"Даншиг наадам-Хүрээ цам" 2023 наадмын бас нэгэн онцлог бол нутаг нутгийн онцлогтой үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд үзэсгэлэн худалдаанд оролцож буй билээ. Энэ жилийн Даншиг наадам эх орны хийгээд орон орны олон жуулчид цугласан, зохион байгуулалт сайтай наадам болж байгаагаараа онцлогтой юм. Тус наадмын чимэг нь "Цам харайх ёслол" хэдий ч түүнээс гадна үндэсний онцлог бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан үзэсгэлэн худалдаа эрхлэгчид гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэдийнхээ байр суурийг сонслоо.
Хүй Долоон худаг, Төв талбай
Наадмын талбайн захаар арьс ширний урлалаас эхлээд ааруул цагаан идээ, үндэсний соёлын биет болон түүхэн өвийг дэлгэн харуулсан олон олон үйлдвэрлэл эрхлэгчид нэг дор цуглажээ. Тэдний дэлгэсэн бүтээгдэхүүн бүгд өөр өөрийн онцлогтойгоос гадна хамгийн гол нь жуулчдыг татахад чухал үүрэгтэй гэдгээрээ онцлог байв.
Бид үзэсгэлэн худалдаанд оролцож буй худалдаа эрхлэгч Д.Отгонбаяртай ярилцахад,
"Даншиг наадамд жил бүр оролцдог. Энэ жилийн наадмын онцлог нь жуулчид их ирсэн байна. Бас үндэсний дээл хувцас, цагаан идээнээс эхлээд бүхий л төрлийн үндэсний бүтээгдэхүүн, соёл уламжлалыг харуулах, нутаг нутгийн брендүүдээр үзэсгэлэн худалдаа гарч байгаа нь сайхан санагдаж байна. Миний хувьд арьс шир буюу арьсан бүтээгдэхүүнээр оролцож байна. Үйлдвэрийн үнээр даншиг наадамд оролцож байна. Хүмүүсийн худалдан авалт дундаж байна" гэлээ.
Худалдаа эрхлэгч Ж.Дашиймаа
"Би гадаадад байдаг болохоор энэ жил анх удаа "Даншиг наадам-Хүрээ цам"-д оролцож байна. Би энэхүү наадамд зориулан давсан бүтээгдэхүүнийг авч ирсэн байгаа. Мөн гурилын цагаан цементээрхийсэн бүтээлүүдээ үзэсгэлэн худалдаан дээрээ дэлгэж байна. Мөн сувсан толгойн гоёлыг авч ирсэн. Мэдээж анх удаа оролцож байгаа болохоор сэтгэгдэл маш өндөр байна. Хүмүүс их сайхныг нь гайхаж байгаа ч худалдан авалт муу байна. Наадмын зохион байгуулалт маш сайн байна.Цаашид даншиг наадамд оролцоно" хэмээв.
Гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэгч,
"Анх удаа гэрэл зургийн үзэсгэлэнгээ Даншиг наадам дээр дэлгэж байна. Зураач Эрдэнэбулганы бүтээлүүдийг бэлгэсэн байна. Зургнууд маань хэмжээнээсээ шалтгаалаад өөр өөрийн гэсэн үнэтэй байна. Гэхдээ Даншиг наадамд ийнхүү үзэсгэлэнгээр оролцоно гэдэг бол маш нэр төрийн хэрэг" хэмээсэн юм.
Түүнээс гадна өөр нэгэн арьс ширний үйлдвэр эрхлэгч М.Наранцэцэг
"Манай байгууллага Даншиг наадамд анх удаа оролцож байна. Үхрийн ширээр хийсэн олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Цэвэр үхрийн арьсаар бүтээгдэхүүн хийдэг. Түүнчлэн миний бие Даншиг наадамд анх удаа оролцож байгаа болохоор маш их сэтгэл өндөр байна. Гадаадын болоод дотоодын үзэгчид ч их байгаа нь сайшаалтай санагдаж байна. Нийслэлээс зохион байгуулж байгаа учраас маш сайн байна" гэв.
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэд энэ жилийн даншиг наадмыг гаднын жуулчид ихтэйгээс гадна өндөр зохион байгуулалттай болж буйд нь их баяртай байгаагаа илэрхийллээ.