Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: 400 жилийн өмнө аавдаа зориулж байгуулсан цэцэрлэгт хүрээлэн өдгөө олон мянган жуулчдыг татах соёлын өв болжээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 31 секунд

Монгол Улсын урд хөрш БНХАУ. Олон сая хүн амтайн дээр техник технологийн хувьд асар хурдтай хөгжиж буй орон. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоотой хамтран БНХАУ-ын таван муж хотоор Монгол-Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг зургаадугаар сарын 24-ний өдрөөс долоодугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулсан. Үүний хүрээнд UBN.mn сайт цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа бөгөөд БНХАУ-ын таван муж хотын хамгийн сонирхолтой хийгээд хамгийн өвөрмөц, техник технологийн хөгжлийг түүчээлсэн олон арван цэгт очиж, нүдээр үзсэн зүйлсээ уншигчдадаа сонирхуулж буй юм.

БНХАУ, Шанхай хот

Хамтарсан сурвалжилгын баг хамт олны Шанхай хотоос сурвалжлах сүүлчийн цэг бол "Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс" байв.

  • Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс

Аавдаа зориулж бүтээсэн Юй Юань цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр олон мянган жуулчдыг татах соёл амралтын хүрээлэн болжээ

Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс нь Шанхай хотын хуучин хотын зүүн хойд хэсэгт байрлах алдарт Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 400 жилийн түүхтэй аж. Мөн энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь тухайн үе буюу Мин гүрний үеийн нэгэн айлын цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд өдгөө олон мянган жуулчдыг хүлээн авах чадвартай томоохон аялал жуулчлалын цэг болсон гэхэд буруудахгүй байх.

Хамгийн сонирхолтой нь Юй Юань цэцэрлэгт хүрээлэнг Пан Юндуан гэх нэгэн эр эцгийгээ өндөр насанд нь баярлуулахаар Бээжингийн эзэн хааны цэцэрлэгийг санагдуулам цэцэрлэг барихаар шийдэн бүтээлгэж байсан бөгөөд өнөөдөр ч өөрийн өнгө төрхөө алдаагүйн дээр эдлэгдэж, хэрэглэгдэж байсан эд зүйлс нь өдгөө ч хэвээр байсан нь хамгийн их гайхшрал төрүүлж байв. Мөн тухайн үеийн нэгэн иргэн аавдаа бэлэг барихаар энэхүү томоохон байгууламжийг бариулснаас үзэхэд хэр их чинээлэг ард түмэн байсан бэ гэдгийг харж болохоор.

Мөн энэхүү цэцэрлэгт хүрээлэнд төрөл зүйлийн мод, ургамал, цэцэг навч, амьтад байх агаад яг л эртний Мин улсын үед очсон мэт сэтгэгдлийг төрүүлж байв. Тэр ч учтгаараа Шанхайд зочилсон гадаадын болон дотоодын амрагчдын дайрч өнгөрөх хамгийн чухал газруудын нэг гэхэд хилсдэхгүй болов уу.

Ийнхүү бидний Шанхай хотоос бэлтгэх сурвалжилга өндөрлөсөн бөгөөд дараагийн хот болох Сүжөү хот руу хөлгийн жолоо заллаа. Ингэхдээ хамтарсан сурвалжилгын баг хамт олон манай улсын мөрөөдөөд ч хүрч чадахгүй байгаа хурдны галт тэргээр тус хотыг зорьсон бөгөөд хамгийн сонирхолтой нь 200 км замыг 20-хон минутад ажралгүй туулж байгаа нь анхаарал татсан юм.

БНХАУ, Жяньсү муж, Сүжөү хот

  • Сүжөү хотоос сурвалжлах эхний цэг, "Хөхмөрний гурван хавцлын ухаалаг сүлжээтэй автомашин үйлдвэрлэлийн жишээ үзүүлэх бүсийн Ухаалаг удирдлагын төв"

Жолооч рульд хүрэхгүй ч автобус замын хөдөлгөөнд оролцож байна гэвэл итгэх үү

Тус төв нь Сүжөү хотын өндөр хурдны галт тэрэгний болон шинэ хотын тээврийн хэрэгслийн интернэтийн салбарыг харуулах платформ аж. Энэхүү төвөөс бид сүүлийн үед эрчимтэйгээр хөгжиж буй ухалаг жолоодлогын систем бүхий нийтийн тээврийн автобустай танилцсан бөгөөд зарим сэтгүүлчид маань өөрсдийн биеэр сууж, Сүжөү хотын замын хөдөлгөөнд оролцсон юм.

