Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Айрагдаж түрүүлэх зорилгоосоо урьтаад аюулгүй байдлыг нэгдүгээрт эрэмбэлье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

Бүрэн бүтэн байж гэмээн утга агуулга нь төгөлдөрждөг олон зүйл бий. Түүний нэг нь эрийн гурван наадам. Хүчит бөхөө барилдуулж, хурдан хүлгүүдээ уралдуулж, сур харваачдынхаа цэц мэргэнийг ийн сорих нь монгол наадмын амин сүнс. Аль нэг нь л үгүй бол эрийн гурван наадам хэмээхийн ч учир үгүй. Харин сүүлийн жилүүдэд уралдаанч хүүхэд унаж бэртэх асуудалтай холбоотойгоор хурдан морины уралдаан олон нийтийн “булли”-д ихээр өртөх болсон. Гэвч олон нийт асуудлын шалтгаан хаана очиж зангидагдаж байна вэ гэдэгт бус нүдэнд харагдаж буйгаараа дүгнэлт хийж түүндээ “оноо нэмэрлэх” нь элбэг. Монгол үндэстний өв соёлын нэгээхэн хэсгийг тээж ирсэн хурдан морины уралдааныг шууд хориглоод болиулчихна гэвэл бас л асуудалтай. Тэгвэл бидэнд ямар гарц, гаргалгаа байна вэ. Үүнд л хариулт эрье. Гэвч энэ асуудалд хэн нэгэн сайд дарга, албан тушаалтнаас хариуцлага эрж, тогтолцоо яриад гарц болохгүй. Хамгийн энгийн гаргалгаа бол унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж үзэх явдал.

-Аюулгүй байдал НЭГДҮГЭЭРТ-

Баяр наадмын үеэр "Айрагдаж чадсангүй" хэмээн нулимс дуслуулан, ирэх жил даагаа нэхэх талаараа хэвлүүхэн гэгч нь ярих уралдаанч багачуудтай таарч байсан биз дээ. Тэд хурдан морио унаж барианд орж буй агшныг төсөөлөн бодсоор наадмын өдрүүдтэй золгодог нь лавтай. Гэвч унасан морио айрагдуулах хүсэлд нь томчууд буруу "арга" зааж өгөх тохиолдол бий. Энэ нь хүүхэд хүүхдийнхээ аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөл байдлыг үүсгэсээр. Дээхэн үед уралдаанч хүүхдүүд уралдааны үеэр өөрийг нь түрүүлэх гэсэн хүүхдийн эмээлийн олмыг суллаж унагадаг "муухай" зантай байв. Энэ арга цаг хугацааны эрхэнд төгөлдөршиж орхиж. Хэдийгээр цагдаа, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хувцас болон морины хэрэгслийг шалгаж нэвтрүүлдэг боловч хашааны наана цаанаас бусдаас урт сур, гялгар тор өгч авалцахыг оролдох тохиолдол гардаг байна.

Тухайлбал, морины хэрэгслийн нэг болох ташуурт үндсэн гурван шаардлага тавигддаг. Үүнд, ташуурын мод 2-2,5 см-ийн голчтой, 20-25 см урт байна. Ташуурын сурын урт нь 35 см-ээс ихгүй, сагалдаргын урт нь 30 см-ээс илүүгүй байх ба сураар хийсэн байна хэмээн заасан байдаг. Ийнхүү стандартаас "хальсан" морины хэрэгслийг авч орохоор оролдож буй нь бусдын хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдлыг бий болгож болзошгүй гэдгийг ойлгох шаардлага бидэнд байна.

Иймдээ ч болзошгүй эрсдлээс сэргийлэхээр мэргэжлийн байгууллагууд баяр наадмын үеэр хяналт тавьж ажилладаг. Гэтэл уяачдын зүгээс уурлаж бухимдаж маргаан үүсгэх нь элбэг. Эцсийн дүндээ мэргэжлийн байгууллагууд уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа гэдгийг санах нь зөв. Тиймээс айраг, түрүү авахыг чухалчилж байгаа шигээ буруу "арга" сэдэлгүй уралдаанч хүүхдээ өөрийн хүүхэд мэт санаж аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй байна, уяач нар аа.

-Хурдан морины уралдааныг “автомашины уралдаан” болгодог байдлаас салья-

Үндэсний их баяр наадмынхаа хурдан хүлгүүдийг харж нүдээ баясгаж, сэтгэлээ сэргээх гэсэн олон түмэн нь морь биш бандгар жийпнүүдийн уралдаан үзээд байгаа ч юм шиг санагдах нь бий. Энэ байдал сүүлийн жилүүдэд тодорхой хяналттай болж байгаа боловч бүрэн арилаагүй хэвээр. Чухамдаа уралдааны үеэр ийн автомашинаар дагах нь морь үргэх улмаар уралдаанч хүүхэд унаж бэртэх шалтгааны нэгд зүй ёсоор тооцогдоно. Тиймээс өөрсдийн зугаа цэнгэл, эрх ашгийн төлөө хурдан хүлэг, уралдаанч хүүхдүүд, байгаль дэлхий, үзэгч олныг үл хүндэлдэг энэ байдлаа болих цаг болсон, жолооч нар аа. Саяхан л гэхэд Сүхбаатар аймгийн уяачид хуралдаж, морины уралдааныг шаардлагатайгаас бусад автомашин дагахгүй байх уриалгыг гаргасан байна. Зөв жишиг. Зөв уриалга. Ийнхүү нэг гэлтгүй бид бүгдээрээ зөв жишигт нэгдэж байж аюулгүй, айдасгүй наадах боломж бий болно гэдгийг ойлгоё, ухамсарлая, иргэд ээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.