Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол төрийн дуу хоолой Г.Отгон: Наадмыг 40 гаруй жил цугтаа хөтөлсөн Г.Чулуунбат багш маань тэнгэрт дэвшсэн ч энэ жил багшийнхаа хүү, шавь Ч.Идэрчулуунтайгаа хөтлөхөөр болсон нь ховор хувь тохиол

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
25 минут 24 секунд

"Эрхэм хүндэт наадамчид аа", "Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна". Магадгүй зочныхоо талаар дурдаа ч үгүй байхад энэ хоёр өгүүлбэрийг уншаад ярилцлагын маань зочныг мэдсэн гэдэгт итгэлтэй байна. Чихнээс сэтгэлд хүртэл "алхсан" тэрхүү дуу хоолойгоороо монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн эрхэм бол Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Г.Отгон. Тун удахгүй болох үндэсний их баяр наадмыг угтан Монгол төрийн дуу хоолой болсон эрхэмтэй уулзаж ярилцлаа. Түүнчлэн ярилцлагад маань МУСТА нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун уригдлаа. Ярилцлагын явцад ард түмний дунд хүлээлттэй байгаа сонирхолтой нэгэн асуултын хариулт задрах билээ.

-Тун удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Бэлтгэл гээд завгүй байна уу?

-Төрийн их баяр наадам маань жилд нэг удаа болдог. Хамгийн сайхан үндэсний баяр шүү дээ. Энэ утгаараа наадмыг найруулж буй уран бүтээлийн баг болоод төр засгаас ч хариуцлагатай ханддаг. Миний хувьд наадмын бэлтгэлд нэг сарын өмнөөс гардаг. Найруулагчийн хувьд бараг л хоёр сарын өмнөөс бэлтгэлдээ гардаг. Төв цэнгэлдэх хүрээлэнд өдөр бүр бэлтгэлээ хийнэ. Миний хувьд уран бүтээлийн баг бэлтгэл ажлаа эхэлсний дундуур бэлтгэлдээ орж эхэлдэг. Аливаа зүйл бэлтгэлээс их шалтгаалдаг шүү дээ. Энэ утгаараа бэлтгэлээ сайн базаахын хэрээр наадмын чанар, чансааг дээшлүүлж, хариуцлагыг өндөржүүлдэг. Өдөр бүр л бэлтгэлдээ ирж байна дээ, эгч нь.

-Наадмын дуу хоолой болсон өөрийн тань хувьд бэлтгэл сургуулилтын хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?

-Миний хувьд хамгийн гол бэлтгэл бол миний дуу хоолой. Энд дуулж, бүжиглэж, жүжиглэх гээд бүх л уран бүтээлийн тоглолтын бэлтгэлийг найруулагч базаж байгаа. Туслах найруулагч ч байна. Би найруулагчийн бий болгосон энэхүү тоглолт дээр хаана нь юу гэж дуугарах вэ, юуг нь тодотгох вэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, найруулагчийн хэлсэн агуулга санааг бичвэр болгон бэлтгэснийг буюу бичвэр уран бүтээл хоёрыг нэгтгэж зангидана. Яс байхгүй бол болохгүй шүү дээ.

-Г.Чулуунбат агсан та хоёр маань монголын ард түмэн дуу хоолойгоороо нь эчнээ танил болж, зүрх сэтгэлд нь хадагдсан хүмүүс. Тухайлбал таны дуу хоолой бөхөөр жишвэл хэдэн үеийн бөх дээр дугарсан байна вэ?

-Энэ талаар бодож үзсэн юм. Би Дамдин, Мөнхбат, Баянмөнх аваргын үеэс л наадам хөтөлж эхэлсэн шүү дээ. Тэр эхний үе нь. Дараагийн үе нь Хадбаатар, Цэрэнтогтох аварга, Мөнгөн арслангийн үе. Гурав дахь үе нь дархан аварга Бат-Эрдэнэ, Балжинням аварга, Мөнх-Эрдэнэ арслан зэрэг бөхчүүд байлаа. Дөрөв дэх үед нь алдарт зургаан зааны үе гэж шуугиулж байсан үе. Дараагийнх нь Бүрэнтөгс, Батсуурь, Эрхэмбаяр аварга, цолтнуудын үе. Зургаа дахь нь Хангай, Орхонбаярын үеийнхэн. Одоо өнөөдрийн шинэ үе гарсан байна. 40 гаруй жилийг үечлээд үзвэл миний дуу хоолой бөхөөр жишвэл зургаан үеийн бөхчүүдийн үед дуугарсан байна.

