөж ирэхэд гамшгийн дохиолол ажиллаагүй талаар иргэдийн зүгээс хэлсэн байна. Түймэрт өртсөн Мауи арлын ирээдүй бүрхэг байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Гэвч түймрийн өмнөхөн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд хуурайшилт ихтэй, салхины эрч хүчтэй байхыг анхааруулж байсан байна. Энэ тохиолдолд ой хээрийн түймэр гарах нь тодорхой байдгийг цаг уурын байгууллагаас анхааруулсан байсан ч Хавай мужийн эрчим хүчний газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж эхэлжээ. Суурин газартай ойрхон түймэр гарч эхлэхэд өндөр хүчдэлийн шугамууд гал авалцахаас сэргийлж, цахилгааныг таслах ёстой байсан ч уг арга хэмжээг аваагүй аж.
Үүний улмаас түймэр илүү өргөн хүрээг хамарч, хот суурин газарт түймэр хүрэх нөхцөл бүрдсэн гэж тайлбарлаж байна. Хавайн эрчим хүчний газар хэвлэлийн төлөөлөгч энэ асуудал дээр эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэнгүй. Харин гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаанд төвлөрч ажиллаж байна гэж хэвлэлд мэдээлэл өгчээ.
Түүнээс гадна түймэр гарч эхлэхэд ажиллах ёстой байсан Мауи арлын гамшгийн дохиолол ном журмаараа ажиллаагүй гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм. Мауи арал дээр нийтдээ 80 орчим гамшгийн дохиолол байдаг, тэдгээр нь цунами зэрэг байгалийн гамшгийг урьдчилан мэдээлж дугарах ёстой байдаг юм.
Гэвч энэ удаагийн гамшгийн үеэр аюулыг сэрэмжлүүлж, дохиолол дугараагүй гэдгийг иргэд мэдүүлж байна. Хэрвээ орон нутгийн гамшгаас сэргийлэх үйл ажиллагаа сайн байсан бол хохирогчдын тоо ингэж нэмэгдэхгүй байсан гэж ард иргэдийн зүгээс буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Х.Түмэнжаргал