Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д үүссэн 2.8 их наяд төгрөгийн өрийн асуудлаар хуульч Б.Мөнхзаяатай ярилцлаа.
-Улсыг 2.8 их наяд төгрөгийн өрөнд унагааж, мөнгө угаасан этгээд хоног хожиж байна-
-Засгийн газар 2014 онд концессын гэрээгээр Кью Эс Си компанид 30 жилийн хугацаатай ашиглуулахаар өгсөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ өнгөрсөн онд гэрээг цуцалж буцаан авсан. Ингэхдээ 2.8 их наяд төгрөгийн өртэй үйлдвэрийг төр Кью Эс Си ХХК-иас буюу товчхондоо Д.Эрдэнэбилэгээс авсан. Харамсалтай нь Д.Эрдэнэбилэг гадаад гараад явчихсан. нөхцөл байдал ямар шатандаа байгаа вэ?
-Юун түрүүнд Д.Эрдэнэбилэгт авсан хилийн хоригтой холбоотой асуудлыг хөндөж байгаа учраас ээн тухай тодруулга өгөх нь зүйтэй байх. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол хохирогч тал. Кью Эс Си ХХК-тай холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт 21 хүн 2 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн процесс явагдаж байна. Харамсалтай нь энэ ажиллагаа зогсонги байдалд орсон. Учир нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа дээрх 21 хүний нэг болох Д.Эрдэнэбилэг 2023.02.09-ний өдөр хилийн хориг нь цуцлагдаад 14 хоногийн хугацаатай Сингапурт эмчлүүлнэ гэж хэлээд явсан байдаг. Хуулиараа 2 дугаар сарын 23-ны өдөр эргэж ирэх ёстой байсан атал өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ерөнхийдөө зогсчихоод байна. Энэ байдал хэнд ашигтай вэ гэхээр холбогдогч этгээдүүдэд ашигтай болж харин хохирогч талд хортой зүйл болж байна.
Хохирогч тал буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмч хөрөнгө 2.8 их наяд төгрөгөөр хохирчихсон гэсэн үг. Энэ өмч хөрөнгийн асуудал нь угтаа Монголын ард түмний л өмч. Энэ утгаараа улс өнөөдөр 2.8 их наяд төгрөгөөр хохироод байгаа юм.
2014 онд байгуулсан концессын гэрээгээр Кью Эс Си компани нийт зургаан үүргийг хүлээж ажиллахаар гэрээнд тусгасан байдаг. Тухайлбал Дарханы төмөрлөгийн гэгдэх гурван орд газар байдаг. Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд гэж бий. Эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 3 саяас доошгүй тоннын хүдэр олборлоно. Мөн жилдээ 1.5 саяас доошгүй тоннын хуурай болон нойтон аргаар хүдэр баяжуулах баяжмалын үйлдвэр барьж өгнө гэсэн байдаг. Дараа нь үйлдвэрт шаардлагатай өргөтгөлийг хийнэ. Цаашлаад хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргана гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ашигтай ажиллахад шаардлагатай төмөр зам, авто зам, агаарын шугамыг барьж өгнө гэж амласан байсан.
Тус компани концессын гэрээний дагуу бол 30 жилийн хугацаатай ажиллах ёстой байсан гэж тооцвол 2044 он хүртэл тус үйлдвэрийг ажиллуулахаар байсан. Гэтэл гэрээг МУ-ын Засгийн газраас 2022 оны 4 сард тогтоол гарч цуцалсан. Гэрээг цуцлах болоход аль нэг талын буруутай үйл ажиллагаа яригдах ёстой. Хууль зүйн хувьд авч үзвэл концессын гэрээг цуцалсан үндэслэл нь гэрээнд заасан 11.2, 11.3 гэдэг заалтууд хөндөгддөг.
Тодруулбал, 11.2 дахь заалтад төсөл хэрэгжүүлэгч компани хоёроос доошгүй жил зогсонги байдалд орсон. Цаашид төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас Засгийн газраас концессын гэрээг цуцлах арга хэмжээг авна гэж заасан байдаг.
Гэтэл нийгэмд нэг өрөөсгөл ойлголт төрүүлж буй мэдээлэл нь гангын үйлдвэр барих гээд хэвийн ажиллаж байсан компанийг төр гэрээг нь цуцлаад булаачихлаа гэж ойлгодог. Яг үнэндээ Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цаашид ажиллуулах боломжгүй болчихсон байсан. Тиймээс нэг талаас төр ард түмний өмчийг хамгаалахын тулд гэрээг цуцалсан гэсэн үг. Үүний араас 11.3 дахь заалт яригдах ёстой болно. Уг заалтад хэрвээ дээрх үндэслэлээр Засгийн газар гэрээг цуцлах болбол ямар нэгэн нөхөн төлбөрийг концессын эрхийг хэрэгжүүлэгч Кью Эс Си гэдэг компанид өгөхгүй гэсэн заалт.