-Өнгөрсөн жилийн наадам цар тахлын дараах гэдэг утгаараа маш хүлээлттэй болсон л доо. Таны хувьд олон жил цэнгэлдэх хүрээлэнгээс олон түмэнтэйгээ дуу хоолойгоороо уулзаж, баяр наадмаа хөтөлж байгаад цахимаар наадамлах болсонд ямархуу санагдсан бэ?

-Ковидын үеэр манай улс цахим наадам хийсэн. Монголын ард түмэн наадмаа таслаагүй. Таслахгүйн тулд наадмаа цахимаар хийж Төв аймгийн Эрдэнэ сумын Нагалхан уулын бэл дор наадамласан. Мөн л 512 бөх барилдаж, урлагийн тоглолтууд ч болсон. Анх удаа гэдэг утгаараа ард түмэнд их сонин байсан. Наадам маань их сайхан болсон гэж бодож байгаа. Цахим наадмын Hero энтертайнментын Л.Баатар найруулсан. Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо бид тэмдэглэсэн шүү дээ. Найруулагчаар нь Наранбаатар ажилласан. Олон арван жил наадам хөтөлсөн хүний хувьд өнгөрсөн жил их сонин зүйлийг олж харсан. Наадмын талбайд суусан төрийн гурван өндөрлөгөөс авхуулаад зерител тэр чигтээ давалгаалсан. Агаарт дрон ашиглаж дүрс гаргасан. Бас наадам маань шөнө тарсан. Түүхэндээ наадам оройтож тарж байсан үе бий л дээ. Энэ мэтчилэн онцлог зүйл ихтэй наадам болж өндөрлөсөн. Хоёр жил цахимаар наадсан ард түмэн маань наадмаа маш их үгүйлсэн болохыг тэндээс харж болохоор байсан.

-Олон түмэн наадмаа үгүйлсэн гэлээ. Эргээгээд та бүхэн маань наадамчин олноо, наадмын тэрхүү уур амьсгалыг хэр их үгүйлсэн байв?

-Үгүйлсэн. Жил болоод ирэхэд л наадмаа үгүйлдэг шүү дээ. Тэгэхээр хоёр жил цахимаар наадсан болохоор ард түмнээ, тэр уур амьсгалыг харж мэдрэх сайхан байсан. Ер нь наадмын хамгийн огших, оргилох үе зерителтэй байх үе шүү дээ. Гэхдээ цахим наадмыг хийсэн нь зөвдсөн гэж боддог. Хэрэв цар тахал гэх шалтгаанаар наадмаа хийгээгүй бол төрийн их баяр наадам завсарлахад хүрэх байсан. Түүнчлэн ковид нөмөрлөсөн тэрхүү цаг үед цахим наадам олон хүний сэтгэлийг тайтгаруулж, баясгасан гэж боддог.

-Наадмаар ээж минь их бодогддог...-

-Г.Чулуунбат агсан та хоёрын хувьд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн гэх төрөөс олгосон эрхэм хүндэт шагналын урд монгол төрийн дуу хоолой, наадмын дуу хоолой гэх "гуншин" дагаж явдаг шүү дээ. Энэ нэрэндээ та хэр хайртай вэ?

-Би энэ нэрний сайхныг их залуудаа амталсан хүн. Радиод нэвтрүүлэгч болоогүй байхдаа энэ нэрийг сонсож байлаа. Ажилд орж төдийгөөс өдий хүртэл олон арван жил радиогийн хөтлөгч гэх тодотголын дор ажиллахад бичигдээгүй хууль гэдэг шиг бүх л нэвтрүүлэгч нарыг төрийн, ард түмний дуу хоолой гэж нэрлэдэг. Нэвтрүүлэгч болонгуутаа төрийн, ард түмэн эх орны дуу хоолой боллоо шүү дээ хэмээн бодож бахархаж байсан цаг үе саяхан мэт санагдавч аль хэдийнэ 40 гаруй жил өнгөрсөн байна. Энэ нэр маш бахдалтай. Манай мэргэжлийнхэн энэ нэрэндээ дуртай, хайртай, бахархалтай. Энэ бол ард түмний бидэнд өгсөн урам, шагнал юм даа.