Түүгээр ч үл барав тус автобусанд жолооч байх авч, рульд огт хүрэхгүй. Учир нь удирдлагын төвөөс өгсөн даалгавраар автобус өөрөө өөрийгөө жолоодож харин жолооч зөвхөн хянах үүргийг л гүйцэтгэж байгаа нь тэр аж.

  • Сүжөү хотоос сурвалжилсан удаах цэг "Сүжөүгийн ордон харшийн барилгын тоосгоны музей"

Эртний язгууртнуудын орд харшийг барихад хэрэглэж байсан тоосго шатаах зуухыг өдгөө ч хэрэглэж болно

Энэхүү музейг өөрөөр Сүжөүгийн тоосгон музейн цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэх нь бий. Түүнчлэн тоосгоны музейг алдарт архитектурын дизайнер Люй Жякүнь бүтээж, 2016 оны тавдугаар сарын 18-нд албан ёсоор ашиглалтад оруулсан байна.

Тус музейгээс эртний тоосго шатаах зуухны үлдэгдэл, музейн үндсэн барилга, орчин үеийн уран зургийн солилцооны төв, тоосгоны үйлдвэрлэлийн цех бас бусад соёлын өвийг харж болох юм. Мөн Хятадын эртний үеийн орд харшид хэрэглэж байсан тоосго буюу тус тоосгоны үүсэл хөгжил, хүмүүсийн амьдралын хэв маяг, мөн өнөөдрийг хүртэл элэгдэж, хуучраагүй тоосго шатаах зуухыг ч харах боломжтойгоороо онцлог байв. Мөн өдгөө ч тэдгээр зуухыг ашиглан тоосго үйлдвэрлэж болох тул "Амьд соёлын биет бус өв" гэж нэрлэдэг байна.

  • Сүжөү хотоос сурвалжилсан гурав дахь цэг "Сүжөү аж үйлдвэрийн паркийн төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон"

Сүжөү хотын хот төлөвлөлтийг нэг дороос сонирхох боломжтой

Сүжөү аж үйлдвэрийн паркийн төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордонг байгуулснаас хойш эдийн засаг, нийгэм, хот байгуулалтын гол ололт, амжилт, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг төвлөрүүлэн дэлгэн харуулдаг байна.

  • Сүжөү хотоос сурвалжилсан дөрөв дэх цэг "Сүжөү био анагаахын аж үйлдвэрийн парк"

Шилдэг эрдэмтэд нэг дор цуглаж, шинэлэг экосистемийг бүтээж байна

Тус парк нь Сүжөү хотод байрлах аж үйлдвэрийн хөгжлийн шинийг санаачлах бааз юм. Одоогийн байдлаар 620 гаруй технологийн дэвшлийг судлан хөгжүүлэх аж ахуйн нэгжийг бүрдүүлж, шинэ эм бүтээх, эмнэлгийн хэрэгсэл, био технологи зэрэг аж үйлдвэрийн кластеруудыг бий болгож, 35 мянга орчим өндөр түвшний эрдэмтэд хамтран мэдлэг мэдээллээ солилцож, хамтран ажилладаг аж үйлдвэрийн шинэлэг экосистемийн төв гэхэд буруудахгүй юм.

Ийнхүү хамтарсан сурвалжилгын баг хамт олны Сүжөү хотоор аялангаа ажилласан нэгэн өдрийн аялал өндөрлөв. Халуун дулаан, найрсаг уур амьсгалтай Хятадын ард түмэн хамтарсан сурвалжилгын сэтгүүлчдэд мэдлэг мэдээллээ харамгүй хайрлаж байсан нь үүгээр гэрчлэгдэх биз. Түүнээс гадна дараагийн сурвалжилгаараа бид Наньтун хотоос бэлтгэсэн цувралыг үзэгч танд хүргэнэ.

ФОТО СУРВАЛЖИЛГА: БНХАУ-ын Наньтун хот, Наньжин хотуудтай танилцъя
ФОТО СУРВАЛЖИЛГА: БНХАУ-ын Наньтун хот, Наньжин хотуудтай танилцъя
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.