Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунболд: Зөвшөөрөлгүй барилгад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 44 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хүн амын төвлөрөл, үүнийг дагасан хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн байгууламжийн асуудлуудыг шийдэх, өмнөх алдаагаа засах талаар санал солилцохоор энэхүү уулзалтыг хийж байна. Цаашид Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт болгон тэлэх, ухаалаг бөгөөд оновчтой шийдлүүдийг нэвтрүүлэх, одоо тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд инженер, судлаачид, архитекторуудын тооцоолол, аргачлал, санал бодол зайлшгүй шаардлагатай. Тиймээс хотын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, ая тухад онцгой нөлөөлөх чухал санал, санаачилга эндээс гарна гэдэгт итгэлтэй байна" хэмээн уулзалтыг эхлүүлсэн юм.

Хөгжлөө зөвхөн хотоор бус, том зургаар харах хэрэгтэй

Улаанбаатар хотын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлын нэг нь нутаг дэвсгэрээ тэлж хөгжих юм. Хүн амын төвлөрлийг ухаалгаар зохицуулахад хөгжлийг бүс нутгийн түвшинд авч үзэх нь чухлыг уулзалтын үеэр онцолж байв.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан, гавьяат барилгачин, зөвлөх архитектор Я.Шархүү "Миний тооцоолсноор 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.2 сая орчимд хүрнэ. Тэгэхээр хот цаашид нутаг дэвсгэрээ тэлж хөгжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төвөөсөө 50-150 км зайтай тэлж хөгжих учиртай. Ингэхийн тулд хөгжлөө зөвхөн хотын бус, Төв аймгийн хэмжээнд төлөвлөж, том зургаар харах хэрэгтэй байна. Нөгөө талаас хотыг тэлээд, хөгжүүлээд хүн амын төвлөрлийг шийдэхгүй. Хүний хөгжлийн индекс, амьдралын чанарыг бусад аймагт ч дээшлүүлж байж төвлөрөл саарна" хэмээлээ.

Түүнээс гадна төвлөрлийг дагасан эрсдэлийг бууруулахад анхаарах нь чухлыг судлаачид онцолж байв. Тухайлбал, хүн амаа гал түймэр, үерийн гамшгаас хамгаалахын тулд стандарт норм, хууль журмын хэрэгжилтэд хатуу хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Уулзалтын үеэр архитекторууд хот төлөвлөлттэй холбоотой саналаа Хотын даргад уламжилсан.

Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд "Хот төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлын нэг яах аргагүй санхүүгийн эх үүсвэр. Үүнийг нийслэл өөрийнхөө боломжид тулгуурлаад шийдэхээр зорьж байгаад талархаж байна. Нөгөө талаар зөвшөөрөлгүй барьсан барилгуудын асуудал байна. Энэ бол одоо хэрэгжиж байгаа хууль, дүрмээ мөрдөхгүй байгаагийн уршиг. Тэгэхээр зөвшөөрөлгүй байж ажил нь эхэлсэн 107 барилгын асуудлыг цэгцлэх шийдлийг зоригтой гаргах хэрэгтэй байна. Үүний улмаас дур дураараа шийдвэр гаргаад, нам барилгын бүсэд өндөр барилга барих, эсвэл орон сууцны бүсэд үйлдвэр байгуулах асуудал гараад байгаа юм. Үүн дээр гаргалгаа гаргаад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч зогсохгүй" хэмээлээ.

Мөн засаглалын тогтвортой байдлыг хангах, ингэснээр өмнөх шийдвэрүүд хэрэгжих хөрсийг бүрдүүлэх нь чухлыг онцолж байв.

Далайн шуурганы улмаас Бээжинд үер бууж, хоёр хүн амиа алджээ
Далайн шуурганы улмаас Бээжинд үер бууж, хоёр хүн амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.