-Монгол төрийн дуу хоолой гэх энэ эрхэм хүндтэй тодотгол өөрөөс тань гадна таны гэр бүл, аав ээжид маш том бахархал болж явдаг болов уу гэж би бодож байна?

-Тэгэлгүй яахав. Би 1980 оны нэвтрүүлэгч шүү дээ. Миний аав 1983 онд өөд болсон. Аав маань миний нэвтрүүлэгч болохыг үзсэн. Тухайн үед аав маань эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ байдаг байсан тул радио их сонсдог байсан юм. Ээж маань намайг 1980 оноос төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хөтлөгчөөр ажиллахад наадмын өглөө охиныхоо араас үргэлж сүү өргөдөг байсан. Наадмаар ээж маань их бодогддог.

-Баяр наадмаар төв цэнгэлдэх дээрээ л өнждөг байх. Ер нь өнгөрсөн хугацаанд гэр бүлтэйгээ, ижий аавтайгаа баяр наадмаа тэмдэглэх боломж гарч байв уу?

-Наадам тэмдэглэж чадсангүй дээ гэх бодол төрж байсангүй. Үнэн хэрэгтээ наадмаар энд л байдаг. Нэг сарын өмнөөс шахуу бэлтгэлдээ гардаг. Бид долоодугаар сарын 10-ны орой бэлтгэлээ хийгээд шөнө тардаг. Тэгээд яг наадмын өдөр найруулагчийн командаар өглөөний 06 цагт цэнгэлдэхдээ ирсэн байх ёстой байдаг. Бэлтгэлээ нэг сайн хийгээд л 11 цаг болохыг хүлээнэ. Ийнхүү төрийн наадам эхлэхэд цэнгэлдэх маань цэцгийн олон өнгө мэт алаглаад сайхан байдаг. Энд бүтэн ажилладаг учраас наадамлаж байгаа маань тэр. Түүнээс биш наадамлаж чадсангүй гэх бодол төрдөггүй. Хамгийн гоё наадам чинь бидэнд байдаг байхгүй юу. Өөрийн биеэр оролцож, халуун цэг дээр нь ажиллах шиг сайхан наадам хаана байх билээ. Тэр хэрээр хариуцлага тээнэ. Жил жилийн наадам сонирхолтой, хариуцлагатай, амттай, үр дүнтэй сайхан болдог.

-Хариуцлага гэдэг дээр асуумаар санагдлаа. Танд одоо хэр айдас, сандрал гэхээр зүйл байдаг уу?

-Залуу байхад биеэр мэдрэх айдас, сандрал их байдаг байсан байх. Олон жил хөтлөөд ирэхээр хэнэггүйтээд ирэхийн нэр биш л дээ. Гэхдээ хариуцлагын айдас тодорхой хэмжээнд байна. Ер нь наадам бүрийн хариуцлага шинэ. Наадам болж л байдаг, ингэж зарлаж л байдаг гэсэн зүйл байхгүй. Адаглаад л олон жил нэг Ерөнхийлөгчийнхөө нэрийг дуудсаар байгаад шинэ гарсан Ерөнхийлөгчийн нэрийг алдаж хэлвэл яаана. Энэ мэтээс авхуулаад хариуцлага өндөр. Бүх цаг минут тутамд хариуцлага тээж явна даа. Хариуцлага бүрийн ард амжилт, үр дүн үнэлгээ өндөр үлддэг. Тиймээс наадмаа сайхан болгохын тулд хариуцлага тээнэ. Тэр нь л айдас юм уу даа. Жилээс жилд л хариуцлага нэмэгдэнэ. Сулрана гэж байхгүй.

-Би багштайгаа наадмыг хөтөлдөг байсан бол одоо хүүтэй нь хөтлөх нь-

-Өнгөрсөн намар Г.Чулуунбат гуай тэнгэрт дэвшсэн. Энэ жилийн төрийн их баяр наадмыг тантай цуг хэн хөтлөх бол гэдэг асуулт олон нийтэд байгаа байх?

