"Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва Японы телевизийн олон ангит кино болох “VIVANT” кинонд тоглож, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсад таниулж яваа юм. Тэрбээр "Marie Claire" сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд тус ярилцлага веб сайтад нь байршсан байна. Түүний өгсөн ярилцлага анх удаа гадаад хэл дээр буюу Монгол хэл дээр орчуулагдан гарсан бөгөөд түүний өгсөн ярилцлагыг хүргэж байна.
TBS сувгаар 7 хоног бүрийн ням гарагт ТВ драма “VIVANT” кино цацагдаж байгаа бөгөөд Масато Сакай, Хироши Абэ, Фуми Никайдо, Казунари Ниномияа, Тоүри Мацузака, Коүжи Якушо зэрэг гайхалтай жүжигчид тоглож байгаа билээ. Түүнчлэн кино өрнөж буй зохиомол орны зураг авалтын газраар Монгол Улсыг сонгосон бөгөөд олон Монгол жүжигчид хамтран тоглосон. Тэдгээрийн дотроос гол дүрийн араас уйгагүй хөөцөлдөж яваа орон нутгийн цагдаа Чингисийн дүрийг бүтээсэн Монгол Улсын жүжигчин Батболдын Барслхагва онцгойрон анхаарал татахуйц байсан. “VIVANT” киноны зураг авалтад оролцохоор Япон улсад ирсэн жүжигчин Б.Барслхагвагтай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
-Анх энэ кинонд тоглох болсон нөхцөл байдал яаж үүссэн бэ?
-2022 оны 10-р сард продюсер Казутака Иида, найруулагч Кацуо Фүкүзава нар Монголд ирж, дотоодын 20 орчим жүжигчдийг сонгон шалгаруулалтанд оролцуулсан. Тэр үед сонгон шалгаруулалтанд оролцчихоод хариугаа сонсож амжилгүй Унгар улсад өөр киноны зураг авалтанд орж байх үедээ тэнцсэн гэсэн хариугаа сонссон. Үнэхээр их баяртай байсан.
-Та Япон улсад анх удаа ирж байна уу?
-Тийм ээ. Энэ оны 1-4 сарын хооронд зураг авалтад оролцохоор ирсэн. Үүний дараа “VIVANT” кинонд оролцсон жүжигчдийн хамт Монгол Улс руу очиж 2 сар хагасын хугацаанд зураг авалтаа хийсэн. Мөн энэ оны 7-р сарын сүүлээр Японд улсад буцан ирж зураг авалтдаа үргэлжлүүлэн орсон бөгөөд 2 дахь удаагаа ирэхэд таксины жолоочоос эхлээд, их олон хүн намайг таньж хотоор явж байхад өндөр настан, залуучууд, хүүхдүүд “Зураг авч болох уу”, “Та VIVANT-ын Чингис мөн үү? ” гэж асуухад надад маш гайхалтай мэдрэмж төрсөн. Яг үнэндээ Япон улсад ийм олон хүмүүс үзэж байгаа гэсэн төсөөлөл байгаагүй болохоор их гайхаж баярласан.
-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Мөн өдийг хүртэл ямар дүр дээр түлхүү ажилласан бэ?
-Би хүүхэд байхаасаа л жүжигчин болохоор шийдэж, их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцсан. Мэргэжлээрээ ажилаад 20 жил болж байна. Хамгийн сүүлд Унгар, Англи, Австрали, Монголын хамтран бүтээсэн “1242: Gateway to the West” кинонд тоглосон (2023 оны 11-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа). Энэ кино нь 13-р зуунаас 14-р зуун хүртэл Монголын эзэнт гүрэн ноёрхлоо тэлж, Бат хаан Европруу байлдаж байгаа үеийн тухай өгүүлдэг. Би Хаш гэдэг Монгол жанжны дүрийг бүтээсэн. Энэ дүр мөн ялгаагүй эсрэг талын дүр байсан. Одоогоор нийт Монголд 25 орчим кинонд тоглосон бөгөөд ихэнх дүр нь эсрэг дүрд тоглосон. Гэхдээ би өөрөө эсрэг дүрд тоглохдоо маш дуртай. Яагаад гэвэл эсрэг дүрд тоглох нь жүжигчин хүнээс маш их зүйл шаарддаг. Эсрэг дүрд сайн тоглодог жүжигчин хурдан сайжирч хөгжидөг гэж боддог.
-“VIVANT” киноны Чингисийн дүрд тоглох явцад таньд тохиолдсон хөгжилтэй болон хэцүү байсан зүйлээсээ хуваалцаач?
-Хөгжилтэй болон хэцүү байсан зүйл гэвэл найруулагч Фүкүзава Чингисийн дүрээр үзэгчдийг илүү айлгахыг хүссэн тул надад үсээ хусахыг санал болгосон. Мэдээж жүжигчин хүний хувьд найруулагчын хүсэл бол даргын тушаал гэсэн үг. Гэхдээ “Фантастик продакшн”ы дараагийн кинонд зориулж би үсээ 3 жил ургуулсан болохоор, үсээ хусахгүйгээр дараа нь үс залгаж болох хэмжээний богинохон болгох талаар би гуйсан. Гэтэл найруулагч маань “өө тэгвэл урт үсээ задгай тавиад зураг авалтандаа орчих” гэж хэлэн миний нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөнд би их талархаж байгаа. Гэхдээ би дотроо ийм урт үстэй цагдааг үзэгчид яаж хүлээж авах бол гэдэгт их санаа зовж байсан ч үнэхээр гайхалтай хүлээж авсан нь надад их таатай санагдаж байгаа.
Би энэ кинонд Масато Сакай, Хироши Абэ, Фуми Никайдо, Рей Дан нартай хамтран ажиллах боломжтой болсондоо маш их баяртай байсан. Мөн энэ жилийн Каннын кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Кожи Якушотай хамтран тоглоно гэдэг миний хувьд маш том аз завшаан болсон. Би Америкийн “Саюри (2005)” киног Монголд үзсэн цагаасаа хойш Кожи Якушо-гын шүтэн бишрэгч болсон.
Эх сурвалж: Marie Claire веб сайт