-Ингээд төрийн эрх бүхий компаниас 8 жилийн хугацаатай хяналт шалгалт оруулахад Кью Эс Си компани улсад 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг юм.Зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өрөнд оруулсан асуудал дээр авч шалгахад нийт 312 хуудас бүхий хавтаст хэрэг үүсчихсэн байна.
Прокуророос Д.Эрдэнэбилэгийг болон холбогдогчдыг яллагдагчаар татахдаа тогтоол дээрээ "Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлджээ" гэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл анхнаасаа гангын цогцолбор барих хүсэл зориггүйгээр зүгээр л хүдрийг нь урагшаа экспортолж гарган ашиг олох гэсэн сонирхолтой байсан нь нотлогдож буй юм.
-2.8 их наяд төгрөгийн өр ер нь яагаад үүсэх болсон юм бэ,үндэслэл нь юу байв?
-Хамгийн эхэнд концессын гэрээг өөрчилсөн. Өөрчлөхдөө тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд мөн оролцсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл анхны гэрээ барих, ашиглах, шилжүүлэх гэж байсныг сүүлийн хувилбараар барих, шилжүүлэх болгож хувиргасан. Товчхондоо Кью ЭС Си компани бүтээн байгуулалтын зардлаа төрөөс 280 орчим тэрбум төгрөгийг авчихсан. Энэ бол эхний гэмт үйлдэл нь.
Дараа нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр Худалдаа Хөгжлийн банкнаас 69 сая ам.долларын зээл авдаг. Өөрөөр хэлбэл үүнд төгрөгийн болон ам.доллароор авсан зээлийн асуудал давхар яригддаг. Жишээ нь 69 сая ам.долларын зээлийн хүүд 50 тэрбум төгрөг төлөхөөр болсон байдаг. Тухайн үеийн ханшаар 176 тэрбум төгрөгийн зээлийг ам.доллар хэлбэрээр авсан гэсэн үг. Харин Монгол төгрөгөөр зээлж авсан зээлийн хүү нь 168 тэрбум төгрөг. Одоог хэр нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр тус зээлийг төлөөгүй. Зөвхөн хүүг нь төлж байгаа.
Хамгийн том гэмт үйлдэл нь тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээрх зээлийг авсан өдрөө шууд Кью Эс Си компанийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь дансны баримтаар тогтоогддог. Хамгийн энгийнээр тайлбарлахад ээн компани банкнаас өөртөө зээл гаргуулж авахын тулд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр дамжуулж авсан гэсэн үг. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр уг нь өөрийнх нь эзэмшилд байгаа үйлдвэр шүү дээ. Иргэд маань мэдэж л байгаа. Худалдаа хөгжлийн банкны захирал сахал Д.Эрдэнэбилэг гэдгийг. Товчхондоо улсын үйлдвэрээр мөнгө угааж, эргүүлж өгөхдөө өртэй үлдээсэн л гэсэн үг.
-сахал Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцалж, хугацаа хожих боломж олгосон шүүгчийг АТГ-т өгч шалгуулна-
-Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тогтоосон байсан атал СБД-ийн ерөнхий шүүгч 3 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө авч үлдээд хилийн хоригийг н цуцалчихсан ауудла үүссэн нь анхаарал татаж байна. Яагаад ийм зүйл болсон юм бэ?
-Д.Эрдэнэбилэг тухайн үед эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байна гэж хүсэлт гаргасны дагуу прокуророос 14 хоногийн хугацаатай хилийн хоригийг нь цуцлах шийдвэр гаргаж Сингапур руу явуулаад улмаар барьцаа хөрөнгөд гурван тэрбум төгрөг авч үлдсэн юм билээ. Мэдээж хуульд тухайн этгээдэд олгосон хугацаа дуусгавар болсон тохиолдолд барьцаа хөрөнгийг улсын орлого болгох ёстой л доо. Харамсалтай нь 2.8 их наяд төгрөгийн хохирол улсад учруулсан этгээдээс 3 тэрбум төгрөг буюу 0.1 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгө авч үлдээд явуулна гэдэг сонин. Дүүргийн ерөнхий шүүгч түүнийг яагаад ингэж шийдвэрлэв гэдэг нь сонин. Тиймээс бид хардах эрхийнхээ хүрээнд СБД-ийн ерөнхий шүүгчийг АТГ-т өгч шалгуулна.
-Одоо хэрэг ямар шатандаа байгаа вэ? Д.Эрдэнэбилэгийг ямар аргаар авч ирэх боломж байна гэж харж байна?
- Эзэн холбогдогч этгээд нь байхгүй байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогсонги байдалтай байна. Хил давснаас хойш 4 сар өнгөрлөө. Бид Засгийн газрыг" таван ш" ажиллагааныхаа хүрээнд "шувуу" ажиллагаагаар авчрах боломжийг судлаасай гэж хүсэж байгаа. Эцэст нь хэлэхэд хоног алдах тусам бидэнд хүндрэлтэй байгаа гэдгийг хэлмээр байна.