-Г.Чулуунбат агсан бол миний багш. Гараас нь хөтлөгдсөн бараг л ганц шавь нь шүү. Хүмүүс хүндэтгээд багшаа гэдэг л юм. Харин би багшийнхаа гараас нь хөтөлж нэвтрүүлэгч болсон хүн. Манай албаны дарга алтан хоолойт Гунгаа гэж хүн байсан юм. Албаны дарга маань Г.Отгоныгоо Г.Чулуунбатдаа шавь болгож өгнө өө гэж байсан юм. Хамгийн оргил нэвтрүүлэгч нь миний багш байсан л даа. Тэр үед алтан үеийнхэн тэр чигтээ л байсан. Олон дотор оргил нь гэж байдаг бол тэр нь миний багш байсан. Саяхан би Хэнтий аймгийн Баян-Адарга суманд болсон спортын арга хэмжээнд хөтлөгчөөр оролцохоор очсон юм. Тэгэхэд тэр нутгийнхан энэ жил Г.Чулуунбат агсны оронд тантай цуг хэн наадам хөтлөх вэ гэдэг асуултыг их асуусан. Хэн хөтлөхийг би сонгохгүй шүү дээ. Тухайн жилийн наадмыг найруулах найруулагч баг бүрэлдэхүүнтэйгээ ярилцаж байсан сонгоно шүү дээ. Одоо хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Миний багшийн төрсөн хүү, миний шавь нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун надтай хамт хөтөлнө. Өнгөрсөн жил багш маань шавьтайгаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаа хөтлөөд намар нь бурхан болсон. Аавынхаа үргэлжлэл болоод хүү нь надтай цуг унших болсон нь маш сайхан хувь тохиол. Ч.Идэрчулуун бол багштай их адилхан хоолойтой. Ген гэдэг айхтар зүйл байдаг юм байна. Тэр чигээрээ аав. Жаахан өөр зүйл гэвэл, арай залуу гэдэг утгаараа шингэн хоолойтой байх болох юм. Түүнээс биш тэр чигээрээ яг л аав дуугарна даа.

Нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун

-Таны шавь гэсэн үү?

-Тийм ээ. Анх хүүгээ радиод хөл тавихад нь багш "Би яаж хүүгээ шавилж аваад зааж сургах вэ дээ. Шавьдаа өгчихье" гээд надад шавь оруулж байсан юм. Түүнээс хойш олон жил радиогоор дуу хоолойгоо олон түмэнтэйгээ уулзаж, төрийн томоохон арга хэмжээнүүдийг хөтөлж байгаа шүү дээ. Их сайхан хоолойтой. Би энэ жил багшийнхаа дуу хоолойг яах аргагүй үгүйлнэ. Хүү нь яг адилхан дуугарахаар хүмүүсийн сэтгэл улам илүү хөдөлж, аавыг нь үгүйлж магадгүй. Нөгөө талдаа Г.Чулуунбат агсны дуу хоолой байгаа мэтээр бодож сайхан санагдах болов уу. Хүү нь үе залгамжил төрийн их баяр наадмаа хөтөлнө гэдэг бол ховор хувь тохиол. Би багштайгаа наадмыг хөтөлдөг байсан бол одоо хүүтэй нь хөтлөх нь байна. Хүү нь багштайгаа хөтөлж байна гэсэн үг шүү дээ.

-Дуу хоолойны хувьд ярих юмгүй адилхан юм билээ. Хааяа тогтож сонсоод андуурах ч юм уу үе байв уу?

-Ч.Идэрчулуун телевизэд далдаас зкадр их уншдаг байхгүй юу. Тэр үед заримдаа сонсохоор багш дугарав уу гэлтэй цочих шиг болдог шүү. Гэртээ телевиийн дуу чангахан тавьчихаад байж байхад гэнэтхэн багш дуугараад эхлэв үү гэлтэй сонсогддог. Зарим үед үнэхээр андуурам.

-Наадмын өглөө хүмүүс цуглахаас өмнө есөн хөлт цагаан тугандаа хамгийн эхэнд очиж мөргөдөг-

-Баяр наадмын үеэр хамгийн их сэтгэл хөдөлгөдөг агшин нь юу байдаг вэ?

-Наадам эхлэхэд есөн хөлт цагаан тугаа залах, жанжин штабын үлээвэр найрал хөгжим хангинах, Ерөнхийлөгчийг зарлах, үзүүр түрүүний хоёр бөх үлдэх, цэнгэлдэхэд хуран цугласан бүгд "Халуун элгэн нутаг" дуугаа дуулж төрийн их баяр наадмаа өндөрлүүлж байгаа мөчүүд торгон агшнууд хамгийн сайхан. Үнэхээр их сэтгэл хөдөлдөг.

-40 гаруй жил үндэсний их баяр наадмаа хөтлөхөд олон түмний энерги шингэсэн энэ цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд сүрдэж сүсэглэх мэдрэмж төрдөг үү?

-Би их сүжиг бишрэлтэй хүн л дээ. Ээж маань их сүжигтэй, сургамжит үг их хэлдэг хүн байсан юм. Олны дунд сайн ч хүн бий. Муу ч хүн бий. Санаандгүйгээр гомдоох ч юм уу тусгүй үг хэлбэл түүнд бүү гомдож бай. Амьдрал баян учраас их л зүйл тохиолдоно. Муу үйлийг сайнаар тайлж байгаарай гэж хэлдэг байсан. Түүнээс гадна их шүтлэгтэй, уул ус төрөө их шүтдэг дээдэлдэг хүн учраас хүндлэх дээдлэх бүхнийг өөрөөрөө их үлгэрлэдэг байсан юм. Намайг "Миний хүү ажлынхаа байрныхаа үүд хаалганаас авхуулаад уншдаг микрофондоо хүртэл залбираад мөргөж яваарай. Ширээндээ хүртэл мөргөж бай. Тэр чинь л миний хүүгийн хийморь лундаа шүү дээ" гэж их хэлдэг байв. Би хааяадаа ээжээрээ тоглоод "Ширээндээ мөргөх нь ч хаашаа юм бэ" гэдэг байв. Гэхдээ л микрофондоо мөргөдөг л байсан. Тэгээд зөвийн хажууд зөв л буй болно шүү дээ. Үргэлж зөв зүйл захиж сургадаг байсан учраас ээж маань бурхан болсон хойно ч энэ сургаалиуд нь арилаагүй, мартагдаагүй. Ээжийнхээ хэлснийг улам их боддог болсон. Тийм их сүжигтэй хүн чинь жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмаа хөтөлнө гэхээр тэр өдөржингөө дотроо ч сүсэлж залбирдаг. Наадмын өглөө есөн хөлт цагаан тугандаа хамгийн эхэнд очиж мөргөдөг. Бөхчүүд зүлэг ногоон дэвжээ гээд л мөргөдөгийн адилаар энэ сайхан хийморьтой талбайд дуу хоолой минь гардаг учраас үнэхээр их биширч, сүсэглэдэг. Надтай уялдаж холбогдсон маш том авшиг байгаа гэж би боддог.

-Наадмын дуусах мөчид хоргодох мэдрэмж төрдөг үү?

-Долоодугаар сарын 12-ны орой төрийн есөн хөлт цагаан тугаа төрийн ордон руу буцааж залахаар төрийн ёслолын цэргүүд ирж тугаа хураах мөчид эвгүй болдог. Гэхдээ яах вэ. Эргээд л ирдэг наадам. Ирэх жил эргээд л ороод ирнэ дээ гэсэн хүлээлттэй үлддэг дээ. Төрийн их баяр наадам гэдэг бол их аз завшаантай, ховор үйл ажиллагаа шүү дээ. Хэн хүссэн бүхэн нь төрийн их баяр наадмыг хөтлөхгүй шүү дээ. Хүн бүхэнд бэлгэшээх, зүйрлэн бодох зүйл байдаг. Миний хувьд тэр нь төрийн их баяр наадмыг жил дараалан хөтөлж буй явдал. Ард түмэнтэйгээ дуу хоолойгоороо холбогдох тийм л авшиг байна даа.

-Ярилцлагын сүүлийн хормыг тань үлдээе. Та наадамчин олондоо хандаж юу хэлмээр байна?

-Үндэсний их баяр наадам монгол хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг. Наадмын өдөр бүх л монголчуудын зүрх сэтгэл зүлэг ногоон дэвжээ дээр л байдаг. Сүүлийн жилүүдэд гадаадын жуулчид ч зорин ирэх нь элбэг болсон байна. Энэ хэрээр цэнгэлдэх маань багадаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн бол их буян хурсан сайхан газар. Гэхдээ олон хүнийг наадмаа үзэх боломжийг олгохын тулд цэнгэлдэхээ томруулах цаг болсон гэдгийг олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд илүүдэхгүй болов уу. Хэрэв шинэ цэнгэлдэх баригдах юм бол энэ цэнгэлдэх алтан түүх болж үлдэнэ л дээ. Нураалгүйгээр энэ чигээр нь хадгалах ёстой байх гэж боддог. Хэчнээн мянган хүн үзэж, хэдэн аварга энэ талбайд төрсөн байхав. Буурал зузаан түүхтэй газар. Цэнгэлдэх нь бус зай багтаамж нь хүрэлцээгүй байгаа юм. Түүнээс биш жил бүрийн наадам энэ цэнгэлдэхэд маш сайхан болдог шүү дээ. Би энэ цэнгэлдэх хүрээлэндээ хайртай.

Монгол наадмын дуу хоолой болсон Г.Чулуунбат гуай тэнгэрт дэвшсэн ч түүний дуу хоолой, зам мөрийг үргэлжлүүлэхээр түүний хүү Чулуунбатын Идэрчулуун энэ жилийн үндэсний их баяр наадмыг хөтлөхөөр болжээ. Тэгвэл бид аавынхаа үргэлжлэл болж яваа тэрхүү эрхэмтэй уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Үндэсний их баяр наадам хөтлөх санал тавихад өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн-

-Таны аав бол монголын ард түмний сэтгэл зүрхэнд өөрийн дуу хоолойгоороо хүрсэн хүн билээ. Аавынхаа үргэлжлэл болж энэ жилийн баяр наадмыг хөтлөхөөр болжээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Та бүхэнд тун удахгүй болох үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Аав маань Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Г.Чулуунбат билээ. Зуун дамнана хөтөлнө гэдэг шиг үндэсний их баяр наадмыг олон арван жил хөтөлсөн хүн. Өнөөдөр тэнгэрийн орноос хүүгээ хараад баярлаж байгаа байх. Баярлалгүй л яахав. Аавынхаа дуу хоолойн үргэлжлэл болж төрийн их баяр наадмаа хөтөлнө гэдэг бол нэр төрийн хэрэг. Анх надад санал тавихад нь нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд ирсэн. Ямар том хүндэтгэл, ямар том итгэл, хариуцлага вэ. Би аугаа Г.Чулуунбат гэдэг хүний хаана нь ч хүрэхгүй боловч адилхан дугарах юм сан гэх хүсэлт эрмэлзлэлээр наадамчин олонтойгоо уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна. Энэ бол маш том завшаан гэж ойлгож байна. Мэдээж мэргэжлийн нэвтрүүлэгч хөтлөгч хүний хувьд аливаа баяр ёслолын арга хэмжээнд байнга ажилладаг. Энэ удаа төрийн их баяр наадмын нээлтийг аавынхаа шавь Г.Отгон эгчтэйгээ хөтлөх болсон нь нэр төрийн хэрэг юм.

-Маш ховор хувь тохиол. Энэ хэрээр танд маш том үүрэг хариуцлага ирж байгаа болов уу гэж бодож байна. Бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Бэлтгэлүүд маань маш сайхан явагдаж байгаа. Өдөр бүр цэнгэлдэхдээ ирж найруулагчтайгаа ярилцаж бэлтгэлээ хийж байна. Хоолойгоо гамнаад бэлтгэл дээрээ 50-60 хувьтай дуугарч байгаа бол наадмын өдөр хоолой маань 100 хувь дуугарна. Энэ завшааныг ашиглаад төрийн их баяр наадмын маань хүндэтгэлийн тоглолт энэ сарын 10-ны өдөр Соёлын төв өргөөнд болно гэдгийг уламжилья.

-Басхүү сонин тохиолдол нь Г.Отгон эгч өөрийн тань багш. Өөрөөр хэлбэл та багштайгаа цуг хөтлөх гэж байгаа юм байна?

-Монголын радио телевизийн түүхэнд олон олон мундаг нэвтрүүлэгч нар бий. Бид тэднийгээ алтан үеийнхэн хэмээдэг. Тэрхүү алтан үеийнхэн дунд аав маань ч байлаа. Алтан үеийнхний залгамж халааг миний багш, Г.Отгон нэвтрүүлэгч маань болон түүнээс доош Бямбацогт, Гантигмаа гээд л бид нар үе залгамжлаад явж байна. Намайг анх Монголын үндэсний радио телевизид нэвтрүүлэгчээр орж байхад Г.Отгон багш маань хажуудаа авч зааж сургаж байсан. Энэ утгаараа багштайгаа үндэсний их баяр наадмаа хөтлөх болсон нь миний хувьд ховор хувь тохиол басхүү аз завшаан.

Маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшин 10 см давах төлөвтэй байна
Маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшин 10 см давах төлөвтэй байна
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.